Оточ-бэлчээрийн, бэлчээр-тэжээлийн мал аж ахуйд өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй болчихлоо

Aдмин / Орон нутаг

Эх нялхсын асуудал, өндөр настны асуудал аль ч тивийн, аль ч улс оронд хурцдаж байна. Хүн амын тоо өсөх хэрээр, хүний дундаж нас 70-аас их болчихлоор, мөн гэр бүл дэх хүүхдийн тоо цөөрчихлөөр харах, хандах хүнгүй хөгшдийн тоо хэд дахин өсдөг юм байна. Тэтгэх, дэмжих, харах, асрах хүнгүй хөгшид урт наслахаас айдаг болчихжээ. Ясан болон цусан төрлийн холбоо, хамаарал, халамж сул орнуудад байдал бүр ч хүнд байна.

Айл бүр олон хүүхэдтэй, хүү охид нь өрх тусгаарлаад нутаг орондоо эцэг, эхтэйгээ айл саахалт амьдардаг байсан үед хөгшдийн аж байдал Монголд харьцангуй боломжийн байв. Одоо тэр нөхцөл, байдал их өөрчлөгджээ.

Хотод ч, мөн хөдөөдөд ч хөгшдийн аж байдал хүндэрсээр байна. Хүү, охид нь гадаадруу яваад сураг тасарсан гэгдэх хөгшид ч тааралдах болжээ. Ган, зудад малаа бараад хот бараадсан хөгшдийн амьдрал ч тун хүнд байна. Хоол, хувцас, эм тариа, түлш, цахилгааны төлбөрт тэтгэврийн хэд нь хүрдэггүй болохоор хог, хаягдлаас л хэдэн төгрөг олох гэж хөгшид зүтгэх болов.

Өнөөдрийн 80-90 настангууд бол ниймийн даатгал (тэтгэвэр), эрүүл мэндийн даатгал (төлбөргүй эмнэлэг) хоёроороо л насныхаа эцсийг өнгөрөөчихнө гэж төсөөлж байсан хүмүүс шүү дээ. Тэдэнд бэлэн мөнгөний хадгаламжтай байх боломж ер байгаагүй юм. Дүрсэлж хэлэх юм бол (ойролцоогоор) сард 300 төгрөгний ажил хийгээд 100 төгрөгийг нь цалин болгон авч 200 төгрөгийг нь нийгэмдээ зориулж байжээ. Гэтэл нийгэмдээ зориулж байсан мөнгөөр нь бүтээсэн бүхнийг 1990 оноос хойш зүсэн зүйлийн “овсгоотнууд” хуваагаад авчихлаа, үрэн таран хийчихлээ. Ингээд л 1921-1990 оны үеийн үйлдвэрлэгчид ядуурч үлдсэн түүхтэй.

Монголын ахмад настны олонхи нь боловсролоосоо үл хамааран мухар сүсэгтэй, зурхайд итгэдэг, төвд хэлээр шашны ном, тарни уншуулаад өвчин, гай, зовлонгоос хамгаалагдчихна гэж боддог, өрөвдөлтэй хүмүүс юм.

Монгол хүн нэг бүрийн хувь заяа, учирч болох аюул, урд төрөл, удаах төрөл, үхлийн шалтгаан, ивээл болон харш бүхнийг урьдчилан мэддэг, заадаг арга, ухаан гэж яаж байх билээ. Зурхай бол Төвдийн ламын шашны сүсэгтэн олныг мунхруулан мөлжих арга, бодлогын нэгэн хэрэгсэл. Шашин болгонд иймэрхүү луйврын гэхээр арга, хэрэгсэл байдаг нь нотлогдсон үнэн юм шүү…Сүүлийн зуун жилүүд дэх байгаль, цаг уурын нөхцөл, байдал эрс өөрчлөгдөж эхэлсэн, ус-цаг уурын аюул, гамшиг олон тохиолдох болсон, 60, 70-аас дээш насны хөгшид мал аж ахуй эрхлэх, суурин газар, эмнэлгийн үйлчилгээнээс хол амьдрах мэт нь осол дагуулах болсон зэргийг төр, засгаас бодлогоор зохицуулах шаардлагатай болоод байна. Бод, бог мал адуулах, арчлах нь бүү хэл өөрийгөө аваад явчих чадалгүй болчихсон хөгшид Алтайн уулсын аль нэгэн өвөлжөөнд цасанд боогдон хэл сураггүй олон хонох, мал нь өлдөх, хөлдөх, өөрсдөө ч өвдөх, үрэгдэх магадлал өндөр болчихлоо. Сум, багийн захиргаа нь энэ байдлыг урьдчилан тооцож, тусалж, дэмжиж байх нь чухал юм.

Отор, бэлчээрийн мал аж ахуйн үе өнгөрчээ. Одоо бэлчээр, тэжээлийн мал аж ахуй, өндөр ашиг, шимтэй үүлдрүүд, жилийн аль ч улиралд мөнгөн орлоготой, сууриндуу аж ахуй л хэрэгтэй байна. Шинэ цагийн мал аж ахуйг хөгшид биш залуус эрхлэх, гол ажилбаруудыг нь механикжуулах, таваарлаг шинжийг нь үйлдвэрлэлийн бусад салбараас дутахааргүй болгох нь чухал боллоо. Хөгшрөөд ирэхийн цагт энэчлэн хөгшдийнхөө л тухай бодох, зовних юм. 2024 оны цас, зуд 2025 онд, 2026 онд, бас цаашдаа ч хоруу чанар нь 2-3 нугаран ихсээд ч давтагдаж мэднэ. Өнгөрсөн 100 жилд (1921-2021) бид яаж ч зүтгээд мал аж ахуйн материал техникийн баазыг энэ оных шиг түвшинд л хүргэсэн, байлгасан биш шүү дээ! Төр, засаг, ард түмэн жинхнээсээ зүтгээгүй, жаахан ололтоо эргээд л эвдэлдэг, ерөнхий сайд нар өмнөхөө өвлөөд, дээр нь нэмээд, бүр шат ахиулаад байж чадаагүйн л гай, муу үр дагавар энэ юм. Малын тоо толгойг хянах, малын тэжээл тариалах, салхи хааж чадах, цасанд дарагдахгүй байж чадах хашаа, халхавч барих, намар бүр малын тэжээл нөөцлөх, ашиг шим өндөртэй үүлдрүүдийг буй болгох боломж байж л байсан шүү дээ!

100 жилд зөв үзэл, бодлого хэрэгжиж болноо доо? Итгэмээргүй, бүр ичмээр бага зүйлийг бид 100 жилд хийсэн байгаа биз? 100 жилд Хөдөө аж ахуйн яамны хэдэн сайд ажилласан бол оо? Тэд яагаад ядаж л дулаан хашаа хороо, дулаан өвөлжөө, бууцтай болгосонгүй вэ? Ингэж асуух, бичих болсондоо би ч гутарч, бас ичиж байна.

Монголчууд бид 10 мянга орчим жил мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүс шүү дээ! Гэтэл ийм ч арчаагүй, байгаль-цаг уураас ингэтлээ ч хараат хэвээрээ байх гэж... Ухаан дутаж байна уу? Хөдөлмөр дутаж байна уу? Хүн хүч дутаж байна уу? Төр засгийн оролцоо, удирдлага дутаж байна уу? Хашаа хороо барих, өтөг бууц бэлдэх, малын тэжээл тариалах, өвс хадлан авах нь дааж давшгүй хэцүү ажил биш шүү дээ? Мал аж ахуйн материал-техникийн бааз гэж хэдэн жил ярьсан билээ? Бүх зүйл бид бүхний арчаагүйнх л юм. Хэдэн ч өдөр, хэдэн ч удаа, яаж ч эргэж хургаж шуураад цасаар дүүрчихгүй, цасанд дарагдчихгүй дулаан хашаа барьж болно. Өвөлжин дэвсэж хүрэхээр өтөг бууц нөөцөлж болно. Өвс тэжээл ч зохих хэмжээгээр бэлдэж болно. Намар болгон малын то толгойг цөөлж болно.

Хот айлын хүн хүчийг ч бодолцох нь зөв. Баг болгонд нэвтрэх чадвар сайтай 1-2 ачааны машин, мөн зохих хэмжээний шатахууны нөөц байлгаж, хадгалж болно. Цаг агаарын мэдээг айл бүр ашигладаг зуршил ч бас хэрэгтэй. Зудыг зөөллөх мөн ч олон арга уг нь байгаа юм шүү! Даан ч санаачилга, сэрэмж, бэлтгэл, зохион байгуулалт мэт нь асар их дутагдах юм даа... Монголд цас ч ордог, цасан шуурга ч болдог, бүр “угалз” гэж нэрлэдэг шороон шуурга ч болдог. Мичин жилийн (1944 он) гэхчилэн зуд ч олон болсон. Энэ бүхнээс сургамж аваад, бүр ядахдаа социализмын үеийн “Материал-техникийн бааз” гэх онол, ойлголтонд хөтлөгдөөд “мөнхөд идэх тавилантай” мах, сүү өгдөг аж ахуйгаа тогтвортой, ашигтай эрхлэх арга, хэлбэрт нь найдвартай оруулчихаж болноо доо!?

Манай дэлхий дээр сүүлчийн (Кайнозойн) эриний сүүлчийн (антропоген) галвын эцсээр 30 орчим мянган жил тутамд “хүйтрэл-мөстлөг-дулаарал” гэсэн цаг уурын цикл нийтдээ 17 удаа тохиолдсоны сүүлчийнх нь одоогоос 26 мянган жилийн өмнөөс эхэлж “хүйтрэл-мөстлөг”-ийн үеэ 16 мянга орчим жилийн туршид туулаад 10 мянган жилийн өмнөөс дулаарлын үедээ шилжжээ.

Энэ үе нь чухамдаа хэдэн мянган жил үргэлжлэх, ямар үр дагавар авч ирэх, хэзээ дахин сэрүүсэж эхлэх нь тов тодорхой бус байна. Энд өмнөх циклүүдээс ялгаатай нь нийгмийн хүчин зүйлүүдийг бас тооцох шаардлагатай болсон. Хүлэмжийн хийн хэмжээ, озоны давхаргын хэмжээ, дэлхийн гурван мандлын (агаар, ус, хөрс) бохирдол нөлөө үзүүлэх нь ч тодорхой юм. Дэлхийн гадаргуй дахь цас, мөс, цэвдэг хайлж, уур манан үүл ихсэж, цас, борооны хэмжээ, давтамж олширч, үерийн аюул, цунами, хөрсний гулгалт, газар хөдлөлт хаа сайгүй тохиолдох боллоо. Галт уул шинээр үүсэх, зарим галт уулын дэлбэрэлтийн хоорондох хугацаа богиносох зэрэг үзэгдэл ч ажиглагдаж байна. Энэ бүхнийг эрхэлж буй аж ахуйнхаа хувьд тооцох шаардлага бодитой болчихлоо. Ингэхлээр

НЭГДҮГЭРТ; Малын тэжээл тариалах, хадлан авах хэмжээг аль болохоор ихэсгэх,

ХОЁРДУГААРТ; Малын тоо толгойг цөөлөх, ашигтай үүлдрүүдийг нутагшуулах,

ГУРАВДУГААРТ; Мал аж ахуйг суурин, механикжсан аргаар эрхлэх, ажиллах хүчийг нь залуужуулах,

ДӨРӨВДҮГЭЭРТ; Малаас авах ашиг, шим, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болтол нь боловсруулах, өртгийг өсгөх замаар малчдын орлогыг аль болохоор нэмэгдүүлэх (2-4 дахин),

ТАВДУГААРТ; Малчин өрхийн нийгмийн асуудалд (орон сууц, цэцэрлэг, сургууль, ахуйн үйлчилгээ, эмнэлэг) төрөөс онцгой анхаарах – гэхчилэн арга хэмжээнүүдийг ирэх 4 жилд багтаан хэрэгжүүлэх шаардлагатай.

Энэ бол тун тулгамдсан хэрэгцээ гэдгийг дээр дооргүй, хот хөдөөгүй ойлгох хэрэгтэй. Эс ойлгох, урсгалд нь орхих аваас “Мөнхөд шахам эрхлэх боломжтой” мал аж ахуй маань байгаль-цаг уурын шалтгаанаар жил бүр, өвөл, хавар бүр л сүйрэлд орсоор байх болно. Найдваргүй, ашиггүй аж ахуй гэгдэж бэлчээр-тэжээлийн, отор-бэлчээрийн хэлбэр нь бүрэн мөхөж ч мэднэ. Байгаль, цаг уурын ааш авир, болзол, нөхцөлд зохицож л амьдрах ганц арга байдаг шүү дээ!

Монголын нутаг дэвсгэрийн нийт талбайгаар (уул нуруу, тал хөндий, говь цөл) тооцох аваас энэ өвөл 30-35 километр шоо дөрвөлжин хэмжээний их ус цас хэлбэрээр тогтжээ. Бэрхшээл бүхнийг боломж гэж хардаг хүн ард бол энэ их усны ихэнхийг нь жижиг нуур, цөөрөм болгон үлдээх, ашиглах байсан болов уу.

Жалга бүрээр урсах их шар усыг голуудтай нийлүүлээд хилээс гадагш нь алдчихдаг шүү дээ. Гэтэл говь цөл, тал хээр маань байнгад л усны хомсдолд оршсоор… Ус зөвхөн өндрөөс намруугаа л урсдаг болохоор хаа нэгтэй хураагаад, цуглуулаад авчихаж болноо доо? Энэчлэн бодох тооцох зүйл их байнаа! Энэ салбарын дарга нар аа! Том том зорилго, зорилтыг хэрэгжүүлж чадсан гавъяандаа дөрөөлж л бүр том дарга болбол зүгээрсэн дээ! Эсрэг тохиолдолд чи зүгээр л савангийн хөөс төдийхөн, томорч чадахгүй л хагарч алга болно. Манай саарал ордонд ерөнхий сайд нарын хэд хичнээн хөрөг байгаа билээ? Тэд тэндээ байх гавъяатай гэж үү? Мал аж ахуйн материал-техникийн бааз чухал болохыг тэд ядаж л ойлгож, тооцож, үлдэцтэй зүйл юу хийсэн юм бэ?

Судлаач, профессор Д.Чулуунжав


Сэтгэгдэл

Батуажан [66.181.183.117] 2024-06-08 01:03:28

Сайхан санаа гаргасанд баярлалаа. Гарчиг алдаатай л байна. Ойлгох нэг нь ойлгоно. Ажил хийж буй хүн л алдана.Түүнийг тоогоод яах вэ.Мэргэлийн биш гэхэд яах вэ.Монголоор дүүрэн малын эмч. Бас малзүйч. Эд нар анхаарах байх. Хамгийн гол анхаарах хүн бол малчин юм.23-24 оны зуд зүүн талд боллоо. Тэнд хаша муу гэсэн зөв.Тэд хашш барих байх.баяр өргөе.

сурагч [66.181.160.111] 2024-06-06 17:20:25

Гарчиг нь даанч алдаатай юм


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.