НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал айлчилна
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Др. ЧУ Донгиу наадмын хүндэт зочноор Монголд айлчилна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Ерөнхий захирал, доктор ЧУ Донгиу Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад энэ сарын 10-12-нд албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь ЧУ Донгиу ХХААБ-ын Ерөнхий захирлын албыг хүлээн авснаас хойш Монголд хийх анхны айлчлал бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Айлчлалын үеэр Др. ЧУ Донгиу төр, засгийн тэргүүнүүд, холбогдох яамдын сайдтай уулзаж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүртээмжтэй, эрсдэлийг даван туулах чадавх бүхий хүнс, хөдөө аж ахуйн тогтвортой тогтолцоо бий болгох, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцана.
Мөн энэ салбарт жендэрийн тэгш байдлыг дэмжих бодлогын хүрээнд салбарын манлайлагч эмэгтэйчүүдтэй уулзахаар төлөвлөжээ. Энэ уулзалтаар хүнс, хөдөө аж ахуйн салбарт эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг үүргийг онцгойлж, тэдний оруулж буй хувь нэмрийг тодотгон, эмэгтэйчүүдэд тулгарч буй сорилтын талаар ярилцана.
ХХААБ-ын Ерөнхий захирлын айлчлал нь Монголд хүнсний хангамжийн тогтвортой, хүртээмжтэй тогтолцоог бий болгоход ХХААБ-ын дэмжлэгийг бататгах юм.
Монгол Улс 1973 онд ХХААБ-ын гишүүнээр элсжээ. ХХААБ-ын Бээжин дэх төлөөлөгч Монголын асуудлыг хамаарч байгаад 2018 онд Монголыг хариуцсан суурин төлөөлөгч томилогдсон байна.
Өнгөрсөн жилүүдэд Монгол-ХХААБ-ын хамтын ажиллагаа тэлж, найдвартай түншлэл бий болгосны зэрэгцээ ХХААБ Монголын хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх, инновац болон технологи нэвтрүүлэх, шинжлэх ухааны судалгааг дэмжин ажиллаж байна.
ХХААБ-ын хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөр монголчуудын амьжиргаа, сайн сайхан байдлын үндэс болсон, байгаль цаг уурын нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай хүнс, хөдөө аж ахуйн салбарт үр өгөөжөө өгсөөр байна хэмээн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага мэдээлэв.
Сэтгэгдэл