Швейцарын нууруудын ёроолоос сум хэрэгслийг татаж гаргах уралдаан зарлажээ
Швейцарын нууруудын гүнд байгаа зэвсэг, сум хэрэгслүүдийг татаж гаргах талаар шилдэг санаа дэвшүүлсэн оролцогчдыг шалгаруулах уралдааныг тус улсын эрх баригчид зарласан байна.
Батлан хамгаалах салбарын худалдан авалтын газрын /Armasuisse/ мэдэгдэлд дурдсанаар, оновчтой санаа дэвшүүлсэн хамгийн шилдэг гурван оролцогчийг 50 мянган швейцар франк буюу 57800 ам.доллароор шагнах ажээ. Тэдний дэвшүүлсэн санааг тэр даруйд нь хэрэгжүүлэхгүй боловч нуурын ёроолд живүүлээд орхисон буу зэвсэг, сум хэрэгслийг татаж гаргах судалгааны ажилд ашиглах юм.
1918-аас 1964 он хүртэлх хугацаанд моралийн элэгдэлд орсон, илүүдэл, ашиглах боломжгүй их хэмжээний сум хэрэгслийг Тун, Бриенц, Люцерн зэрэг нууруудад живүүлсэн бөгөөд тэдгээр нь одоо 150-220 метрийн гүнд байгаа ажээ.
Байгаль орчинд хохирол учруулахгүйгээр, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр сум хэрэгслийг нуурын гүнээс татаж гаргах ажилд судалгааны байгууллагууд, үйлдвэрийн газруудыг идэвхтэйгээр татан оролцуулахыг Armasuisse зорьж байна.
Өмнө нь 2005 онд санал болгож байсан аргууд нь нуурыг маш ихээр булингартуулж, экологийн эмзэг орчныг ихээхэн эрсдэлд оруулахаар байсан учраас тэдгээрээс татгалзсан байна. Нөгөөтэйгүүр, үзэгдэх орчин муу, дэлбэрэх аюул ихтэй, нуурын урсгал ба гүний хэмжээ, мөн сум хэрэгслийн зарим нь 50 кг хүртэлх жинтэй зэрэг нь эрсдэл учруулахаар байв.
Түүнээс гадна, зарим сум хэрэгслийг соронзонгүй зэс, гууль, хөнгөн цагаан зэргээр хийсэн тул татаж гаргах боломжгүй байжээ.
Шинэ оновчтой санааг шалгаруулах уралдаан 2025 оны 2 дугаар сарын 6 хүртэл үргэлжлэх бөгөөд ялагчдыг 4 дүгээр сард тодруулна.
Асар ихээр хуримтлагдсан зэвсэг, сум хэрэгсэлтэй холбоотой асуудал Швейцарт хурц хэвээр байгаа юм. 2020 онд агуулахад байсан 3500 тонн тэсрэх бодисыг зөөж аюулгүй болгохын тулд Митхольц тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байв. 1947 онд тус тосгоны ойролцоох агуулахад хадгалагдаж байсан 7 мянган тонн тэсрэх бодис дэлбэрсний улмаас 9 хүн амиа алджээ.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ
Сэтгэгдэл
Зочин [103.57.92.95] 2024-08-24 23:48:51
Байгальд халтай юм хийж байжээ. Гайхуулаад байдаг Швейцарьчууд
Бидэнд холбоогүй НЭГ мэдээг хэд удаа давтах гэсэн юм бэ? [66.181.160.55] 2024-08-22 11:49:43
Т-э-э-э-э-р холын Швейцарын 50-60 жилин өмнө т-э-э-э-э-р хол байдаг нууранд живүүлсэн хэдэн тонн гуулийн сум и-и-и-и-й-м хол байдаг Монголд ЯМАР ХАМААТАЙ юм бэ? Тэгээд ч энэ тухай 2-3 хоногийн өмнө Мэдээ мн-ийхэн дэлгэрэнгүй бичичихсэн биздээ. Нэг юмаа дэлхийн Интенетээс хуулаад л давтаад л нийтлээд байх юм. Дорой юм уу, хаашаа юмб?
W [147.161.192.110] 2024-08-22 09:19:06
Manai ontsgoi bol naadhiig chine asuudalgui gargaad irne dee.
Зочин [66.181.188.184] 2024-08-22 10:31:02
Шаа