Профессор А.Энхбаяр: МОНГОЛЧУУД ХИЙМЭЛ ОЮУНААР ХИЛ ХЯЗГААРГҮЙ ЗАХ ЗЭЭЛД НЭВТЭРНЭ.

Aдмин / Эдийн засаг

“Хөрөнгөтөн” хаалттай форумд Монголын хиймэл оюуны салбарт гарч буй ололтыг танилцуулах гэж буй “Инновестмент” төслийн эрдэмтдийн багийг ахалж буй профессор А.Энхбаяртай ярилцлаа.

зураг

- Шинжлэх ухаан болон бизнесийн салбарын хослол гэж юуг хэлж байгаа вэ?

Эрдэм шинжилгээг дотор нь суурь болон хэрэглээний судалгаа гэж 2 хуваадаг. Суурь судалгаа нь хүн төрөлхтний оюуны мэдлэгийн санг нэмэгдүүлэх зорилготой бол хэрэглээний судалгаа нь шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох эсвэл одоо байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах зорилготой. Хэрэглээний судалгааны үр дүнг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгож бизнесийн эргэлтэд оруулахыг инновац гэж хэлж болно. Гэвч хэдий сайн судалгааны үр дүн гарлаа гээд түүнийг шууд бизнес болгох боломж хомс. Инновац гэдэг ойлголт бол судалгаа, санхүү, менежмент гурваас бүрддэг цогц тогтолцоо юм. Үүнийг бий болгох хамгийн үр дүнтэй арга зам бол эрдэмтэн судлаачид, бизнес, санхүүгийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа гэж харж байна.

- “Инновестмент” ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ?

Дээр хэлсэнчлэн инновацын тогтолцоог бий болгох зорилгоор эрдэмтэн судлаачид, туршлагатай санхүүгийн мэргэжилтнүүд, бизнесменүүд хамтран “Инновестмент” төслийг эхлүүлээд байна. Бид хиймэл оюун, компьютер симуляци зэрэг чиглэлд судалгаа хөгжүүлэлт хийж, үр дүнгээ бизнесийн эргэлтэд оруулах зорилгоор ажиллаж байна. Тухайлбал, сүүлийн хагас жилд бид хиймэл оюунд суурилсан санхүүгийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж зах зээлд нэвтрүүлэх судалгаа хөгжүүлэлт дээр ажиллаж байна.

- Хиймэл оюуны салбар Монголчуудад ямар ашигтай вэ?

Бид бүхний яриад байдаг дижитал шилжилт дэлхий даяар эрчимтэй явагдаж байгаа. Энэхүү дижитал шилжилт нь компьютер симуляци, юмсын интернэт, их өгөгдөл зэрэг 10 гаруй дэвшилтэт технологи дээр тулгуурлан хөгжиж байна. Эдгээр технологиудын нэг нь яах аргагүй хиймэл оюун юм. Сүүлийн хэдэн жил хиймэл оюуны чиглэлийн судалгаа маш эрчимтэй хийгдэж зах зээлд маш хурдтай орж ирлээ. Хүн бүрд, байгууллага, компанид интернэт ямар чухал хэрэгцээтэй байдаг шиг хиймэл оюуны хэрэглээ тийм болох цаг хаяанд ирлээ. Гэхдээ хиймэл оюун нь хөгжлийнхөө эхний шатанд явж байгаа учраас энэ өрсөлдөөнд ч Монгол эрдэмтэд, бизнесийнхэн оролцож, дэлхийтэй эн зэрэгцэн урагшлах шаардлага үүсээд байна. Ингэж чадваас Монголчууд бид дижитал шилжилтийн үр дүнд бий болсон дэлхийн эдийн засгийн шинэ тогтолцооны хил хязгааргүй өрсөлдөөнд оролцох боломж бүрдэх юм.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл

Монголын хувьд бэрхшээл олон байна. [66.181.160.78] 2024-08-09 10:47:31

Дижитал хэлхээ холбоо дэлхийгээр тойроод л үүсчих байх, монголчууд түүнд оролцох л байх. ДААН Ч дижиталын хажуугаар бараа таваараа Монголруу авчирна гэдэг чинь БОДИТ вагон, төмөр зам, БОДИТ ачааны машин, засмал зам, БОДИТ онгоц, нисэх буудал шаардна. Гэтэл Америк, Канад, Австрали, Баруун Европын тэр вагон, контейнер, ачаа чинь Орос, Хятадын нутгаар Монголруу ЧӨЛӨӨТЭЙ ороод ирэх үү? Одоо дэлхийн туйлууд нэг нэгэндээ НЭЭНТЭГ тавиад байгаа биздээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.