Хезболла байгууллагын холбооны хэрэгслүүд нэгэн зэрэг дэлбэрсний улмаас 9 хүн алагдаж, 3,000 орчим хүн шархаджээ
Ливанд үйл ажиллагаа явуулдаг Хезболла зэвсэгт байгууллагын дотоод харилцаа холбоондоо хэрэглэдэг пэйжер төхөөрөмжүүд өчигдөр нэгэн зэрэг дэлбэрсний улмаас тус байгууллагын гишүүн голдуу есөн хүн алагдаж, 3,000 орчим хүн шархаджээ.
Пэйжер бол гар утас хэрэглээнд нэвтрэхээс өмнө ашиглагддаг байсан мессэж солилцдог утасгүй холбооны бяцхан төхөөрөмж юм.
Ираны дэглэмийн холбоотон Хезболла байгууллага хэд хэдэн удирдагчаа алуулсны дараа аюулгүй байдлаа хангах үүднээс хэдэн сарын өмнө гар утаснаас татгалзаж, пэйжерт шилжиж байжээ.
Израилийн тагнуулын алба тэдний гар утасны байрлалын мэдээллийг ашиглахаас болгоомжлон ийм хуучирсан технологид шилжсэн юм байна.
Өчигдөр Ливан даяар Хезболлагийн гишүүдийн хэрэглэж байсан пэйжерүүд нэгэн зэрэг дэлбэрсэн нь үнэхээр гайхмаар үйл явдал байв.
Хезболла болон Ливан улсын эрх баригчид уг ажиллагаанд Израил улсыг буруутгажээ.
Одоогоор Израилийн эрх баригчид энэ талаар байр сууриа огт илэрхийлээгүй байна.
ikon.mn
АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Вашингтон үүнд оролцоогүй бөгөөд ийм ажиллагаа болох гэж байгаа талаар урьдчилж мэдээгүйг батлан илэрхийлжээ.
Гар утаснаас томгүй хэмжээтэй пэйжерүүдийг хэрхэн нэгэн зэрэг дэлбэлсэн нь тодорхойгүй байна.
Мөн яг хэдэн пэйжер дэлбэрсэн нь бас тодорхойгүй байна.
Зарим мэргэжилтнүүд пэйжерүүдийг анх үйлдвэрлэхэд нь тэсрэх бөмбөг суулгаж, тодорхой нэг мессэж хүлээж авахад дэлбэрдгээр программчилсан байж болзошгүй гэж үзэж байна.
Мөн пэйжерүүдэд зайнаас нэвтэрч, батарейг нь хэт халаах замаар дэлбэлэх кибер халдлага зохион байгуулсан байх боломжтой гэж дүгнэжээ.
Ливан улсын аюулаас хамгаалах албаны эх сурвалжийн мэдээлснээр Хезболла байгууллага хэдэн сарын өмнө пэйжерүүдийг дотоод харилцаа холбоондоо хэрэглэхээр шинээр нь худалдан авч байсан гэнэ.
Ливан дахь Ираны элчин сайд Можтаба Амани өчигдрийн дэлбэрэлтийн үеэр шархдаж, эмнэлэгт хүргэгдсэнийг тус улсын Фарси агентлаг мэдээлжээ.
Алагдсан хүмүүсийн дотор Хезболла байгууллагын өндөр албан тушаалтнуудын хөвгүүд байсныг зарим эх сурвалж мэдээлсэн байна.
Тухайлбал Хезболлаг Ливаны парламентад төлөөлдөг гишүүн Али Аммарын хүү тэдний дунд байсан гэнэ.
Пэйжерийн дэлбэрэлт Израилийн эсрэг Хезболлагийн байлдааны ажиллагаануудыг хэсэг хугацаанд тасалдуулж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Өнгөрсөн оны аравдугаар сард Хамас-Израилийн хооронд дайн эхэлснээс хойш Хезболла болон Израилийн армийн хил дамнасан мөргөлдөөн эрчимжсэн ч дайн дэгдэх хэмжээнд хүрээгүй байгаа.
Үүний улмаас Ливан болон Израилийн хилийн хоёр талд амьдардаг хэдэн арван мянган хүн орон гэрээсээ дүрвэсэн юм.
Дараах хяналтын камерын бичлэгт дэлгүүрт үйлчлүүлж байсан Хезболлагийн гишүүний халаасанд байсан пэйжер хэрхэн дэлбэрснийг харуулжээ.
Сэтгэгдэл
зочин [202.126.91.222] 2024-10-01 00:47:51
маш сайн зохион байгуулжээ.пэйжэрт найдах хэрэггүй байж.еврей илүү ухаалаг байна.арабууд тэнэгтэж алдаа хийжээ.
Зочин [203.164.213.180] 2024-09-18 17:39:56
Израйл тагнуулын өндөр түвшинд хөгжсөн улс Дэлхийд тагнуулаар дээгүүрт ордог гэж дуулсан юм баына
Зочин [66.181.160.63] 2024-09-18 10:47:31
зайнаас удирдаад гар утсаар нь хүнийг алж болох нээ