Ө.Цогтбаяр: Талийгаач залуу хүүхдүүдийг уснаас авраад өөрөө хөл алдчихсан юм билээ

Aдмин / Нийгэм

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны нутагт Ерөө голд орсон хоёр хүүхдийг 19 настай Б гэх залуу авраад өөрөө эрсэдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн ням гаригт гарлаа. Хүүг эрэн хайх ажиллагаанд оролцсон Дулаанхаан тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ө.Цогтбаяртай ярилцлаа.


-Танай нутагт 19-хөн настай хүү хоёр хүүхдийн амийг авраад өөрөө энджээ. Ослын дуудлага хэзээ ирэв?

-Маш харамсалтай явдал боллоо. Өнгөрсөн ням гаригийн өглөө 09:00 цагийн үед Өрхийн эрүүл мэндийн төвөөс холбогдож ийм осол болсныг дуулгасан. Үүний дагуу цагдаа, төлөөлөгч хоёроо явуулсан юм. Ерөө гол манай тосгоны урдуур өнгөрдөг. Манайхаас 3, 4 км-т осол болсон юм билээ. Ингээд аймаг руу цагдаа, онцгой руу дууддлага өгсөн. Дорхноо хүрээд ирцгээсэн. Би ч явж очсон.

-Нөхцөл байдал ямар байв?

-Амиа алддаг хүү есүүлээ явсан байсан. 16-19 насны хүүхдүүд Улаанбаатараас амарч явцгаасан. Сайханы хөтөл орчихоод буцах замдаа Ерөөгийн эрэг дээр цай унд ууцгаая гээд зогссон. Дөрөв нь дэлгүүр яваад тав нь үлдээд байсан.

-Яг тэр үед осол гарчээ?

-Тийм. Хөвгүүдээс дээшээ ерөөсөө 20-30 метрт амрагчид байсан. Нэг харахад хоёр хүүхэд хөтлөлцөөд ус руу орж яваад хөл алдсан. Хөвгүүд урсгалын дор байсан учраас бүгд ухасхийсэн гэж байгаа. Талийгаач хүү футболкоо тайлаад өмдтэйгөө яваад орсон. Ингээд хоёуланг нь бариад авсан.

Нөгөө хөвгүүд нь модны мөчир хугалаад хүүхдүүд рүү сарвайж бариулж чадсан гэсэн. Харамсалтай нь залуу тэр дороо хөл алдчихсан гэж хүүхдүүд ярина лээ. Талийгаач осолдсон хэсэг гурван метр гүнтэй хэсэг. Тэгээд л гарч чадаагүй хөл алдчихсан бололтой, хөөрхий. Ерөө гол бол дээрээ намуухан юм шиг мөртлөө ширүүн урсгалтай шүү дээ.

-Аврагдсан хүүхдүүд хэдэн настай хүүхдүүд юм бол. Ар гэр нь юу гэж байх юм бэ. Та ярилцаж үзэв үү?

-Нүүр тулж уулзах боломж байгаагүй. Цагдаа хэргийн газрыг хамгаалалтад аваад мэдүүлэг авч байгаа учраас Бүгд л Улаанбаатарын хүмүүс юм билээ. Тухайн хүүхдүүд зургаа болон 13 насных гэж сонссон. Харгалзаж явсан хүмүүс нь эцэг эх, нэг настай хүн байсан.

-Хүүхдүүдийг нь авраад өөр нэг цэл залуу хүү явчихсанд гэмшиж байсан байх даа?

-Сүрхий тийм зүйл ажиглаг даагүй. Ер нь манайхан хэнэггүй шүү дээ. Тоодоггүй. Өөрсдийнх нь төлөө явж байгаа хүмүүсийг ад үзэх янзтай. Бид аялал зугаалгын үеэр Ерөө голоор байнга явж анхааруулга эрэмжлүүлэг хийдэг. Түүнд амрагчид тун дургүй. Төрийн албан хаагчдыг элдэв янзаар доромжилно, хэл ам хийнэ.

-Усанд осолдсон хүүгийн цогцсыг маргааш нь олсон гэсэн үү?

-Онцгой байдлын эрэн хайх ангийн таван хүн, манай албанаас зургаан залуу эрэн хайх ажиллагааг тухайн өдрөө эхлүүлсэн. Ингээд өчигдөр (уржигдар) 15:30 цагийн үед ослын газраас 80-аад метрээс цогцсыг гаргаж авсан.

-Ар гэр нь ямар хүмүүс байх юм?

-Осол гараад хоёр цаг өнгөрсний дараа цагдаа, онцгойгийнхон хамт явсан хүүхдүүдээр нь дамжуулаад ар гэрт нь мэдэгдсэн. Тэр орой 21:00 цагийн үед ээж нь гээд настай эмэгтэй, ах эгчийнх нь хамт ирсэн. Ээж нь нэлээд л биеэ барьж харагдсан. Залуус бидэнд хүнд байхад тэр хүнд ямар байсан нь ойлгомжтой. Ер нь ийм осол манайд жилийн жилд гардаг. Одоо яг оргил үе нь. Амрагчид болгоомжтой яваач, хүүхдүүддээ хяналт тавиач гэж л дахин дахин захимаар байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Zochin [209.89.240.99] 2024-06-19 11:52:55

Hunii ami awraad ooroo ersdsen erelheg zaluug Dulaanhaan tosgonii surguulia neremjit bolgoj monkhjuuleesei. Hairan saihan zaluu Huuhdee haihraagui etseg ehchuud hunii ami zolichood yu bodoj suudag boloo


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.