Дээд боловсролын дипломын нөхөн бүртгэл хийх заавар
Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийн сангийн бүртгэлд ороогүй байгаа их, дээд сургууль төгсөгчид бакалавр, магистр, докторын зэргийн дипломын мэдээлэл оруулах хүсэлтээ E-Mongolia системээр дамжуулан цахимаар илгээж, бүртгүүлэх боломжтой юм.
Боловсролын яамнаас Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийг 2020 онд нэвтрүүлж, их, дээд сургууль төгсөгчдийн бакалавр, магистр, докторын зэргийн дипломын мэдээлэл, лавлагааг E-Mongolia системээр дамжуулан олгодог болсон.
Өмнө нь лавлагаа авах шаардлагатай тохиолдолд дипломын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, архивын мэдээлэл зэрэг бичиг баримтыг цаасан хэлбэрээр бүрдүүлдэг байсан бол ийнхүү цахимаар хүсэлтээ илгээх боломжтой болов.
Боловсролын салбарт дараах зургаан төрлийн лавлагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем буюу E-Mongolia системээр дамжуулан олгож байна. Үүнд:
-Суурь боловсролын гэрчилгээ
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
-Дээд боловсролын сургалтын байгууллага төгссөн тухай дипломын лавлагаа
-Боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа тухай тодорхойлолт
-Ерөнхий боловсролын сургуулийн Улсын шалгалтын нэгдсэн дүнгийн хуулбар
-Элсэлтийн ерөнхий шалгалтын лавлагаа багтаж байна.
Боловсролын яамнаас мэдээлснээр, ХУР системд оюутны болон багшийн сервисийг 2023 онд шинээр байрлуулсан бөгөөд E-Mongolia системийн бичиг баримт хэсэгт оюутан, багшийн үнэмлэх харагддаг болсон.
Тус үнэмлэх цахимжсанаар оюутан, багшид төрөөс үзүүлж буй тэтгэлэг, хөнгөлөлт, урамшуулал, автобусны карт, төлбөрийн НӨАТ-ын буцаан олголт, үнэмлэхийн лавлагаа зэрэг үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн.
Одоогийн байдлаар 460,188 иргэний дээд боловсролын баримт бичиг баталгаажиж, E-Mongolia системд оржээ.
Сэтгэгдэл