Тоогоо нэмсэн ч ажлын чанар тань дээшлэх юм уу, гишүүд ээ

Д.Тулга / Улстөр

Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн. Улмаар ээлжит сонгуулиар бид анх удаагаа 126 гишүүнтэй парламентаа бүрдүүлж, өдгөө УИХ ээлжит бус анхдугаар чуулганаа хуралдуулж байгаа. Энэ ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2023 оны ажлын гүйцэтгэл, энэ оны төсвийн тодотгол, ирэх дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 оны төсвийн төсөөлөл гээд маш чухал асуудлуудыг хэлэлцэж байна. Өнөөдөр чуулганы сүүлийн өдөр учраас бүх асуудлаа үүгээр шийдэж таарна байх. Үгүй бол дахин сунгаж хуралдуулах ёстой болно. Аль ч боллоо гэсэн эцсийн гарах үр дүн сайн, муу алин байх нь 126 гишүүний ур чадвар, ажилдаа хандах хандлага, хэр зарчимтай хүн бэ гэдгээс бүрэн хамаарна.

Гэвч өнгөрсөн өдрүүдийн чуулган болоод байнгын хорооны хурлын ирц, гишүүдийн хандлагыг харахад төдийлөн итгэл найдвар төрөхөөргүй л байна. Яах вэ, ихэнх нь шинээр сонгогдсон, асуудлаа ойлгохгүй, гүйцэд судалж танилцаагүй гээд зөвтгөж бодох шалтгаанууд мэдээж байгаа. Нэг үгээр бол энэ удаагийн ээлжит бус чуулган тэдний хувьд “бие халаалт” байж болно. Гэвч тамирчин хүн өдөр тутмын бэлтгэл, бие халаалтаа чин сэтгэлээсээ хийж байж амжилтад хүрдэг учиртай. Дээрээс нь улсын төсөв, ирэх жилүүдийн төлөвлөгөө гэдэг нийт монголчууд ирж буй он цагт хэрхэн амьдрахыг шийдэх маш чухал зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Анх гишүүдийн тоог нэмэх асуудал гарахад улстөрчид төдийгүй олон нийтийн зүгээс чамгүй эсэргүүцэл гарсан. Гэвч хуралдааны ирцийг нэмэгдүүлэх, аливаа асуудлыг олон талаас нь мэтгэлцэж байж зөв замаар нь шийдэх, төлөөллийн зарчмыг нэмэгдүүлэх гээд олон талын ач тустай гэж ухуулсаар баталж байлаа. Үнэхээр ч өмнөх парламентуудын үед 15 гишүүнтэй байнгын хорооны хурал л гэхэд найман гишүүнтэйгээр явагдаж, асуудлыг таван гишүүний дэмжлэгээр шийддэг байв. Үүнээс болж улс орны ирээдүйд чухал ач холбогдолтой, ард түмний амьдралд хэрэгтэй олон хууль унаж, эсрэгээрээ улстөрчид, дарга нарт ашигтайнууд нь батлагдаж байсан жишээ цөөн биш. Мөн хэт цөөн гишүүнтэй байх нь гадна, дотнын элдэв нөхдийн лоббид орох магадлалтай гэдгийг ч судлаачид дуу нэгтэй хэлдэг байв. Гэтэл энэ долоо хоногийн Төсвийн байнгын хорооны хурал 14 гишүүнтэйгээр төсвийн тодотголыг хэлэлцсэн. Улмаар найм, зургаагийн харьцаагаар дэмжсэн. Уг нь бол Төсвийн байнгын хороо өдгөө 25 гишүүнийн бүрэлдэхүүнтэй.

Хэрэв бүгд хуралдаа суусан бол асуудал арай өөр байх байсан болов уу гэж санагдана. Дээрээс нь олуулаа суусан бол жинхэнэ бодлогын мэтгэлцээн өрнөж, алдаа дутагдал нь хаанаа байгааг олж тогтоог, засаж залруулах байсан байж мэднэ. Тэгээд ч тоогоо нэмсэн хамгийн том шалтгаан чинь энэ шүү дээ. Дээрх бол ердөө ганцхан байнгын хорооны бодит жишээ. УИХ яг одоо 11 байнгын хороотой гэвэл бусад нь иймэрхүү байдалтай л явсан болов уу. Ер нь төсөв хэлэлцэж байгаа үед Төсвийн байнгын хорооны хурлаас өөр ямар чухал хурал, уулзалт байх юм. Хэрэв хурлууд давхацсан бол түр хойшлуулаад ирцээ хангалттай болгож байж орж ирсэн асуудлаа хэлэлцэх ёстой байв. Олон удаа парламентад сууж, сайд дарга хийж явсан байнгын хорооных нь дарга ч гэсэн зарчмын ийм асуудлаа мэдэж л байх учиртай. Гэвч хүссэнгүй юу, ямартаа дөнгөж ирц бүрдүүлээд л хуралдаж орхино лээ.

Зөвхөн байнгын хороо гэлтгүй чуулганы ирц ч хангалттай бус байна. Ээлжит бус чуулганы сүүлийн өдөр учраас өнөөдөр ирц боломжийн хэмжээнд байх биз. Хуралд сууж байгаа нь өнөө л хэдэн шинэковууд. Тэд нар нь зөв, буруугаа ялгадаггүй юм уу. Эсвэл хууччуулаасаа эмээдэг юм уу, ямартай ч олигтой асуулт асууж чадахгүй л байгаа. Хэдийгээр эргүүлэн татахаар болсон ч асуудал дагуулсан Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дээр цөөн хэдхэн гишүүн л дуугарсан. Тэд хүчтэй эсэргүүцэж, бусдыгаа сэнхрүүлж байж л эргүүлэн татахаар болсон. Түүнээс биш намуудын жагсаалтаар орсон, бусдынхаа сүрд хавчуулагдаад ороод ирсэн нөхдүүд ёстой л нүдэн балай, чихэн дүлий өнгөрөхөөр байв. Мөн ард түмэн ихийг хүлээж байгаа энэ удаагийн парламент “Мордохын хазгай” гээч болж мэдэхээр нэг зүйл болсон нь унасан асуудал дээр дахин санал хурааж дэмжүүлсэн тохиолдол болов.

Уг нь өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүд Засгийн газарт буцаахыг дэмжсэн.

Гэтэл энэ долоо хоногт төхөөрөмж болоогүй /яаж ч болдоггүй шалгарсан аргуудын нэг/ гэсэн шалтгаанаар дахин санал хурааж холбогдох байнгын хороодоор хэлэлцээд явахаар болж “авч” үлдсэн. Нэгэнт олонхоороо шийдчихсэн асуудлыг дахин оруулж ирсэн нь шүүмжлэл дагуулж байна. Дээрээс нь чуулганы хуралдаандаа огт суухгүй байгаа гишүүдийг хэрхэх тухай цахим орчинд олон нийт ярьж эхлээд буй.

Тухайлбал, Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга байнгын хороо, чуулганы хуралдаанд нэг ч удаа суугаагүй л байна. Мөн Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ч Төрийн ордонд тоотойхон үзэгдсэн. Ер нь чуулганы хуралдаанд сууж, хууль хэлэлцэх гэж л хэдхэн сарын өмнө эд чинь сонгогчдынхоо саналыг гуйж, худалдан авч янз бүрээр үзээ биз дээ. Тэгсэн мөртлөө тангаргаа өргөснөөсөө хойш үндсэн ажлаа хийхгүй байгаад л иргэд бухимдаад байгаа юм. Бас хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг чуулганы хуралдаан тасалсан гэж Ёс зүй, дэгийн байнгын хорооноос сануулах арга хэмжээ авч байлаа. Үүнийг ард түмэн ялгавартай хандаж байна гэж үзэж байгаагаа ч илэрхийлж байна. УИХ-ын удирдлагууд ч гишүүдийн ирц оролцоон дээр хатуу анхаарах хэрэгтэй. Шинэ байна гээд улс орон, цаг хугацаа та нарыг хүлээхгүй. УИХ-ын гишүүд бас дарга ямбыг нь эдлэж эхлэсэн биз бодвол, одоо тэгвэл ялыг нь бас үүрч эхлэх хэрэгтэй байна.

Сайнтай, муутайгаа сав дүүрдэг хорвоо учраас 126 дотор цаашдаа гайгүй сайн ажиллах болов уу гэсэн гишүүд ч бий. Энэ удаагийн ээлжит бус чуулган дээр хэлсэнчлэн “бие халаалт”. Гэхдээ л өдөр тутмын бэлтгэлээ сайтар базааж, чуулганы хуралдаандаа тогтмол сууж байх ёстойг УИХ-ын Тамгын газар нь ч, ард түмэн ч шаардаж, шахах хэрэгтэй. Тэгж байж элдэв хуудуутай хууль бага батлагдана. Хууль сайн байж гэмээнэ ард түмний амьдрал, амьжиргаанд л тустай. Мөн ард түмнээсээ ажил хүлээн авснаа гишүүд ухамсарлаж, үүрэгт ажлаа тогтмол, чанартай хийх үүрэгтэй. Түүнээс биш Их хурлын гишүүн сайхан нэртэй ч ажлаа хийхгүй юм бол дараагийн удаа ард түмэн “халж” л орхино гэдгийг дор бүрнээ ойлгох хэрэгтэй байна. Ер нь тэгээд “олдохоороо өлдөнө” гэж үг байдаг даа. Тэрэн шиг парламентаа “өлдүүлмээргүй” л байна шүү.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ


Сэтгэгдэл

Түмэн _ Өлзий [202.126.89.217] 2024-09-08 11:10:37

Гишүүд ийм л хариуцлагагүй харагдаж бна .Шинэ гишүүд гэж тэдний толгойг илээд давруулж байх уу Арай 4 жилийн хугацаанд гишүүн болох гэж суралцах гэж гэж үү ? Хурлаас илүү амин чухал ажилтай бол зүгээр л суудлаа тавьж өг!

Чөтгөрийн тоотой болчихсон юм биш үү??? [66.181.160.14] 2024-09-04 14:46:21

126 =1 2+6 = (6+6)+6 = 6+6+6. Omen!!!!

Зочин [172.56.104.43] 2024-09-04 11:58:31

126 гэдэг тоо чинь эрх баригч намаа сонгуульд ялуулах л үүрэгтэй байсан.

Иргэн [103.57.95.83] 2024-09-04 00:39:53

Гэхдээ нэг ололт байх шиг санагдсан шүү!!! Хэдүүлхнээ гар өргөөд хуулийн хулгай хийдэг нь боломжгүй болоо юу даа гэж бодогдсон!!! Гэхдээ шинэ МАН-АН-Н залуу үе гарч ирэхийг үгүйсгэхгүй харж л байя!!!

Зочин [202.131.234.123] 2024-09-03 11:49:43

126гаа буухад нь ард түмэн саналаа өгөөд шууд цаазлуулахаар ачдаг болговол дээрсэн.

Зочин [202.126.91.200] 2024-09-03 11:41:51

Одоо орон нутгийн сонгуулиар ИТХ ын гишүүдын тоог нэмнэ гэвэл эсэргүүцэх хэрэгтэй, МАН ханд бид өргүй шүү, бид коммунистуудыг тэжээх албагүй

Тахар [139.5.219.161] 2024-09-03 06:25:27

Санал өгөх учраа олохгүй суугаа сармагчингууд тэр танхимд байгаа гэсэн шүү.

Oogii [66.181.190.192] 2024-09-03 00:55:21

Knopniihaa uchiriig olohgui baahan erhuu tulugnuud

Shine gishvvn gants hvniig barij ideh geed bsan [91.73.115.201] 2024-09-03 00:53:30

Getel hvvchinii hvnvvsee bas l adilhan tegmeer yum UIH- iin Dargaa chadal bna uu

зочин [66.181.186.221] 2024-09-02 17:26:39

УИХ 126 гишүүнтэй болсноор юу ч өөрчлөгдөхгүй, хэрүүл нь л нэмэгдэх байх даа? Нэмэгдэл 50 гишүүний цалин ба бусад зардал, хангамжийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргана байх даа? ХАЙРАН МӨНГӨ. Эрх баригч нам олонхи болох ээлжит гаргалгаа нь л 126 болгох байсан юм болов уу даа? Төрийн ажил огт мэдэхгүй, бөөн амбицтай, цүнх баригч нөхдүүд тэр танхимаар дүүрэн байна уу? Байдал ийм байхад ажил дээшлэх үү? урагшлах уу? ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ, БӨӨН ХЭРҮҮЛ, ҮРГҮЙ ЗАРДАЛ МӨНГӨ БАЙХ ДАА? 100 ямаанд 60 ухна гэдэг үг байдаг байх аа?

Зочин [139.5.216.121] 2024-09-02 13:43:19

Саяын чуулганаас харахад тоо нэмсэнээс чанарт ямарч ахиц гарахааргүй юм шиг сэтгэгдэл төрүүллээ,ирц хангалтгүй,гишүүд нь нөгөөл дов жалганы,тойргоо гэсэн сэтгэлээс салаагүй,асууж хэлж байгаа үг нь өнөө маргаашийг ярихаас ирээдүй рүү чиглэсэн дорвитой хөгжлийн гарц гаргалгаатай,цоо шинэ санаа гаргасан юм огт харагдсангүй, иргэд олон түмэнч нэг л ам муутайхан ингэжл ярьцгаах юм,ямартаач цаг хугацаа харуулах биз.

Тоогоороо болдог бол сайхан л байна. Даан ч ... [66.181.160.14] 2024-09-02 13:19:10

Монголчууд монголоороо байгаа юм чинь наад УИХ-аас 1000 гишүүн боллоо гээд ЮҮ Ч өөрчлөгдөхгүй. Харин ч ажлын хурд нь удааширч, зардал хөлс нь барагдахгүй болно. Мурийцах уу?


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.