Хиймэл оюун ухааны салбар дахь нөлөө бүхий 100 хүнийг нэрлэжээ
Хиймэл оюун ухааны салбар дахь хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг Америкийн “Time” сэтгүүл нийтэлжээ. Энэ оны жагсаалтад “OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман, “Google”-ийн тэргүүн Сундар Пичай нар багтсан байна.
Тэднээс гадна “Microsoft” корпорацын ерөнхий захирал Сатья Наделла, “Meta” корпорацын тэргүүн Марк Цукерберг, “Nvidia”-гийн ерөнхий захирал Женсен Хуан, мөн чип үйлдвэрлэгч “TSMC”, “TikTok” нийгмийн сүлжээг эзэмшигч “Bytedance” болон технологийн бусад компанийн тэргүүн нар уг жагсаалтад бичигджээ.
Энэ оны жагсаалтад мөн жүжигчин Скарлетт Йохансон орсон байна. "Time” сэтгүүл түүнийг хиймэл оюун ухааны аюулгүй байдлын талаар санаа зовж буйгаа илэрхийлдэг хамгийн алдартай хүмүүсийн нэг хэмээн онцолжээ. Түүнчлэн АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо, Францын дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар Тьерри Бретон нар нөлөө бүхий хүмүүсээр нэрлэгдсэн байна. Тус сэтгүүлд онцолсноор, Раймондо бол АНУ-ыг хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч, шинийг санаачлагч болгохын төлөө ажилладаг, эл технологийг хариуцлагатай, аюулгүй ашиглах стандартыг бий болгохыг эрмэлздэг хүн юм. Т.Бретоны хувьд тэрбээр хиймэл оюун ухааны тухай дэлхийн анхны хуулийг батлахыг дэмжсэн тул жагсаалтад оруулжээ.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ
Сэтгэгдэл