Х.Нямбаатар: Төв талбай дээр метро, BRT, трамвайны бүх уулзах цэгийг хийхээр төлөвлөж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлсэн.
Түгжрэлийг бууруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд их багтаамжийн олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлж, хоёр түвшний замуудыг барихаар төлөвлөж буй. Тодруулбал,
Ирэх дөрвөн жилд BRT буюу тусгай замын автобусны хоёр шугамыг хийж гүйцэтгэх аж. Үүний нэг шугам нь Буянт-Ухаа орчмоос Яармагийн замаар яваад гүүрээр гараад 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс буцаж эргээд явдаг байхаар төлөвлөлт хийгджээ.
Энхтайваны гүүрний зорчих хэсэг хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй учир нарийн зам дээр тусгай замын автобус яваад эхэлбэл түгжрэл бүр дийлдэхээ болино. Иймээс Энхтайваны гүүрийг өргөтгөж Тэмээтэй хөшөөнөөс талбай хүртэлх замыг бүхэлд нь зургаа эгнээ болгох зураг төслийн тендерийг зарлахаар төлөвлөжээ.
Мөн хөнгөн галт тэрэг, LRT, трамвай нэг нэр томьёо бөгөөд трамбайны урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг хийж буй юм байна. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан босоо тэнхлэгийн нэг шугамыг хийх нь.
Уг шугамын чиглэлийг Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл явдаг байхаар төлөвлөжээ. Трамвайг хийж хэрэгжүүлэхэд гурван жил зарцуулах бөгөөд метроны төсөвт өртгөөс 10 дахин бага. Түүнчлэн төв талбай дээр метро, BRT, трамбайны бүх уулзах цэгүүдийг хийхээр төлөвлөж байгаа аж.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл