Ж.Нэргүй: Дэлхийн уншигчдын хайрыг татсан зохиолыг муу орчуулах эрх хэнд ч байхгүй
Монголын орчуулагчдын анхдугаар нэгдсэн чуулган энэ сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болно. Тус чуулганыг угтаж өнөө цагийн нэрт дуун хөрвүүлэгчдийн яриаг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад орчуулагч, яруу найрагч, СГЗ Жигжидсүрэнгийн Нэргүйтэй ярилцсанаа толилуулж байна.
-Та “Ялалтын симфони”, “Сэтгэл хазгар биш бол” гэх мэт яруу найргийн ном гаргаж, орос, америк, польш, герман, францын зохиолч, яруу найрагч, нийтлэлч, сэтгэгчдийн бүтээлүүдийг монгол хэлнээ яруу сайхан буулгасан. Зүгээр хэл мэдээд орчуулахаас яруу найрагч, орчуулагч хүн илүү давуу талтай гэж ойлгож болох уу?
-Онгирсон болчих вэ гэж эмээж байгаа ч уран зохиолыг уран зохиолч хүн л орчуулах ёстой. Яруу найргийг яруу найргийн жаахан ч гэсэн авьяастай хүн л орчуулах ёстой. Манайд чөлөөт сэтгэлгээтэй нь сайхан юм. Чөлөөт сэтгэлгээг ардчилал бидэнд олгосон. Яг мэргэшээгүй юм гэхэд, мэргэжлийн сургууль төгсөөгүй юм гэхэд эцэг эхээс ч юм уу, эсвэл тэнгэрээс заяасан нэг жаахан юм байж орчуулах ёстой гэдэг нь орчуулгын бичигдээгүй хууль юм. 1990 оноос хойш олон хэлтэй болж, олон хэлний довтолгооноос сайхан олз олоод, “Би чадна, Ц.Дамдинсүрэн, М.Цэдэндорж ... нарын агуу улсыг хэн юм гэх хандлага бий болсон юм аа. Уг нь орчуулагч гэдэг бол зохиолчоос илүү үүрэгтэй. Яагаад гэвэл, би нэг муу шүлэг бичээд орхиход өөрийнхөө өмнө л хариуцлага хүлээж буй хэрэг. Харин тэр том хүний, дэлхийд нэр хүндтэй, дэлхийн уншигчдын хайрыг татсан зохиолыг муу орчуулах эрх ямар ч орчуулагчид байхгүй. Тийм учраас орчуулагч хүн өөрөө уран зохиолч байх ёстой юм.
Би ганц орос хэлтэй л хүн. Анх тэгж шийдсэн юм. Нэгийгээ л төгс суръя гэж. Орчуулагчийн сургууль төгсөөгүй ч, цаана нь нэг жаахан юм байсан юм байлгүй дээ. Наймдугаар ангидаа Сергей Есениний “Берёза”-г орчуулж багшдаа магтуулж байлаа. Найм төгсөхөд түүнийг маань “Үнэн” сонинд 1972 оны 8-р сарын 19-нд Ц.Гайтав гуай гаргаж байсан юм шүү. Түүндээ дулдуйдаад л орчуулга руу орсон юм. Залуучууд өснө байх.
Харин ахмадууд монгол хэлээ сайн мэдэхгүй бол “завтай боллоо” гээд битгий тийшээ хошуураач дээ гэж хэлмээр байна. Одоо нэг тийм үзэгдэл гарчихаад байна.
Залуучууд бол яахав шохоорхож байгаа. Ахмадууд харин тэгэх хэрэггүй шүү дээ.
- Ний нуугүй хэлэхэд, монгол уншигчид агуулгад нь хөтлөгдөөд сайн орчуулгыг мэддэггүй гэж шүүмжилсэн байсан шүү дээ. Ямар орчуулгыг сайн орчуулга гэх вэ, хамгийн товчоор хэлбэл...?
-Монгол хүний ахуй сэтгэлд яах аргагүй сайхан буусан. Монгол ойлголтоор хэлэнд чинь сайхан эвтэйхэн уншигдаад байдаг “Алтан загасны үлгэр” шиг, бас зургаадугаар далай лам Цаянжамцын “Янагийн дуулал” шиг гэсэн үг л дээ. Энэ бол гайхалтай дуулал шүү дээ, тийм биз дээ.
- Зүйтэй сайхан цагаан саран
Зүүн уулын цаанаас ургана
Зүстэй сайхан охины царай
Зүрхний дунд үргэлж ургана ... гээд эхэлдэг дээ?
- Тийм ээ. Яруу найргийн айзам хэмнэлийг бариагүй ч гэсэн Б.Ринчен гуайн “Үүлэн зардас” бас агуу шүү дээ. Үгүй ядахдаа, М.Ю.Лермонтов “Хөх далайн дунд хөлгийн дарвуул ганцаар цайрна...” гээд хачин сайхан, зүгээр л уншигдаад явчихдаг.
Аманд чинь ингэж л сайхан хэлэгдэж байвал, толгойд чинь тогтож байвал тэр чинь монгол болж байгаа гэсэн үг. Түүнээс биш түг яг, түг таг гээд л байвал, цаад хэлнийхээ өгүүлбэрийн бүтцийг тэр чигээр нь дараалан буулгаад, “Би Улаанбаатар явлаа” гэхийг “Улаанбаатар би явлаа” гэсэн аязтай болоод байна шүү дээ.
Европын хэлний бүтэц манай хэлнийхээс өөр. Цаад хэлээ сайн мэдэж байж орчуулга хийх нь үүрэг юм. Хоёрдугаарт, эх хэлээ сайн мэдэх хэрэгтэй. Түг таг болоод байгаа чинь төрөлх хэлээ сайн мэдэхгүй байгаагийнх шүү дээ.
Цэг, таслал хаана тавихыг мэдэхгүй байж шүлэг бичээд, орчуулга хийгээд байна гэдэг чинь ичгэвтэр хэрэг. Ичгэвтрээс гадна 8-р анги, 10-р ангийн хүүхдэд буруу үлгэр өгдөг. Энэ зэргийн шүлгийг би ч бичнэ, энэ зэргийн орчуулгыг би ч орчуулна гээд л үзгээ бариад авах байдал руу оруулчихна.
Уг нь бол орчуулга гэдэг бол хүн бүхний дайраад байх хоол биш юм шүү. Уншигчдыг ерөөс голж болохгүй.
- Орчуулагч хүн бүр л уран яруу хөрвүүлэхийг хүсдэг байж таарна. Төрөлхийн тийм тансаг хэлээс хэрхэн суралцах вэ, та жишээ нь яаж суралцсан бэ. Хүүхэд байхдаа л та өвөрмөц хэлцийн тайлбар толийг цээжилж байсан юм билээ...?
-Бага байхдаа би үнэнхүү их уншдаг байсан. Хойно очсон чинь унших юм олдохгүй болохоор хоёр, гурван сарын дараа л орос номууд уншаад эхэлсэн. Эхлээд словарь барьж байснаа сүүлдээ утгаар нь ойлгоод л уншаад явдаг байлаа.
Харин хар багадаа бол, манай гэрийн чийдэнгийн унтраалга ээжийн орон дээр байна л даа. Би ном бариад хэвтчихнэ. Ээж унт гээд гэрэл унтраачихна. Жаахан байж байгаад ээжийг хурхираад эхэлмэгц сэм очоод гэрлээ асаагаад л уншина. Ээж сэрээд, дахиад л унтраачихна. Тэр үед манай Дорнодод телевиз ч байсангүй, тэгж их уншсан юмс тус болсон юм байлгүй дээ.
-Унш унш бас дахин унш гэх гээд байна, тийм ээ?
-Одоо чинь хэцүү болсон байна. Бүх хүн л утас маажаастай, ширтээстэй. Энэ утсан дээрээс бүх мэдээлэл гараад ирж байна. Энэ утас чинь эмч ч болно, радио ч болно, телевиз ч болж байна. Тэгэхээр заавал чи цаасан ном унш гэхээс зовдог болоод байна шүү дээ.
-Таны орчуулгад хуучны үг хэллэг их тааралддаг. Тэгвэл орчуулагч хүн шинэ үг зохиож болох уу?
-Тухайлбал, Пржевальскийн аян замын тэмдэглэл орчуулж байхдаа өнөөгийн залуусын харилцан ярианы үгийг хэрэглээд байх нь онц биш. “Хүн араатан бурхад” гэхэд л туульсын хэлбэрийн юм шиг, адал явдлын ч юм шиг, европ хүний нүдэнд бүр огтоос харийн тийм ертөнцөд оруулчихдаг. “Загастайн савдаг”, Дилав хутагттай ярилцаж байгаа яриа эд нар чинь бүр тийм шүү дээ.
Жамсрангийн Цэвээн гуайн орчуулсан “Декамарон”-ыг та мэднэ дээ.
-Арван өдрийн тэмдэглэл үү?
-Одоогоос 600 жилийн өмнөх үйл явдлыг тийм сайхан, хуучны тансаг үгээр орчуулсан байдаг даа. “Орчуулгын онол байхгүй” гэж Содовын Баясгалан профессор загнадаг байсан. Гэхдээ зарим юманд баймаар санагддаг.
Зургаан зуун жилийн өмнөх тэр хүүрнэлийг өнөөдрийн үгийн аялгаар буулгаж болохгүй.
Тэгэхээр хуучны үг ороод байгаа нь дундад зууны үеийн аян замын тэмдэглэлүүдийг орчуулсных юм. Тийм болохоор Нэргүй ах тийм үг хэрэглээд байна гэж бодогддог ч байж магадгүй.
Орчуулахад ч аягүй их онгод шаарддаг юм шүү дээ. Ёстой үсээ үгтээж байгаа юм шиг үгийн эрэлд хатна. Миний нэг зохиолд “хуурдаан” гэж гардаг. Скараводка, кастрюль гэж орос үг бий дээ. Хайруулын тогоо, зарим нь хайруулын таваг гэцгээдэг.
-Аан, хуурах гэдэг үгээс үүсгэсэн үг байх нь, тийм үү?
-Тийм ээ, мах хуурна, будаа хуурна, гурил ч хуурна гэж ярьдаг даа. Уралдаан, барилдаан гэдэг шиг үүссэн нэр үг. Манайхан хайруулын таваг гэдэг. Таваг юм бол яах гэж зуухан дээр тавьж байгаа юм. Зарим нь хайруулын тогоо гэдэг. Тогоо юм бол яах гэж ширээн дээр тавьж байгаа юм, тийм үү. Гэхдээ хуурдаан гэж би гаргасан юм биш. Манай нутгийнхан тэгж ярьдаг байсан. Тэгсэн чинь хүмүүс ямар гоё үг вэ гэж гайхаад байсан. Би хар залуугаасаа “Эрдэнийн эрхи”-ийг уншиж байлаа. Хуучны том том далбагар номуудыг хуучин бичгээ сурах гээд унших зайлшгүй шаардлага тулсан юм. Тэгэхэд тэр дотор нөгөө гайхамшигтай үгс байж байна шүү дээ.
-1960-аад оны үед орчуулгын үер орж ирсэн гэдэг дээ. Тэр үед үнэхээр яруу тансаг буулгаж байжээ. Өнөө үед бас орчуулгын үер бууж байна хэлж болох мэт. Маш олон хэлээс орчуулж байна шүү дээ...
-Тэр үед зайлшгүй дэлхийн соёлыг монгол руу чирж ирэх сэхээтнүүдийн эрмэлзэл байсан. Одоогийн энэ үер бол, хэл сурч буй хүмүүс өөрийгөө турших, сорих, чадлыг үзэх юм болж байгаа юм болов уу гэж би ойлгож байна. Яагаад гэвэл, манайх тэр үед дэлхийн бүх шилдгүүдтэй 1960-аад оны эхнээс танилцчихсан.
-Дэлхийн сонгодгуудтай монголчууд дуун хөрвүүлэгчдийнхээ ачаар их эрт үеэс танилцаж ирж дээ. Орчуулах номоо та хэрхэн сонгодог вэ, зөвхөн өөртөө таалагдаад байгааг шалгуур болгодоггүй байх?
-Цаанаа хүн төрөлхтний сор болсон юмыг монголчууддаа толилуулж, манайхан ингэж бичээсэй гэх гэж. Тухайлбал, яах гэж Владимир Войновичийг орчуулсан бэ гэвэл, А.Солженицын шиг шүдээ зууж битгий бич л дээ, ингэж тас тас хөхөрч байгаад бичээч гэх гэсэн. Дайн болчихлоо гэхэд далан хэдтэй чавганц хамгийн түрүүнд дэлгүүр рүү гүйж байдаг шүү дээ, тэр зохиолд. Дэлгүүрээс барааны саван ирсэн үү гэж асууж байгаа юм. "Ирсэн, хэд хэрэгтэй юм" гэхэд 100 ширхгийг аваад ир гэдэг. Зуун савангаар яахнав гэхэд, ач зээгийнхээ хувцсыг угаана гэдэг дээ. Ач зээгүй хүн шүү дээ. Тэгээд сүүлдээ түүнийгээ булаацалдаад тосгоныхон бөөн зодоон болдог. Залуучууд дайн болоход барааны саван нээрэн хэрэг болно гэж хэзээ хойно нь мэдэж байдаг шүү дээ. Ингэж л бичээч ээ гэх гээд, нөгөө бүтээлчээр суралцах гэдэг чинь тэр юм.
-Та Есенинийн зүрхний догдлолыг үнэхээр 40 жилийн дараа мэдэрсэн юм уу?
-Би тэр үед ингээд хэлсэн юм, үнэн байх л даа.
Есенинийг орчуулахын тулд 40 жил унших хэрэгтэй юм байна, Есениний шүлгүүдэд 40 жил дурлах хэрэгтэй юм байна гэж. Яг түүнийгээ цаасан дээр монголоор буулгахад 10-хан хоног хэрэгтэй юм байна гэж хэлсэн.
Гэхдээ түүнийг 10 жилийн дараа харахад зөндөө голдог.
Би хамгийн түрүүнд ямар уур амьсгалтай зохиол юм бэ гэж эхлээд нэг уншдаг. Дэлхийд алдартай Эдуард Топель гээд Оросын еврей, Михаил Веллер, Владимир Войнович гээд Орост социализмын үед хавчигдаж байсан гурван зохиолчийн бүтээлийг би орчуулсан. Нэг нь улс төрийн адал явдал, нөгөөх нь 70-аад жилийн өмнөх хэлмэгдлийн үеийг, А.Солженицын социализмын 1930-1940-өөд оны үеийг шүдээ зууж бичдэг. Тэгэхдээ Э.Топель гашуун үгээр, Владимир Войнович бол “Цэрэг Чонкины адал явдал” гэдэгт тас тас хөхөрч байгаад бичдэг. Зохиолынх нь зохиомжийн өнгө, уур амьсгал нь тийм байдаг. Түүнийг хамгийн түрүүнд барьж авах ёстой байхгүй юу.
МОНЦАМЭ
Сэтгэгдэл
Бямба [103.79.156.182] 2024-09-18 14:42:16
Аль 60, 70аад онд мундагуудын орчуулсан дэлхийн сонгодогуудыг одоо үеийн хэл сурсан нусан таглаанууд давтаж орчуусныг нь нээж харсан, ёстой нохойн жогорхой юм орчуулсан байна лээ, яах гэж тэгдэг юм болоо
Занга [103.212.118.196] 2024-09-18 08:02:09
Оросоос бол 50, 60 аад оныхон бүгд л орчуулах байх шүү. Их дээд сургуулийн лекц орос хэл дээр явагддаг басан үе.
Уламбаяр архитектор [103.212.118.193] 2024-09-17 23:02:12
эрхэм анддаа амжилт хүсье улам их урам хайралсан номуудыг орчуулж олны хүртээл болгоорой нөхөрлөж явсандаа омгорхдог шүү эрхэм инженер минь
Д Тунгалаг [202.55.188.110] 2024-09-17 15:50:10
Энэ хүний орчуулсаныг унших дуртай байдаг нэг л таньдаг хүн шиг санагддаг шүү