Абхазын Ерөнхийлөгч Аслан Бжания огцорлоо
Абхазын Ерөнхийлөгч Аслан Бжаниа огцрох өргөдлөө өгсөн талаар тус улсын Дэд ерөнхийлөгч Бадра Гунба сэтгүүлчдэд мэдэгдээд, “Аслан Бжаниа улс орны тогтвортой байдлыг алдагдуулахгүйн тулд огцорлоо” гэж хэлсэн байна.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Бжания "улс орны тогтвортой байдал, Үндсэн хуулийн дэг журмыг алдагдуулахгүй байх" үүднээс огцорч буйгаа мэдэгджээ.
Тэрбээр хоёр хоногийн өмнө албан тушаалаасаа огцроход бэлэн байгаагаа мэдэгдсэн бөгөөд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалд оролцогчдод Засгийн газрын ордныг орхин явах нөхцөл тавьсан байна.
Бжаниягийн хэвлэлийн алба "Хэрэв түүний энэхүү нөхцөлийг 11 дүгээр сарын 19-ний өдөр буюу өнөөдөр биелүүлэхгүй бол огцрох хүсэлтээ эргүүлэн татна" гэж онцолжээ.
Абхазын төрийн тэргүүний хүсэлтийг тус улсын парламент өнөөдөр хэлэлцэх юм байна. Түүнийг огцорсны дараа тус бүс нутгийг дэд ерөнхийлөгч Бадра Гунба удирдана.
Абхазын парламентын дарга Лаша Ашуба “Эрх баригчид болон сөрөг хүчнийхэн хоорондын хэлэлцээний үр дүнд Абхазад ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болно” гэж мэдэгдэв.
Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Абхаз Улсад олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөх болсон шалтгаан нь Оростой байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ юм.
Уг баримт бичиг нь Оросын компаниудад тус бүс нутагт хөрөнгө оруулалт хийх боломж олгож байгаа аж. Абхазын сөрөг хүчнийхэн “Москватай байгуулсан энэ гэрээ ашиг сонирхлоо гаргуунд нь хаясан хэрэг” гэж үзэж буй юм байна.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл