Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү?
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлдлээ. Яг одоо бол намуудын жагсаалтад хэн хэн бичигдэх, аль тойрогт хэн хэн өрсөлдөх нь тодорхой болоогүй байна. Хуулиараа ийм юм. Гэсэн хэдий ч тойргоо, жагсаалтаа “чеклэж” авсан гэх горилогчдын нэр ус албан бусаар яригдаж л байна.
Энэ жил тойрог томорсноос уу, гишүүдийн тоо олон болсонтой холбоотой юу, нэр дэвшихийг хүсэгчид тойм алга. Хаа сайгүй улс орон, нутаг ус ярьсан “улстөрчид” хөлхөлдөж байна.
Ер нь бол энэ сонгуульд хэн хаана нэр дэвшихийг, эсвэл “жагсах”-ыг намын дарга нар л мэднэ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Лу.Гантөмөр нарт энэ эрх бий гэсэн үг. Магадгүй Үндсэн дүрмүүдэд нь өөр өөр зүйл заалт байж болох юм. Гэвч угаасаа улс төрийн нам гэдэг босоо тогтолцооны тод жишээ шүү дээ. Тэр утгаараа, ялангуяа УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг намын дарга л шийддэг. Ингэж ирсэн.
Гэхдээ генсек нь намын даргад нэр дэвшигчдийг танилцуулдаг. Бас л тогтчихсон, уламжлалт шийдэл л дээ.
МАН-ын генсек Д.Амарбаясгалан, АН-ын генсек Э.Одбаяр нар энэ эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Д.Амарбаясгалан 2024 оны сонгуулийнхаа ерөнхий менежерээр ажиллана. Нам нь тийм шийд гаргасан. Бодвол Э.Одбаяр ч тэгж ажиллаж таарах биз.
Тэгэхээр тэд энэ сонгуулийн нэр дэвшилт дээр ямар байр суурьтай байгаа нь анхаарал татна.
МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хувьд “...МАН эхэлж тойргууд дээр судалгаа зохион байгуулаад, тавдугаар сарын 20-ний дотор багтаан долоо хоногийн хугацаанд нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагаа зохион байгуулна. МАН -ын хувьд нэр дэвшигчийг өөрийнх нь хүсэлтээр нэр дэвшүүлэх гэдэг асуудлыг авч хэлэлцэхгүй. Олон нийтийн зүгээс тухайн тойргийг хэнээр төлөөлүүлэхийг хүсч байна. Тэр нэр дэвшигчийг дэвшүүлнэ гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа. Тэр зарчмын дагуу явна. МАН аливаа шатны сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлэхдээ эхний шалгуур нь тухайн тойргийн дэмжлэг авах, мэргэжлийн байх гэдэг шалгуур тавьж ажиллаж байгаа” гэсэн.
Харин АН-ын генсек Э.Одбаяр “…Нэр дэвшилт ярих хуулийн хугацаа болоогүй байна. УИХ-ын сонгуулийн хууль, СЕХ-ны гаргасан хуанлид бид захирагдаж ажиллах ёстой. Тэгэхээр нэр дэвшигч гэхээсээ илүү горилогчдынхоо саналыг сонсоод, ажиллаад явж байна. Энэ удаагийн сонгууль шинэ системээр явагдана. Ялангуяа хөдөө орон нутагт томсгосон тойргоор явна. Тэгэхээр багийн ажиллагаа маш чухал. Тавдугаар сарын сүүлээр хуульд заасан хугацаа нь болж, нэр дэвшигчид тодорно. Намын анхан, дунд шатандаа ажилласан байдал, хувийн рейтинг, багийн хамтын ажиллагааг голлож харгалзан үзнэ” гэж байна.
Хэдийгээр генсекүүд ингэж байгаа ч өдийд нэр дэвшигчдийн “хар зураг” тэдний ширээн дээр өрөгдөөд эхэлчихсэн л байгаа даа.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
зочин [202.126.91.148] 2024-04-24 11:06:49
САНГУУДЫН ХУЛГАРУУДЫГ ОРУУЛЖ ИРСЭН НАМ БАЯРТАЙ ШҮҮ ХУЛГАЙЧУУДААСАА САЛЖ ЧАДАХГҮЙ НАМЫГ ОДОО АРД ТҮМЭН СОНГОХГҮЙ АН Ч БАРАГ АРЧИГДАХ БАЙХ ОО АЛУУРЧИН ЭБИ ҮҮЛ НАРААСАА САЛ