"Өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол 1-3 сарын өмнө дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст материалаа хянуулаарай"

Aдмин / Нүүр

Энэ оны байдлаар 21 жил есөн сарын турш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 55 настай эмэгтэй, 60 настай эрэгтэй хүн хүсвэл өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжтой байгаа юм.

Гэхдээ өндөр настны тэтгэвэр тогтоолгохоор материалаа бүрдүүлж буй иргэн дор хаяж 1-3 сарын өмнө оршин суугаа газрынхаа харьяа Нийгмийн даатгалын газарт хандаж, бичиг баримтаа хянуулан зөвлөгөө мэдээлэл авах шаардлагатай Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар(НДЕГ)-аас санууллаа.

Тус газрын хамт олон энэ тавдугаар сарыг нээлттэй мэдээллийн сар болгон зарлаж, цахим хуудсаараа тодорхой сэдвийн хүрээнд шууд дамжуулалтаар иргэдийн асуултад хариулж байгаа юм.

Өчигдрийн шууд дамжуулалтын сэдэв нь Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг, анхаарах асуудлуудын талаар байлаа.

НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн М.Бямбадулам "2024 оны байдлаар 21 жил есөн сарын хугацаанд шимтгэл төлсөн 55 настай эмэгтэй, 60 настай эрэгтэй өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Хэрэв шимтгэл төлсөн хугацаандаа хүрэхгүй бол төрсөн ондоо харгалзах насанд хүрээнд тэтгэврээ тогтоолгож болох юм.

Нийгмийн даатгалын сангаас хоёр төрлийн тэтгэвэр олгодог нь бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр юм.

  1. Бүрэн: 20 ба түүнээс дээш жилийн хугацаанд шимтгэл төлсөн бол тогтоох тэтгэвэр
  2. Хувь тэнцүүлсэн: Шимтгэл төлсөн хугацаа нь хүрэхгүй бол хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоодог

Тэтгэвэр тогтоохдоо

  • 1995 оноос өмнөх ажилласан жилийг тооцохдоо Хөдөлмөрийн дэвтэр болон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний дэвтрийг үндэслэнэ
  • 1995 оноос хойш хугацааны ажилласан жилийг Нийгмийн даатгалын дэвтэр болон холбогдох мэдээллийн санд тулгуурлан шалгана" гэлээ.

1995 оноос өмнөх Хөдөлмөрийн дэвтрийг Нийгмийн даатгалын байцаагч нар хянаж үзэх шаардлагатай байдаг аж. Хэрэв дэвтэр дээр он сар нь засвартай, хуулбарлаж бичсэн эсвэл хаяж үрэгдүүлсэн бол ажилласан хугацааг нь архивын лавлагаагаар тооцдог. Харин архивт тухайн байгууллагынх нь мэдээлэл байхгүй бол шүүхийн шийдвэрийг үндэслэдэг байна.

Гэхдээ энд анхаарах зүйл нь "1991 оны долдугаар сарын 1-нээс 1995 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хугацааг тухайн үед мөрдөж байсан БНМАУ-ын Шимтгэлийн тухай хуулийн дагуу төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бүгд тэтгэврийн даатгалын санд ажил олгогч нь хариуцаж шимтгэл төлдөг байсан. Хэдийгээр иргэн шүүхээр ажилласан жилээ тогтоолгосон ч гэсэн шимтгэл төлөлтийн тодорхойлолт нь цуг байснаар л бид хугацааг нь тооцож байгаа" хэмээн тэрбээр тайлбарлалаа. Уг хугацааны шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрууд гаргаж өгдөг байна.

Иймээс шүүхийн шийдвэр ба тодорхойлолтоо хамт авч очих шаардлагатайг дахин сануулъя.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:39

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:13:39

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Төмөрсүх Нямдорж [103.57.94.240] 2024-05-17 19:24:08

4сарын11 нд материал өгсөн хянах хугацаа дуусан бх ёстой 6 сарын 1 нд тэтгэвэр нь орох бол уу

Д Ганхуяг [103.57.94.240] 2024-05-17 19:29:14

БЗД ийн нийгмийн даатгалын ажилчид хүнд суртал ихтэй юм асуухаар хариулж өгдөггүй харицаа хандлага ёс зүй дээр анхаарах


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.