Венесуэлийн сонгуулийн дараах эсэргүүцлийн жагсаалын үеэр 6 хүн алагдаж, 700 гаруй хүн баривчлагджээ
Ням гарагт болж өнгөрсөн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцэл Даваа гарагт Венесуэл даяар өрнөсөн юм.
Энэ үеэр нийт зургаан хүн хууль хүчнийхний гарт амиа алдсаныг “Foro Penal” төрийн бус байгууллага өчигдөр мэдээлжээ.
Венесуэлийн ерөнхий прокурорын газар жагсаалд оролцсон 749 хүнийг баривчилснаа зарласан байна. Тэднийг терроризм, нийгмийн дэг журам алдагдуулсан, бусдын эд хөрөнгөд халдсан зэрэг хэрэгт буруутгажээ.
Ням гарагийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Николас Мадуро ялснаа зарласан нь Венесуэлийн иргэдийг тэмцэлд босоход хүргэсэн юм.
Сөрөг хүчин энэ үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Мадурогийн дэглэм сонгуулийг луйвардсан гэж үзэж байна.
Даваа гарагт олон мянган иргэн нийслэл Каракас хот дахь ерөнхийлөгчийн ордныг чиглэн жагссан юм. Энэ үеэр цагдаа нар резинэн бороохой, нулимс асгаруулагч хий хэрэглэн жагсагчдыг тараахыг оролдож байв. Ерөнхийлөгчийн ордны хамгаалалтад зэвсэгт хүчнийг дайчилжээ.
“Бид АНУ-ын империалистууд, хаант засаглалынхны дэмжлэгтэй хэт барууны фашистуудын өдөөсөн төрийн эргэлтийн эсрэг тэмцэж байна. Бид үүнийг таслан зогсоож чадна” гэж Венесуэлийн батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопез мэдэгдсэн байна.
НҮБ-ын хүний эрхийн комиссар Волкер Турк “Аюулаас хамгаалах хүчнийхэн болон засгийн газрыг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүд зүй бусаар хүч хэрэглэсэн тухай мэдээлэл намайг түгшээж байна. Венесуэлийн ард түмний тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй, айдасгүйгээр илэрхийлэх эрхийг хүндэтгэхийг эрх баригчдад уриалж байна” гэж мэдэгджээ.
Венесуэлийн Сонгуулийн Үндэсний Зөвлөл ерөнхийлөгч Мадуро 51.2 хувь, сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонзалес 44.2 хувийн санал авсныг зарласан юм.
Харин сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо сонгуулийн саналын хуудасны 73 хувийг тоолоход Гонзалес 6.2 сая гаруй, Мадуро 2.7 сая орчим санал авсан нь тогтоогдсоныг Даваа гарагт зарлажээ.
2013 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж буй Мадуро сонгуулийн дараа Венесуэлийн нутаг дэвсгэрт 100 гаруй халдлага бүртгэгдсэнийг зарлаж, үүнд АНУ болон сөрөг хүчнийхнийг буруутгажээ.
“Эд нар бол фашистууд, хувьсгалын эсэргүүнүүд, гэмт хэргийн бүлгүүд юм” гэж тэр мэдэгдсэн байна.
Венесуэлийн сонгуулийн үр дүнд эргэлзэж байгаагаа АНУ болон Бразил зэрэг Латин Америкийн хэд хэдэн улсын засгийн газар илэрхийлээд байгаа.
Бас Мадурогийн дэглэмийг дэмжиж буй улс орнууд ч байна. Тухайлбал Латин Америкийн орнуудаас Куба, Хондурас, том гүрнүүдээс Хятад, Оросын засгийн газар Мадурог дэмжиж байна.
Дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй Венесуэл улс эдийн засгийн гүн хямралд унаж, хүн амынх нь 80 гаруй хувь ядуурлын түвшнээс доогуур нөхцөлд амьдарч байгаа.
Сүүлийн жилүүдэд Венесуэлийн хүн амын дөрөвний нэг буюу 7 сая гаруй хүн эх орноосоо дүрвэснийг НҮБ-ын тоо баримт харуулдаг.
2018 оны сонгуулийн дараа сөрөг хүчний удирдагч Хуан Гайдо өөрийгөө Венесуэлийн хууль ёсны ерөнхийлөгчөөр зарласан ч Мадуро цэрэг армийнхаа дэмжлэгтэйгээр суудалдаа үлдэж чадсан юм.
Энэ удаагийн сонгуулийн үр дүн баталгаажвал Мадуро 2025 оны нэгдүгээр сард бүрэн эрхийнхээ хугацааг дахин зургаан жилээр сунгана.
Эх сурвалж: Reuters
IKON.MN
Сэтгэгдэл
Зочин [192.82.66.27] 2024-07-31 15:07:32
Америкийн гар хөлүүд л үймээн дэгдээж байгаа. Нухчин дарах нь зөв. Ардчилал гэж яриад л улс орныг сүйрүүлнэ шүү...