Дэд хамба С.Гантөмөр: Уламжлалыг сэргээхийн тулд Энэтхэгт хамгийн олон удаа Ганжуурын лүн тавьсан ринбүүчийг урьсан
Баруунаас Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба Д.Жавзандорж, дэд хамба С.Гантөмөр нар.
Монголыг бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд энэ жил хоёр дахь удаагийн Ганжуурын эш лүнгийн хурал болж дүүрлээ. Хоёр сар орчим хугацаанд үргэлжилсэн энэхүү сайхан номын үйлст лам хуврагууд төдийгүй бурхан шашинтан олон хүн ажил албаныхаа зав зайгаар идэвхийлэн сууж, сонсож, хуралд даган баясаж байгаа нь харагдана. Өнгөрсөн жил буюу Тунамал балчир Богд хутагт маань тодрон заларсан туулай жилд Догдан ринбүчи дээдэс 45 хоногийн турш Ганжуурын эш лүн хайрласан билээ. Энэ жил үргэлжлүүлэн 60 хоног энэхүү эш лүнгийн хурал болж өндөрлөж байна. Энэ эш лүнгийн хурал номын томоохон ажлын утга учир, агуулга ач холбогдлын талаар Гандантэгчэнлин хийдийн дэд хамба С.Гантөмөр гавжтай ярилцлаа.
-Ганжуурын эш лүнгийн гол утга учрыг та тайлбарлаж өгөхгүй юу?
-Монгол оронд бурхны шашин гурвантаа дэлгэрсэн гэж үздэг. Анхны дэлгэрсэн нь Төвдөд бүр Хятадад ч дэлгэрэхээс өмнө үүссэн гэж үздэг. Үүнийг Зава Дамдин гавжийн “Алтан дэвтэр” номонд тодорхой эш баримттайгаар дурдсан байдаг. Тэнд Монгол оронд бурхны шашин Энэтхэгээс шууд дэлгэрсэн. Ингэхдээ санскрит хэлээр дэлгэрсэн аж. Тиймээс монгол хэлэнд санскрит үг хэллэг их бий. Бид бурхан шашны нэр томъёог төвдөөс хөрвүүлэхдээ санскрит нэр томъёо хэрэглэдэг. Энэ мэт олон учир шалтгааны үүднээс анхны дэлгэрэлт Энэтхэгээс санскрит хэлээр шууд дэлгэрсэн хэмээн баримтад тулгуурлан үздэг. Хоёр дахь дэлгэрэлт Төвдөөс, гурав дахь нь мөн Төвдөөс Богд Зонховагийн шашин дэлгэрсэн гэж үздэг. Төвд Монголд дэлгэрсэн буддизмын гол судлагдахуун бол бурхан багшийн Ганжуур юм. Ганжуур гэдэг “зарлигийн хөрвүүлэг” гэсэн утгатай төвд үг. Бурхны зарлиг сургаалийн хөрвүүлсэн хэлбэр гэж ойлгож болно. Ганжуур 100 гаран боть байна. Ганжуурыг эмхтгэсэн эмхтгэл хэд хэдэн янз байна. Барлахдаа заримыг нь 108, 105, 101 боть гэх мэтээр хэвлэсэн байдаг.
Бурхны ном сургаальд тухайн номыг үзэхдээ аман дамжлага гэж байдаг. Тэрийг хамгийн эхэнд авдаг. Төвдөөр “лүн”, Монголоор “Эш” гэж хэлээд байгаа. Эш лүн хүртэнэ гэдэг нь аман дамжлага хүртэнэ гэсэн үг. Хамгийн эхлээд үгийг нь дамжуулдаг гэсэн үг. Бүх үгийг дамжуулна. Багшийн үгнүүдийг нэг ч үг алдалгүй сонсож авна. Заавал утгыг ойлгох албагүй.
Энэ дамжлагыг нь ганжуурын лүн хүртээх гээд байгаа юм. Ганжуурын лүн хүртээдэг уламжлал Монгол оронд их байсан. Ганжуурын лүн хүртэж байсан монгол лам нарын тэмдэглэл их олдож байгаа. Тэгээд тэмдэглэл дотор яаж Монгол оронд лүн дамжиж орж ирсэн. Тэгээд өөрийн ямар ямар багшаас энэ лүнг хүртэж байсан тухайгаа тэмдэглэж, түүндээ зөвхөн дамжлагаа тэмдэглэхээс гадна тухайн ботийн утга санааг тусгасан дэлгэрэнгүй тэмдэглэлүүд байдаг. Монгол оронд Ганжуурын лүнг дэлгэрүүлсэн хамгийн гол хүнийг дурьдвал. Анхдугаар дүрийн Заяа бандид Лувсанпэрэнлэй маш том үүрэг гүйцэтгэж олон түмэнд түгээж байсан байна. Мөн Брагри Ёнзон Дамцагдорж анхдугаар дүр нь маш сайн түгээж байсан. Сүүлд нь Хүрээнд Зава Дамдин гавж, Бизяагийн их лам Дамдинсүрэн тэргүүтэй лам нар ганжуурын лүнг хүртээж байсан өөрсдийнх тэмдэглэл байна.
Мөн хутагт хувилгаадаас Манзушир хутагт Цэрэндорж ганжуурын лүн хүртэж дараа нь өөрөө хүртээж байсан тэргүүтэн ийм түүхүүд их байна. Энэ бүхэн хэлмэгдүүлэлт болж бурхны шашин маш их доройтсон. Түүний улмаас ганжуурын лүн хүртээж байдаг уламжлал тасарсан юм.
Догдан ринбүүчи бол Энэтхэгт хамгийн олон удаа Ганжуурын лүн тавьсан.
-Тэгэхээр өнгөрсөн жилээс эхэлж хайрлаж буй энэ лүн Монгол оронд байсан уламжлалаа сэргээсэн сайхан үйл байх нь?
-Тийм ээ. Монгол оронд тасарч байсан энэ уламжлалыг сэргээхийн тулд Энэтхэгт хамгийн олон удаа тавьсан ринбүүчийг урьсан. Ганжуурын лүнг их хурдан унших хүн хэрэгтэй байдаг. Яагаад вэ гэхээр 100 гаран ботийг уншихаар цаг хугацаа их ордог. Удаан уншвал цаг хугацаа их орно, удаан үргэлжилбэл барцад саад их гарна. Тиймээс их хурдан айлддаг хүн Ганжуурын лүнг өгдөг онцлогтой. Догдан ринбүүчи багш маань Энэтхэгт хамгийн олон удаа ганжуурын лүнг тавьсан, их хурдан айлддаг ийм гайхамшигтай лам юм.
-Энэ жилийн Ганжуурын эш лүнгийн хурлын онцлогийг та тодруулахгүй юу?
-Өнгөрсөн жил 19 боть айлдсан. Энэ жил арай олон боть айлдуулъя гэж бодоод дөрөвдүгээр сарын 9-нөөс зургаадугаар сарын 9 хүртэл хоёр сарын хугацаатайгаар үргэлжилж байна. Өнгөрсөн жил зохион байгуулж байсан учраас энэ жил арай дөхөм байна. Мөн энэ жилийн Ганжуурын эш лүнгийн хоёрдугаар хэсэг нь Билгүүний чандад хүрэхүйн хэсэг байсан. Тэрхүү Билгүүний чинадад хүрэхүйн 21 ботиос өнгөрсөн жил долоон ботийг айлдсан бол энэ жил тэдгээрийг дүүргэлээ. Дээрээс нь гуравдугаар хэсэг болох Гонцэг гэж бий. Дотроо зургаан ботьтой түүнийг бүтэн дүүргэлээ. Дөрөвдүгээр хэсэг болон /буюу/ Парчэн гэж бий тэр бас зургаан ботьтой түүнийг бүтэн уншлаа. Одоо тавдугаар хэсэг болох Домэн судрын эмхэтгэл гэж бий. Түүний хамгийн эхний Додьгалсан гэдэг номыг одоо айлдаж байна. Энэ номын төгсгөл дээр нь Ганжуурын лүн хайрлаж байгаа багшийгаа урт удаан насалж хайрлаач ээ гээд Даншиг буюу Бат-Оршил өргөнө. Багш маань хариуд нь биднийг өвчин үгүй урт наслаарай гэж болгоогоод насны авшиг хайрлана. Тэгээд энэ жилийн номын үйл ажиллагаа өндөрлөнө.
-Лүн хайрлаж буй Ганжуурва багшийн тухай тодруулан хэлж өгвөл их сонирхолтой байна?
-Ганжуурва багш бол Догдан ринбүүчи гэдэг хүний хоёрдугаар дүр юм. Багшийн өмнөх дүр өөрөө тодорсон. Эрдэм чадлаараа олонд хүлээн зөвшөөрөгдсөн. Ганжуурын лүн хайрладаг хүн байж. Бүр дээд дүр нь Богд Зонхова ламын гол шавь нарын нэг Шэйравжамц хэмээх алдартай шавь байсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Догдан ринбүүчи багшийн урьд дүрийг Шэйравжамц хэмээх ламын хойд дүр юм хэмээн таньж мэдсэн байдаг. Багшийн өмнөх дүрийн Догдан ринбүүчи лам таалал болсны дараа багшийг бага насанд нь тэр хүний хойд дүрээр тодруулаад залаад явжээ. Төвдөд тодроод Энэтхэгт ном эрдмээ голлон үзээд сүүлд нь олонд хүлээн зөвшөөрөгдсөн ийм хүн болсон байна. Ганжуурын лүнг хайрладаг хүнийг Ганжуурва хэмээдэг. Манайхаар бол Ганжуурч гэх юм уу. Багш өмнө нь таван удаа Ганжуурын лүнг бүтэн хайрласан байна.
Монголд тавьж буй Ганжуурын лүн зургаа дахь удаагийнх нь юм. Өмнө нь багш маань ном эрдэмд мундаг байсан учраас хамгийн эхлээд Брайвүн хийдийн Ара дацангийн хамба байж байгаад /хамбын албыг хашиж байгаад/ түүний хойно Дарамсалад ойрхон байдаг тарнийн их Жүдэ дацангийн хамба байж байгаад /хамбын албыг хашиж байгаад/ сүүлд нь өөрийн анх буддын гүн ухааны ном үзэж боловсорсон Лосалин дацангийн хамбаар залагдаж суусан бөгөөд одоо ямар нэгэн албан ажил эрхлэлгүйгээр олон түмэндээ ном эрдэм, өөрийн увидас, дамжлага тэргүүтэнг хайрлаад явж байгаа юм.
-Энэ том ринбүүчи хүний өдрийн хуваарь ямар бол?
-Багш маань өглөө маш эрт босдог. Ер нь шөнөдөө гурван цаг л унтдаг юм билээ. Догдан ринбүүчигийн бие лагшингийн байдлыг эмчээр хянуулж байгаа. Багшид “та илүү сайн амрах хэрэгтэй” гэж айлтгаж байгаа ч багш уншлага ном нь амжихгүй байна гээд маш бага унтдаг. Яагаад гэвэл багш өглөө 08:00 цагаас лүн хайрлаж эхэлдэг. Өдөр дунд 12:00-14:00 цаг хүртэл хоёрхон цаг завсарладаг. 14:00 цагаас үргэлжлүүлээд оройны 17:00 хүртэл Ганжуурын эш лүнг хайрладаг. Өдрийн ихэнх цагийг бидэнд зориулан Ганжуурын эш лүнг хайрлаж байгаа тул өөрийнхөө дээдэс багш нараас авсан олон дамжлагатай ном, тэдгээр дунд таслаж болдоггүй уншлага ном ихтэй. Тэр уншлага номоо лүнгийн дараа оройжин, шөнөжин уншиж, их л оройтож амардаг. Дэргэд нь буй бараа болооч нар орой гэрлийг нь унтраагаад гарахад багш ном бясалгалаа хийж л байдаг. Өглөө хамгийн эрт босоод ирэхэд багш уншлага номоо уншаад бясалгал хийгээд сууж л байдаг хэмээж байна.
-Өндөр настай энэ багш маань хоёр сарын хугацаанд тасралтгүй ном айлдаж байна. Үнэхээр их эрдэм чадалтай лам хүн юм?
-Багш энэ жил 81 сүүдэр зооглож байгаа. Багшийн унших чадвар их өндөр. Тухайлбал, багшийг лүн хайрлаж байх үед дагаад шүүдэр /хянадаг/ хийдэг лам нар байгаа. Тэд яадаг вэ гэхээр алгасаж уншиж байна уу, хуудас давхар эргэчихэв үү, мөр алгасаж байна уу, үг харайлгаж байна уу гэдгийг хянадаг. Тэгэхэд бид нар дагаж уншиж гүйцдэггүй. Нүдээрээ л хардаг. Багшийг дагаад унших чадвартай хүн байхгүй гээд хэлчихэж болно. Багш тийм хурдан уншдаг. Бид цээжилсэн номоо л хурдан уншдаг шүү дээ. Багш цээжилсэн хүнээс хурдан уншдаг. Ингэж уншихдаа алдаа бараг гаргадаггүй. Номын зарим хуудас хоорондоо наалдсан байдаг шүү дээ. Тийм байдлаар хуудас давхар эргэх тохиол гарсан.
Гэхдээ багш өөрөө мэдээд энэ яачив гээд, бас маш хурдан уншиж байхдаа барын ялгааг маш сайн хардаг. Наана нь бид өөр барын судар харж байдаг тул тулгаж үздэг. Багш тэгж хурдан унших явцдаа тэр үгэн дунд жаахан алдаа байгааг маш гярхай харж байна. Тиймээс энэ хүний эрдэм эгэл хүнтэй зүйрлэшгүй юм. Эгэлийн нэг өвгөн хүн 80 сүүдэр хүрэхээр юун ийм хурдан Ганжуурын лүн хайрлаж, тэгж хурдан уншиж байх явцдаа түүний алдаа мадгийг хянах нь бүү хэл зүгээр ярихдаа ч гэсэн жаахан хүндрэлтэй ярьж мэднэ шүү дээ. Гэтэл ийм гайхамшигтэй байна. Багш үнэхээрийн эрдэмтэй хүн байна хэмээн бид сэтгэлээсээ сүжиглээд Ганжуурынхаа лүнг хүртээж байж байна даа.
-Ганжуурын лүн хайрладаг хэр олон хүн байдаг вэ?
-Дэлхий дээр Ганжуурын лүн хайрладаг хүн цөөхөн. Хүртсэн хүн олон боловч хайрладаг хүн цөөхөн бий. Гэлүгва буюу Богд ламын шашин талдаа Догдан ринбүүчи багшаас өөр хүн байхгүй байна. Гаржүдвагийн лам нар байдаг гэсэн. Энэ жил Гаржүдвагийн нэгэн лам Непалд хоёр сар Ганжуурын лүн тавих юм гэнэ лээ.
-Эш дамжлага гэдэг ямар учиртай вэ?
-Ам дамжлага гэдэг зүйл бий. Үгийг эхлээд дамжуулдаг, ингэхдээ чихэнд дамжуулдаг. Ямар түүхтэй вэ гэхээр бурхан багшийн зарлиг сургаалийг шавь нар нь гурван удаа эмхтгэсэн гэж үздэг. Тэр үеэс уламжлалтай юм. Бурхан багш номоо айлдахад жишээ нь, Жадамба судрыг айлдлаа гэхэд тэнд сууж байсан шавь нар нь бүх үгийг тогтоож авдаг байсан байна. Бурхан багш ингэж айлдсан, шавь тэр нь ингэж асуугаад, нөгөө шавь ингэж хариулаад, дараа нь бурхан багш ингэж айлдсан гэх мэтээр бүх зүйлийг цээжлээд, түүний дагуу утгыг бодоод утгыг нь олж аваад бясалгадаг байсан хэмээдэг. Хэсэг хугацааны дараа бурхан багш нирваан дүрийг үзүүлсний дараа үгэн дээрээ жаахан зөрүү гарч эхэлсэн байдаг. Энэ мэт үгийн зөрүүг гаргахгүй бол бурхан багшийн сургаальд алдаа мадаг орчих юм байна. Тиймээс үүнийг арилгуулъя. Ингэхийн тулд бурхан багшаас өөрөөс нь ном сургаалийг сонсож авсан. Яг хуурмаггүй итгэж болох хэн байна вэ хэмээн тухайн үеийн архадууд /гэгээрсэн хүмүүс/ зөвлөлджээ.
Тэд гурван хүн байна гэж үзэв. Нэгдүгээрт, Махагашиб, бурхан багш нирваанд орохынхоо өмнө Махагашибад шашнаа даатгасан бөгөөд надаас хойш миний шашныг Махагашиб чи бээр хүлээж аваарай хэмээн бурхан багш зарлигласан ба түүнээс хойш долоон үе явсан байдаг юм. Хоёрдугаарт, Ананд буюу бурхан багшийн хамгийн ойрын шавь, бүх номыг нь цээжилж авсан хүн. Гурав дахь нь Убали хэмээх маш ариун шагшаабад сахидаг хүн. Энэ гурван хүнээр бурхны гурван аймаг савын номыг айлдуулсан. Та бүхэн анзаарвал монгол хэл дээрх Ганжуурын судар “Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт” гэж эхэлдэг шүү дээ. Тэр чинь намайг сонсох үед бурхан багш ингэж айлдсан гэж байгаа юм. Тэгээд Жадамба судрыг Махагашибынхаар яг ингэж авъя хэмээгээд үсгэнд буулгасан. Үүнээс хойш ингэж явна. Үүнээс зөрүүтэй явбал мадаг гэж үзнэ шүү хэмээлдсэн.
Ананд бол бурхан багшийн хамгийн ойр дотно шавь байсан ба тогтоох чадвар нь гайхалтай байсан тул Анандын айлдсанаар ингэж авч явна гэх мэтээр бурхан багшийн гурван аймаг савын номыг гурван архад амаараа дамжуулсан. Түүнээс хойш үсгэнд буулгаад дараа дараачийнхаа шавь нартаа дамжуулж ирснийг дамжлага гэнэ. Энэ дамжлагыг ингэж уншиж байгаа нь яаж байгаа юм бэ гэхээр бурхны шашныг цэвэр ариунаар авч явахад хамгийн нэгдүгээрт утгыг нь алдагдуулахгүй байх ёстой. Утгыг нь алдагдуулахгүйн тулд үг нь мадаггүй /алдаагүй/ байх ёстой. Үг зөрүүлэхгүй байх ёстой, үг өөрчлөгдвөл дагаад утга өөрчлөгдөх магадлалтай. Тиймээс үгэн дамжлагыг заавал багш нараараа сонсож уламжилж явах учиртай юм.
-Сонсож сууж буй хүн юу бодож, юунд анхаарах ёстой вэ?
-Багш өглөө бүр ямар сэдвээр энэ номыг сонсох ёстой вэ гэдэг сургааль хайрладаг. Ихэнхдээ бидний номын ёсонд гардаг “эхэн, адаг” хэмээх хоёр үйлийн тухай айлддаг. Ямар нэгэн зүйлийн эхлэл, төгсгөл сайн байх ёстой юм. Эхэнд нь юу байдаг вэ гэхээр сэдэл байх ёстой. Ямар сэдлээр энэ буяныг үйлдэв гэдгээс шалтгаалж тухайн буян чинь ямар хэмжээний буян болох вэ гэдэг нь хамаарна. Бид энэ сайхан Ганжуурын лүн хүртэнэ гэдэг маш том увидас, буян ном юм байна. Тиймээс энэ үйлийг хамгийн том буяны үйл болгох хэрэгтэй. Үүний тул хамгийн зөв сэдлээр хийх. Тэр зөв сэдэл нь юу вэ гэхээр зөвхөн өөрийнхөө төлөө Ганжуурын лүн сонсож буй хэрэг биш эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны төлөө. Бидний энэ насанд хамгийн их ачтай хүн эх байдаг. Тиймээс эцэг эх хамгийн их ачтай. Гэтэл энэ бүх амьтан чинь төрөл солиод бие биеэ танихгүй л байгаа болохоос тоолшгүй олон удаа бидний эцэг эх болж явсан, бидэнд маш их ачтай амьтад юм.
Хамаг амьтны төлөө бурхан багш гэгээрээд, сургааль номоо айлдсан байна. Тэгэхээр бид энэ номыг бурхан багш шиг хамаг амьтны тусыг бүтээж төгс гэгээрэлд хүрье гэсэн ийм сэдлээр хүртэх ёстой. Тэгэх юм бол энэ ном дээдийн буян болно гэж үзэж байгаа. Тиймээс ийм бодь сэтгэлийг үүсгэж лүнгээ сонсох ёстой. Бодь сэтгэл гэдэг нь хамаг амьтны тусын тулд төгс гэгээрэлд хүрье, өөрийхөө төлөө биш амьтны тусын төлөө гэгээрье гэсэн үг. Бусдын тусыг хийхийн тулд өөрөө гэгээрэхээс өөр арга байхгүй. Өөрийгөө засаагүй хүн бусдыг засна гэж юу байхав гэдэг шиг. Гэгээрэхийн тулд ном бясалгах хэрэгтэй болно. Ингэхийн тулд номоо үзэх хэрэгтэй, үзэхийн тулд үгийнх нь дамжлалгыг авах хэрэгтэй. Тиймээс Ганжуурынхаа лүнг хүртэх хэрэгтэй гэсэн ийм сэдлээр лүнгээ сонсох ёстой.
Номонд суухдаа савны гурван гэмийг тэвчиж, зургаан хуран мэдлийг үүсгэх хэрэгтэй. Савны гурван гэм гэхэд эхлээд хөмөрсөн сав шиг байж болохгүй. Лүнд сууж байхдаа анхаарал нь өөр тийшээ хандаад, өөр юм хараад, гар утсаа үхаад, өөр хүнтэй чанга яривал багшийн үг сонсогдохгүй байж мэднэ. Тэгвэл лүн тасарна гэсэн үг. Лүн авахдаа хамгийн гол анхаарах юм юу вэ гэхээр бүх үгийг сонсож авах. Хэрвээ та лүн дээр зүүрмэглээд унтвал сонсох чадваргүй болчихдог. Тэгж унтах үеэр лүн тасарчихлаа гэсэн үг. Хөмөрсөн сав шиг биш сайн сэрүүн байхдаа анхаарах хэрэгтэй. Тэгээд бохир сав шиг байж болохгүй. Тэр нь буруу сэдлээр. Жишээ нь, Ганжуурын лүн хүртээд мундаг алдар нэртэй хүн болно доо ч гэдэг юм уу, аль эсвэл энэ бурхны шашинтнууд Ганжуурын лүн сонсоод юу ч хийгээд байдаг юм мэдэж аваад ингэж хорлоё гэх мэт буруу сэдлээр сонсож болохгүй. Сүүлд нь сонссоноо ор тас мартаж болохгүй. Ийм гурван зүйлийг анхаарах хэрэгтэй.
Адаг буюу төгсгөлд нь зориулга ерөөл байдаг. Хураасан буянаа зориулдаг гэсэн үг. Зориулга хийгээгүй буян нэг уурлахад байхгүй болдог. Уурыг галтай зүйрлэдэг. Өвсийг гал дорхноо шатаагаад үгүй хийдэг шүү дээ. Түүн шиг уур гэдэг хийсэн буяныг байхгүй болгодог. Тэгэхээр бид ямар нэгэн буян хийгээд түүнийг шамшигдуулахгүй улам дээшээ арвижуулах хэрэгтэй. Тэгэхийн тулд зориулга ерөөл тавих хэрэгтэй. Хамаг амьтны тусын тулд миний хийсэн буяны хүчээр энэ дэлхийн бүх амьтан жаргалтай сайхан байх болтугай гэж бодож ерөөх хэрэгтэй.
-Ганжуурын энэхүү ном хэдэн аймаг савд хуваагддаг вэ?
-Ганжуурын судрууд нь Винайн аймаг сав, Ширчин буюу Билгүүний чанадад хүрэхүй, Гонзог буюу Чухаг дээдийн давхарлага, Парчэн буюу Бурхны агуу их эрдэм, Домэн буюу олон судрын эмхэтгэл, Ниндай буюу Гаслангаас нөгчихүй судар, Жүд буюу Тантарын ном гэж долоон аймаг савд хуваагддаг.
-Энэ жил хэд дэхь нь явж байгаа вэ?
-Хамгийн эхний Винайн аймаг 13 ботьтой. Тэр нь өнгөрсөн жил дүүрсэн. Ширчин буюу Билгүүний чанадад хүрэхүйн аймагт 21 боть бий. Түүний долоон боть өнгөрсөн жил яваад энэ жил бусдыг нь гүйцээсэн. Гонзог буюу Чухаг дээдийн давхарлага зургаан боть бий. Эдгээр нь гүйцсэн. Парчэн зургаан боть мөн гүйцсэн, Домэнгээс энэ жил хоёр боть унших гэж байна. Тэгээд Домэн нийт 31 боть бий. Дараа жил бүтэн яваад дүүрэх байх. Түүний дараа жил Жүд рүү орох байх. Тэгэхээр энэ Ганжуурын эш лүн дахин хоёр жил хагас үргэлжлэх болов уу гэж бодож байна.
"Энгийн хүн өдөр тутам 700-800 хүн байнга сууж байв. Зарим амралтын өдөр 1000 гаран хүн суусан гэхээр нийлээд зарим үед 2000 гаруй хүн сууж лүн сонссон гэсэн үг юм".
-Ганжуурын лүнг сонсох нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Эш лүн сонсох нь их ач холбогдолтой юм. Ямар нэгэн номын эш лүнг авна гэдэг аман дамжлагаар тухайн номын шидийг авч байна гэсэн үг. Тухайлбал, Тарнийн эш лүнг авдаг шүү дээ. Тухайн тарнийн эш лүн авч тарнийг тоолох, аман дамжлагагүйгээр тарнийг тоолох их ялгаатай. Тарнийн шид гэдэг аман дамжлагагүйгээр гардаггүй. Ямар нэгэн тарнийг цээжлээд уншаад байхад мэдээж тарни уншсаны буян хураана. Гэхдээ тэр тарнийн шид дамжлагагүйгээр гарахгүй гэж үздэг. Жишээлбэл, бид Алтангэрэл судрыг уншлаа гэхэд лүнтэй хүн унших, лүнгүй хүн унших хоёр өөрөө буян хураах нь адил боловч бусдад туслахад ялгаатай. Лүнтэй хүн уншаад өгөхөд машид тус болно гэж үздэг. Бурхан шашны талаас маш их тус эрдэмтэй зүйл юм. Тэрхүү чухал тус эрдэм нь юу вэ гэхээр бурхны шашинтай улс бид ганцхан төрөл биш дараа дараагийн төрөл дамждаг гэж үздэг.
Хэзээ нэгэн цагт бодь сэтгэлийг үүсгээд их хөлгөний зам мөр рүү орохоор таван зам мөрийн хамгийн эхнийх болох чуулганы зам мөр гэж бий. Чуулганы мөр нь дотроо гурав хуваагддаг ба түүний дунд шат болох “Номын үргэлжлэлийн самади” гэдэг эрдмийг олдог гэдэг. Тэр нь өөрөөсөө алс хол байгаа жишээ нь, би энд байхад Энэтхэгт Далай багш ном тавихад тэрийг сонсож чадах тийм хэмжээний эрдэм олно гэж үздэг. Тэр эрдмийг олохоор зөвхөн энэ төрөлдөө биш урьд төрөлдөө лүнг нь авч байсан бүх номын үг нь оюун бодолд нь ургаад утга нь ойлгогдоно гэж байдаг. Тиймээс энэ төрөлдөө Ганжуурын лүн хүртсэн хүн дараа төрөлдөө бодь сэтгэл үүсгээд явахаар Ганжуурынхаа бүх утгыг ойлгоно гэсэн үг.
-Монголчууд хэр оролцсон бэ?
-Монголчууд сайн оролцсон. Яагаад гэвэл Монголын энэ Ганжуурын лүн шиг олон хүнтэй лүн болоогүй байх. Энэтхэгт би харж байсан 100 орчим лам, 100 орчим энгийн хүн байсан. Манай 530-аад лам байнга сууж, зарим үед 1000-аад лам суусан. Энгийн хүн өдөр тутам 700-800 хүн байнга сууж байв. Зарим амралтын өдөр 1000 гаран хүн суусан гэхээр нийлээд зарим үед 2000 гаруй хүн сууж лүн сонссон гэсэн үг юм.
-Энэ удаа сууж амжаагүй улс яах ёстой вэ, ерөөл сайн тавих ёстой юу?
-Хамгийн гол юм дараа жил эрүүл энх сайхан байх, ёстой дараа нь цаг заваа зохицуулах ёстой. Олон хоногийн хугацаанд болдог учир албан ажилтай хүмүүс амжихгүй байх шиг байна. Гэхдээ яахав дараа зав чөлөө гарахад Ганжуурын лүн авахад бололцоотой болчихлоо. Яагаад гэвэл Ганжуурын лүнтэй олон хүн Монголд бий болчихлоо. Өөр өөрийнхөө багш нараас ч Ганжуурын лүн авч болно. Ганжуурын лүн хүртээхэд зан үйл нь амархан байдаг учраас бусдад тавихад хялбар. Тиймээс таны хэлдгээр ерөөл тавьж байгаад лүн хүртэх бололцоотой болж байгаа нь сайхан байна.
Ярилцсан Л.АРИУН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
зочин [66.181.183.129] 2024-06-17 12:37:36
Уламжлал уламжлал л гэх юм. Монгол нутагт элдэв үзэл санаа, номлол гаднаас нэвтэрч монгол хүний оюун ухааныг эзэгнэсэн байдаг. Бүддизм ч, коммунизм, одоогийн демократизм ч ялгалгүй гадных. Алийг нь зөв, сайн гэх вэ? Тэнгэр шүтлэгтэй монголчууд гэх яриа ч бий. Нэвтрэн орж ирсэн бүгдийг нь магтсан, бас муулж явсан. Монголчууд бид сониуч, овлигогүй, уйдамхай хүмүүс үү? Аль нь ч бидэнд таарахгүй байна уу?
Зочин [66.181.161.91] 2024-06-18 12:57:54
Сайхан ярьжээ их мэдлэгтэй хүн байна өөрсдийн шашинаа мэдэхээ байгаад уджээ бид
Зочин [202.55.188.44] 2024-06-17 11:11:23
Энэтхэгт үгээгүй ядуучууд их байдаг юм билээ. Тэр ид шидтэй номоороо тэдгээр ядуусаа гэгээрүүлэхгүй байж Монголд ирж цагаа гарздаж явах хэрэг байдаг юм уу ? Бас л жанч халахаараа Монголд нэг олигарихын хүүхэд болж төрөөд Богд уулын аманд тухаллаа гэх байх даа.