Эгийн голын эхлээгүй төсөлд зарцуулсан 78.2 тэрбум
Эртээ урьдын цагт гэж үлгэр эхэлдэг. Тэгвэл Эгийн голын усан цахилгаан станцын “үлгэр” ХХI зууны эхээр юмсанж хэмээн эхлэнэ.
300 САЯЫН ХЭЛЦЭЛ БА ЗАСГИЙН ГАЗРЫН ГАЦАА
Булган аймгийн Хутаг-Өндөр сум Эг, Сэлэнгийн бэлчирт Хантай багийн нутагт баригдах учиртай Эгийн голын усан цахилгаан станц өдгөө “33 настай”. Тус станцын тухай анх 1991 оноос л ярьж эхэлсэн. Тэр ч бүү хэл Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар ТЭЗҮ-ийг нь боловсруулсан байна. Цаашлаад нарийвчилсан судалгаа, тендерийн бичиг баримт боловсруулахад шаардагдах санхүүжилтийг авах тохиролцоонд хүрч, 1992 оны дөрөвдүгээр сард зээл, тусламжийн гэрээнд талууд гарын үсэг зурснаар 1994 онд Эгийн голын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төслийн судалгаа, тендерийн бичиг баримтыг боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, 1991-1995 оны хооронд гаргасан анхны ТЭЗҮ-д 5.2 сая ам.доллар зарцуулсан бөгөөд 3.8 сая нь хөнгөлөлттэй зээл, 1.4 нь буцалтгүй тусламж байсныг төслийн нэгжийн захирал асан Д.Одхүү 2016 оны тавдугаар сард “ikon.mn” мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Мөн тэрбээр “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барьж байгуулах анхны үнэлгээ 327.8 сая ам.доллар байсан гэлээ. Ингээд 1992-1995 онд Швейцар, Итали, Монголын компаниуд ТЭЗҮ болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн төслийг хэрэгжүүлэхээр болсон ч “Хөрөнгийн асуудал шийдэгдээгүй” гэх шалтгаанаар “нам” зогссон байдаг.
Бүр анхандаа Малайз Улс 300-600 мегаваттын усан цахилгаан станцыг 350 сая орчим ам.доллараар барих тооцоолол гаргасан” гэдгийг ч мөн хэлэх хүмүүс бий. Тухайн үед буюу 1990-ээд оны эхэн гэсэн үг. Монгол Улс ядуу буурай орны нэг учраас хөрөнгө оруулалт олно гэдэг мянгуужингийн үлгэр л дээ. Харин малайзчууд гурван жилийн дотор 450 мегаваттын усан цахилгаан станц барьж өөрсдөө 18 жил ажиллуулаад өртгөө нөхсөний дараа монголчуудад бүрэн хүлээлгэж өгөхөөр тохирсон юм билээ. Гэвч энэ “зүүд” байсан гэхэд буруудахгүй. Үүнд бишгүй л учир шалтгаан бий гэлцдэг.
Үүнээс хойш “10 орчим настай” Эгийн голын станцыг хөлд оруулчих санаатай оролдлого хийсэн ч дахиад л бүтэлгүйтсэн байна. Тодруулбал, 2006 онд Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан, Хятадын компаниуд шалгарчээ. Тэр ч бүү хэл, 2007-2008 онд Азийн хөгжлийн банкнаас 486 сая төгрөг авч 220 МВт-ын ТЭЗҮ хийгдсэн хэмээн эх сурвалж хэлж байна.
Харамсалтай нь Засгийн газар солигдсоноор төслийг зогсоон батлагдсан төсвийг барилгын салбарт оруулснаар Эгийн голын усан цахилгаан станцын төсөл нам гацаж зогсох шалтгаан болсон гэдэг. Үүнд төслийн нэгжийн ажиллагсад болоод салбарын мэргэжилтнүүд, нутгийн иргэд ч эрс дургүйцлээ илэрхийлж байсан тухай хүмүүс ярьдаг юм билээ. Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн дэд захирал Л.Жамбаа “Эгийн голын усан цахилгаан станц өдий хүртэл бүтээн байгуулалт хийж чадахгүй “царцсан” нь засаглалын залгамж чанар байхгүйгээс нийгэмд учрах өндөр эрсдэл улс орны эдийн засаг, хүмүүсийн амьдралд хэрхэн тусч байгааг бэлхнээ харж байна. Хамгийн гол нь хэвийн явах боломжтой төслийг гацаасан хэрнээ Шүрэнгийн цахилгаан станц хэмээх шинэ төслийн талаар ярьж байсныг түүх гэрчилнэ. Гэтэл одоо “Эг”-ийнх ч алга, “Шүрэн”-гийнх ч алга” гэв.
Монгол Улсын Засгийн газрын 375 дугаар тогтоолоор “Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилготой”-гоор Эгийн голын усан цахилгаан станц барих шийдвэр гарч байв. 2013 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр тус тогтоолыг баталж төслийн нэгж байгуулан албан ёсоор ажлаа эхлүүлсэн түүхтэй. Стратегийн өндөр ач холбогдол бүхий “Эг”-ийн станц “хөлд орох” гэж дахиад долоон жил хүлээсний эцэст албан ёсны төслийн нэгжтэй болж дарга, инженер гээд 10-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхлүүлсэн байна. Үндсэндээ 22 жилийн дараа “хэлд” орох найдвар төрүүлсэн нь гурав дахь удаагийн оролдлого байлаа. 2017 онд зохион байгуулагдсан “Технологи, хөрөнгө оруулалт Монгол-2017” олон улсын хуралд тухайн үеийн төслийн нэгжийн инженер, техникийн албаны дарга Д.Будхүү оролцох үеэр “Өмнө нь хийсэн байгаль орчны судалгааг шинэчлэх шаардлагатай. Учир нь төслийн нийт өртөг шинэчилсэн ТЭЗҮ-гээр 827 сая төгрөг. Үүнээс 48 хувь нь барилга угсралтад, 30 хувь нь тоног төхөөрөмжид зарцуулагдана” хэмээн тэрбээр мөн хэлж байв.
703 САЯ АМ ДОЛЛАРЫН “БУЦСАН” ШАЛТГААН
2015 онд энэ төслийг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тохирч байсныг тухайн үеийн төслийн ажилтан хэлж байна. Тодруулбал, БНХАУ-ын Экспорт импорт банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлийн 703 сая орчим ам.долларыг Эгийн голын усан цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Энэ нь Эгийн голын төслийн санхүүжилтийн 85 хувьтай дүйцэж. Харин үлдсэн 15 хувийг нь Монгол Улсын Засгийн газар гаргаснаар төсөл “замдаа” гарах ёстой байлаа. Энэ бол 2015 он.
Эрт дээр үед хийлгэсэн анхны ТЭЗҮ-тэй Эгийн голын усан цахилгаан станцад Францын “GDF Suez’’-ийн охин компани “Трактебел инженеринг” зөвлөж хоёр үе шаттай хэрэгжих 220 МВт-ын төслийн суурилуулах хүчин чадлыг 315 МВт болгосноор өмнөх ТЭЗҮ нь 95 хувь өөрчлөгдсөн байна. Тодруулбал, усны нөөцийн судалгаагаар ойролцоогоор 600-610 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Усан цахилгаан станцын далан 103 метр өндөртэй, тэнхлэгийнхээ дагуу урт нь 740 метр, хиймэл нуурын усны түвшин 910 метр бөгөөд цэвэр усны нөөц нь 5.7 тэрбум куб метр хэмээжээ.
Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар төвийн бүсийн эрчим хүчний системийн 35, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээр буюу нүүрсхүчлийн хий агаарт цацахгүйгээр үйлдвэрлэх төсөл хэмээн Франц зөвлөх үзжээ. Тэдний тооцоолсноор төслийн нийт өртөг 827.6 сая ам.доллар. Усан цахилгаан станцыг 50 жил ажиллана хэмээн тооцжээ. Харамсалтай нь цаасан дээр зурж дүрсэлсэн “уран зураг”. Нүд эрээлжлэм олон тооноос өөр “гялтайх” нэг ч зүйл алга.
2020 ОНООС ТӨСВИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ БОЛЖЭЭ
Манай үе үеийн Засгийн газар Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлнэ хэмээн бодлогын баримт бичигтээ “уйгагүй” тусгаж иржээ. “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр (2018-2023)-т, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” гээд тусгахгүй бичиг баримт гэж үгүй. Тэр ч бүү хэл жил бүрийн Төсвийн тухай хуульд ч багтсаар яваа. Эгийн голын усан цахилгаан станц ТӨХХК 2020 оноос үйл ажиллагааны зардлаа улсын төсөвт тусгуулж эхэлжээ. 2020-2022 онд нийт тэрбум гаруй төгрөгийн санхүүжилттэй байсныг албаны эх сурвалж хэлсэн юм. Эгийн голын усан цахилгаан станц ТӨХХК нь Эрчим хүчний яаманд харъяалагддаг. Тиймээс үйл ажиллагааны санхүүжилтээ харъяа яамны санхүүгээс авдаг байна. Тодруулбал, 2023 оны дөрөвдүгээр сард 658.910.000 /зургаан зуун тавин найман сая есөн зуун арван мянган төгрөг/-ийг нэгдүгээр улирлын үйл ажиллагааны зардалд зарцуулсан бол өнгөрөгч арваннэгдүгээр сард 349.329.190 /гурван зуун дөчин есөн сая гурван зуун хорин есөн мянга нэг зуун ер/ төгрөгийн санхүүжилтийг Эрчим хүчний яамнаас шилжүүлсэн байна.
Өдгөө тус төслийн төсөвт өртөг нь 2.5 их наяд төгрөг. Төсөл ашиглалтад орсноор жил бүр ОХУ-д төлдөг 25-26 сая ам.долларын импортын төлбөрийг хэмнэнэ хэмээн “лоозогносон” байдаг юм билээ. Нөгөөтэйгүүр төслийн нэгжийг төрийн өмчит компани болгон өөрчилсөн ч бодит үр дүн харагдахгүй долоон жилийн нүүр үзжээ. Өөрөөр хэлбэл, 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн Засгийн газрын 117 дугаар тогтоолын дагуу “Эгийн голын усан цахилгаан станц” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болжээ.
33 жилийн түүхтэй Эгийн голын усан цахилгаан станц харин 2013 оноос бодит ажлын байрыг бий болгосон гэж болно. Гэвч улсын эдийн засагт зардал болж тусахаас өөрөөр гавихгүй байгаа нь анхаарал татна. Магадгүй элдэв учир шалтгаан тоочих л байх. Гэхдээ гурван жил биш 33 жил жаахан наашлуулъя гэвэл 11 жил чухам юу амжуулав. Төслийн бүтээн байгуулалт сүндэрлэх Хантай багийн нутагт 88 өрхийн 300 гаруй хүн “нүүх үү, суух уу” гэдгээ шийдвэрлэж чадахгүй өнөөдрийг хүрсэн нь бодит үнэн. Дорвитойхон байшин барьчихдаг “Нүү” гэвэл хайран хөдөлмөр, хайран цаг хугацаа болно гэж хүлээсээр сууна хэмээн нутгийн иргэн ярьж байв. Учир нь БОНБ-ын үнэлгээг 2014 онд болон 2019 онуудад хийжээ. Үүний дагуу тухайн багийн Ерөнхий төлөвлөгөөг шинэчлэхээр баталсан байдаг. Тиймээс багийн иргэдийн суурьшил, байршил өөрчлөгдөхтэй холбоотой нөхөн олговорын асуудал яригдаж байсан ч өнөөдрийг хүртэл тэд Эгийн голын усан цахилгаан станц баригдах эсэхийг ч мэдэхээ байжээ.
СҮҮЛИЙН 11 ЖИЛИЙН ХУГАЦААНД ЮУ АМЖУУЛСАН БЭ?
Компанийн 2019 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээс харвал цалингийн нэмэгдлийг үр дүн тооцолгүй 100 хувиар хавтгайруулан 226.5 сая төгрөгийг олгосон зөрчлийг арилгуулах албан шаардлага хүргүүлсэн байна. Түүнчлэн тайлант хугацаанд нийт өр төлбөр дөрвөн тэрбум төгрөгөөр өссөн бөгөөд богино хугацаат өр төлбөр 237.4 сая байгаа нь 2016-2018 онд үүссэн “Тул хамгаалах сан” болон “Баясал төгс” компанид төлөх 92.7 сая төгрөг гэдгийг аудитын тайланд дурджээ.
Харин урт хугацаат өр төлбөрийн үлдэгдэл 2019 оны байдлаар 35.2 тэрбум төгрөг бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийн нийлбэр аж. Хэдийгээр хөгжлийн банкинд өртэй байгаа ч нэмж зээл авахаар судлагдаж байгаагийн зэрэгцээ дэмжигдэх магадлалтай гэдгийг ч мөн дүгнэлтэд тусгасан байна лээ.
Тэгвэл тус компанийн 2021 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтэд Хөгжлийн банкнаас авсан 10.6 сая ам.долларын үндсэн зээл 4.5 сая ам.долларын зээлийн хүүгийн өр төлбөр нь хугацаа хэтэрсэн ангилалд орсныг дурджээ. Тиймээс Хөгжлийн банкнаас 2017 онд зээлсэн 10.6 сая ам.долларыг Эгийн голын голын усан цахилгаан станцын ТЭЗҮ, биологийн олон янз байдлын судалгаа хийлгэхэд 14.8 сая төгрөг, үндсэн хөрөнгө бэлтгэхэд 469.1 сая төгрөг, цалин, шимтгэл, бусад холбогдох зардалд 14.9 сая төгрөгийг тус тус зарцуулсан гэдгийг тодотгожээ. Аудитаар 14.8 тэрбум төгрөгийн таван алдаа зөрчил илэрсэн бөгөөд 2.6 тэрбумын хоёр зөрчлийг залруулсан байна. Тиймээс 12.2 тэрбум төгрөгийн гурван алдаа, зөрчлийг арилгах зөвлөмж Үндэсний аудитын газраас өгчээ.
Ямартай ч аудитаар шалгуулж, алдаа зөрчлөө арилгахаар ажилладаг. Төслөө хөдөлгөх, бүтээн байгуулалт хийх ажлыг эхлүүлэх гээд бүхий л боломж бололцоог эрэлхийлж ажилладаг тухай “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал М.Баттулга ярьж байна.
ТӨСЛИЙН НЭГЖ БОЛСОН ЦАГААС ХОЙШ САНХҮҮЖИЛТЭЭР ТАСАРСАНГҮЙ
Бизнес гэдэг ашиг олохын төлөө ажилладаг механизм. Энэ нь ТӨХХК болон төслийн нэгжид огт хамаарахгүй гэсэн “дүрэм” байхгүй. Тэр ч бүү хэл “бичигдээгүй дүрэм” ч байхгүй. Мэдээж “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК нь төслийн нэгж болсон цагаас л зээл, тусламж, санхүүжилтээр тасарсангүй. Харин түүнийг хэрхэн юунд зарцуулж байгаа нь сонирхол татна. Тухайлбал, төслийн нэгж байхдаа буюу 2014 оны тавдугаар сарын 9-нд 314.4 сая төгрөгийг Байгаль хамгаалах санд бэлэг дурсгалын зориулалтаар шилжүүлсэн нь Эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгжийн худалдаа хөгжлийн банк дахь хуулгаар нотлогдсоныг “Зууны мэдээ” сонины 2022 оны тавдугаар сарын 9-ний дугаарт нийтлэгджээ. Өндөр өртөг бүхий бэлгийг хэнд зарцуулсан бол.
Мөн тэрбум 256.2 сая төгрөгийг “Хоган Ловеллс Монголиа” гэдэг гадаадын хөрөнгө оруулалттай хувь нийлүүлсэн хуулийн нөхөрлөлд “Хуулийн зөвлөх үйлчилгээний төлбөрт” төлсөн байна. Гэвч тухайн нөхөрлөл нь хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлөө аваагүй байжээ. Энэ талаар Хөгжлийн банкны сонсголоор яригдаж байсан юм. Энэ мэтчилэн зөвлөх үйлчилгээний зардал гаргахаас гадна, худалдан авалт, цалин хөлс, гадаад, дотоод томилолтын зардал гаргасаар иржээ. Эдгээрийг буруутгах гэсэнгүй. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил, гадаадын зөвлөх үйлчилгээ, цалин хөлс гээд аж ахуйн нэгж л болсон хойно зарлага гаргах нь зүйн хэрэг. “Эг”-ийнхэн нийт санхүүжилтээ төслийн барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай техник, эдийн засаг, байгаль орчны судалгаа, үнэлгээ, хайгуул, авран хамгаалах ажлыг хийхэд зарцуулсан гэдэг. Тухайлбал, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, дэд бүтцийн трассын дагуух байгаль орчны үнэлгээнүүдийг хийлгэж БОАЖЯ-ны дэргэдэх Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний зөвлөлөөр батлуулжээ. Мөн Археологи, палеонтологийн хайгуул, авран хамгаалах ажил болон угсаатан зүй, мод, бут сөөг, загас, усны амьтдын амьдрах орчныг хамгаалах судалгаануудыг тусгайлан хийж гүйцэтгэснээс гадна төслийн талбарт газрын чанарын улсын хянан баталгааг хийлгүүлэн холбогдох байгууллагаар батлуулсан. Төслийн талбарт оршиж байгаа Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн төвийг шинэ байршилд нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой суурьшлын мастер төлөвлөгөө, инженер, геодези, геологийн судалгааг хийж гүйцэтгэн, батлуулсан гээд зайлшгүй л хийх ажлууд нь. Хамгийн ихээр тээг болдог асуудлаа цэгцлэхээр мөн судалгаа, шинжилгээнд хөрөнгө зарцуулан хэд хэдэн удаа гадаад томилолтод явсан аж. Энэ нь төслөө хөдөлгөх гарц гаргалгааг л хайж боломжит хувилбаруудыг судалсаар байгаа алхам нь гэдгийг ч М.Баттулга захирал хэлж байна лээ.
Эгийн голын Усан цахилгаан станц өнөөдрийг хүртэл ийнхүү гацаад байгаагийн гол шалтгаан Дэлхийн өвийн хорооноос зөвшөөрөхгүй явсаар ирсэнтэй холбоотой. Учир нь Байгаль нуурын усны хэвийн урсацад нөлөөлөх эсэхэд өмнө хийсэн судалгаа шинжилгээ, байгалийн олон янз байдалд сөрөггөөр нөлөөлөхөөр байсан гэдэг дүгнэлтүүд тус станцыг цааш хөдөлгөхөд том гацаа болдог гэсэн тайлбар юм. Харин 2021 онд Дэлхийн өвийн хорооноос дахин нэмэлт судалгаа хийх шийдвэр гаргасан нь манай улсын хувьд том боломж болсон гэдэг. Ингэснээр Дэлхийн өвийн хорооны 39-41 дүгээр чуулганаас гарсан зөвлөмж, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд ЭГУЦС төслийн үзүүлэх нөлөөллийн нэмэлт судалгааны ажлыг тендерт шалгарсан Франц Улсын “БРЛ инженеринг” компани, Монгол Улсын “Престиж инженеринг” ХХК, “Санни трейд” ХХК-ийн компанийн түншлэл Зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу гүйцэтгэж судалгааны тайланг 2022 оны дундуур бэлэн болгожээ.
Одоогоор судалгааны тайланг Дэлхийн өвийн хороонд хүргүүлсэн байна. Дэлхийн өвийн хороо энэ оны зургадугаар сард Узбекстанд хуралдах хүлээлттэй байгаа гэж тус станцын гүйцэтгэх захирал М.Баттулга ярьсан юм. Тус тайланд Сэлэнгэ мөрний урсац хэвийн байх үнэлгээг цаг, хоног, сар, жилээр хэмжиж нарийвчлан гаргасан гэдгийг мэргэжилтэн онцолж байсан юм.Өөрөөр хэлбэл, станц байгуулагдсанаар секундэд урсах урсац байгуулагдаагүй үеийнхтэй ижил түвшинд байх шаардлага чухал.
ЦААСАН ДЭЭР "БАРЬСАН" ЭГИЙН ГОЛЫН УСЦ
Байшингийн суурь ч цутгаагүй атлаа багадаа 10 жил компани болтлоо өргөжсөн “Эг”-ийн станц зээл, тусламжаар хийсэн ажлууд нь үнэгүйдэж, үргүйдсээр. Хугацаа хэтэрсэн зээлийн ангилалаас чанаргүй ангилалд шилжитлээ санхүүгийн чадавхгүй болсон компани Хөгжлийн банкнаас нийт 17.6 сая ам.долларын зээл авсан нь өдгөө 60.1 тэрбум төгрөгийн өр болон үлджээ.
Цаасан дээр "барьсан" Эгийн голын усан цахилгаан станц өр үйлдвэрлэж, ой тэмдэглэдэг мөрөөдлийн зурагтай газар болох уу.
Олон арван жил хөөцөлдөөд яагаад бүтээгүйг ил тод хэлдэггүй. Ард түмэнд өр үрүүлж бүтэхгүй төслүүдээр амьжиргааддаг явдлыг төр удирддаг. Одоо ч дүүжин эсвэл агаарын тээвэр гэх төслүүд мөнгө угааж л байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Sainzorig [103.137.83.204] 2024-01-27 18:30:10
Naana chin Odhuutei ajillaj baisan mergejiltenguud ni hurtel saytan bolson. Avgai nar nar ni gadagshaa yavj shoping hiideg bolson bnlee. Odoo erdmin kompaniig samarch baigaa kk
Зочин [59.153.112.30] 2024-01-26 16:38:06
Улсын мөнгө чинь иймэрхүү байдлаар алга болдогийн тод жишээг бид Банкны болон нүүрсний сонсголоор харсан цаашид энэ байдал үргэлжлээд байвал хэцүү л юм даа
Зочин [202.70.44.46] 2024-01-26 17:48:36
Инженерийн байгууламж мөнгө зарцуулж байж л босдог. Энд харин хэн хэн яаж самарсныг бичсэнгүй
Зочин [66.181.161.27] 2024-01-26 15:16:20
Мөнгө идэх л нэг суваг юм шив дээ. Утааны бизнис шиг.
Зочин [202.9.40.104] 2024-01-26 13:04:48
Одхүү гэдэг гахай л тансаглаад байсан шүү.