Жером Пауэллийн мэдэгдэл хөрөнгийн зах зээлийн индексүүдийг унагаж, бондуудын өгөөжийг нэмжээ
АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн сан ээлжит мөнгөний бодлогын шийдвэрээ өнгөрсөн Баасан гаригт танилцуулсан. Энэ удаа зах зээлийн хүлээлтийн дагуу бодлогын хүүг 0.25 нэгж хувиар бууруулах шийдвэр гаргасан билээ.
Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэл хэд хэдэн чухал мэдээлэл өгсөн. Тэрбээр мэдэгдэлдээ “Өнгөрсөн сарын инфляци хүлээлтээс өндөр гарсан. Хэрэв инфляцийн өсөлт цаашид үргэлжилбэл бодлогын хүүг бууруулах хурдаа сааруулах шаардлагатай. Эсрэгээрээ хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал үргэлжлүүлэн муудвал бодлогын хүүг илүү хурдан бууруулах шаардлагатай” гэж мэдэгдэв.
Мөн тэрбээр “Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль төв банкны цаашдын мөнгөний бодлогод нөлөөлөхгүй. Доналд Трамп ажлаа өгөхийг шаардсан ч ажлаа өгөхгүй, тийм боломжгүй юм” гэж мэдэгдсэн байна.
Доналд Трамп татвар бууруулах, импортын тариф тогтоох, гадаад худалдааны бодлогод өөрчлөлт оруулах зэрэг чухал амлалтууд мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эдгээр амлалтууд нь инфляцийг өсгөх нөлөөтэй ба улмаар төв банк төсөөлж байснаасаа бага хувь хэмжээгээр хүүг бууруулах, магадгүй шаардлагатай тохиолдолд хүүг өсгөх ч боломж бүрдэж буй аж.
Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Жером Пауэлл Пауэлл мөн “Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал бодлогын шийдвэр гаргахдаа анхааралтай байх дохио өгч байна” гэж мэдэгдэв. Тэрбээр АНУ-ын эдийн засгийн өсөлтийг "Дэлхийн томоохон эдийн засгуудаас хамгийн хүчтэй нь" гэж үнэлсэн байна.
Пауэлл ажил эрхлэлт, инфляцийн үзүүлэлт зорилтод 2 хувийн түвшин рүү ойртож буйд сэтгэл хангалуун байгаа ч бодлогын хүүгийн шийдвэрт нөлөөлөхүйц хэмжээнд хүрээгүйг онцолжээ. Энэхүү мэдэгдэл нь хөрөнгийн зах зээлийн индексүүдийг унагаж, бондуудын өгөөжийг нэмсэн байна.
Мөн тэрбээр бодлогын хүүг бууруулах талаар тодорхой төсөөлөл өгөөгүй ч төв банкны хүүг "Эдийн засгийг өсгөхгүй, бууруулахгүй" түвшинд барихыг эрмэлзэж байгаагаа дурджээ.
Эх сурвалж: BLOOMBERG, BUSINESS INSIDER
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл