Ойрх Дорнод руу шумбагч онгоц илгээнэ гэж АНУ мэдэгджээ
ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 12 /Reuters/. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин пуужин тээгч шумбагч хөлөг онгоцыг Ойрх Дорнодод байрлуулах тушаал өгсөн гэж Пентагон ням гарагт мэдэгджээ. Хамас ба Хезболлах бүлэглэлийн өндөр албан тушаалтнуудыг устгасны дараа Иран болон түүний холбоотнууд дайралт хийж болзошгүй байгаа үед уг шийдвэрийг гаргасан байна.
“Авраам Линкольн” цохилтын бүлгийг тус бүс нутагт байршуулах ажлыг түргэсгэх тушаал өгсөн” гэж Л.Остин Израилын Батлан хамгаалах сайдтай ярьсны дараа Пентагон мэдэгджээ. Мөн Израилыг хамгаалахын тулд боломжтой бүх арга хэмжээг авна гэсэн АНУ-ын үүрэг амлалтыг дахин нотолж, бүс нутгийн хурцадмал байдал даамжирч байгаатай холбогдуулан Ойрх Дорнод даяар АНУ-ын цэргийн хүчний байрлал, чадавхийг бэхжүүлж байгааг Л.Остин цохон тэмдэглэжээ.
Израилын хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд Ойрх Дорнодод нэмэлт сөнөөгч онгоц, Тэнгисийн цэргийн флотын байлдааны хөлөг онгоцуудыг байрлуулна гэж АНУ-ын арми өмнө нь мэдэгдсэн юм.
Долоодугаар сарын 31-нд Ираны нийслэл Техран хотод ХАМАС бүлэглэлийн улс төрийн удирдагч Исмаил Хания амиа алдсан юм. Энэ явдал нь Израилаас Ираны тал өшөө авах вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна. Ираны тал уг аллагад Израилыг буруутгасан юм. Харин Израил ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Үүнээс гадна Иранаас дэмжлэг авдаг Ливаны Хезболлах бүлэглэлийн цэргийн ахлах командлагч Фуад Шукрыг Израилын талаас Бейрут руу цохилт өгөх үеэр хөнөөсөн нь Газын зурвас дахь мөргөлдөөн Ойрх Дорнодод өргөн хүрээг хамарсан дайн болж хувирах вий гэсэн болгоомжлолыг төрүүлжээ.
Өнгөрсөн баасан гарагт Сирид нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсэний улмаас АНУ болон эвслийн цэргийн хүчний хэд хэдэн алба хаагч шархадсан нь Америкийн цэргийн эсрэг сүүлийн өдрүүдэд хийсэн хоёр дахь томоохон халдлага болжээ.
Сэтгэгдэл