П.Чинаватыг Тайландын Ерөнхий сайдаар томилжээ
БАНГКОК, 2024 оны наймдугаар сарын 16. /ТАСС/. Тайландын парламент буюу Үндэсний Ассамблейн доод танхим болох Төлөөлөгчдийн танхим “Пыа Таи” намын дарга Петхонгтан Чинаватыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн байна. Энэ тухай телевизийн Thai PBS суваг мэдээллээ.
Санал хураалтад оролцсон гишүүдийн 319 нь нэр дэвшигчийг дэмжиж, 145 хүн татгалзсан санал өгч, 27 хүн түдгэлзсэнээр П.Чинават Тайландын 31 дэх Ерөнхий сайдаар томилогдлоо. Тэрбээр тус улсын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд, уг албан тушаалд томилогдсон хоёр дахь эмэгтэй хүн болж байна.
П.Чинават бол Тайландын Ерөнхий сайдаар 2001-2006 онд ажиллаж байсан Таксин Чинаватын охин, 2011 -2014 онд засгийн газрын тэргүүний албыг хашиж байсан Йинглак Чинаватын авга дүү нь юм.
П.Чинаватын удирдаж буй нам Төлөөлөгчдийн танхимд 141 суудалтай бөгөөд пүрэв гарагт "Пумчайтхаи" (70), "Паланг прачачат" (40), "Руам Таи Сан Чат" (36) намууд түүнийг дэмжихээ илэрхийлснээр ийнхүү Ерөнхий сайдаар томилогдлоо.
Шинээр ерөнхий сайдыг томилох болсон нь Тайландын Үндсэн хуулийн цэцийн /ҮХЦ/ шийдвэрээс үүдэлтэй. Цэц лхагва гарагт Ерөнхий сайд Сеттхү Тависиныг ёсзүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзээд албан тушаалаас нь огцруулсан билээ. Учир нь, Сенатын 40 гишүүн ҮХЦ-д хандан Ерөнхий сайдыг огцруулах шаардлага бүхий өргөх бичгийг барьсан бөгөөд Цэц тавдугаар сарын 23-наас хойш уг шаардлагыг хэлэлцсэн ажээ.
Шаардлагад дурдсанаар, өмнө нь шүүгчдийг хахуульдахыг оролдсон гэх хэргээр хорих ял эдэлж байсан өмгөөлөгч Пичит Чынбаныг Ерөнхий сайд С.Тависин засгийн газрын албан тушаалд томилсон нь ёсзүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл байв. П.Чынбан 2006 онд авлигын хэрэгт холбогдсон Таксин Чинаватыг өмгөөлж байхдаа шүүгчдийг хахуульдахаар оролдсоны учир 6 сар хорих ялаар шийтгүүлсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ
Сэтгэгдэл
zochin [202.55.180.219] 2024-08-18 17:54:08
эд ах дүүсээрээ сонгогдсон ч бүгд эх орон ард түмнийхээ төлөө гэдэг нь маш мундаг