2024 оны “Бөртэ чоно”-ын эзэн өнөөдөр тодорно
Монголын үндэсний олимпийн хорооноос 2003 оноос хойш зохион байгуулсан “Бөртэ-чоно” наадмын 2024 оны шилдгүүд өнөөдөр тодорно.
Спортын салбарын шилдгүүдийг шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо зэрэг 25 номинациар тодруулна.
22 дахь удаагийн “Бөртэ чоно” наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд эрэгтэй 15, эмэгтэй 18 тамирчин, багийн төрөлд таван баг нэр дэвшсэн юм.
“Бөртэ чоно” наадмыг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч агсан Ц.Дамдин, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Отгонцагаан нар санаачилсан бөгөөд анхны “Бөртэ чоно”-ыг чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар хүртэж байв. Харин энэ цомыг хамгийн олон хүртсэн нь олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар юм. Тэрбээр 2004, 2006, 2009 онд “Бөртэ чоно” цомыг гарджээ.
Тэгвэл Азийн наадамд үзүүлсэн амжилтаараа “Бөртэ чоно”-ын шилжин явах цомын эзэн болсон цор ганц тохиолдол нь өнгөрсөн жил тохиож байв. Тодруулбал, Ханжоугийн Азийн наадмын байт харвааны төрөлд түрүүлсэн олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон юм.
Харин энэхүү цомын эзнээр хоёр тамирчин зэрэг тодорсон дөрвөн тохиолдол бий. Хамгийн эхнийх нь 2008 он. Тухайн үед олимпын аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар Бээжингийн олимпод түрүүлсэн амжилтаа хоёул шилдэг болж байлаа. Дараа нь 2009 онд жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн Х.Цагаанбаатар, боксын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн П.Сэрдамба нар шилдгээр шалгарсан юм. Гурав дахь 2014 онд тохиов.
Тухайн үед чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн С.Цэрэнчимэд, жүдогийн ДАШТ-д түрүүлсэн Г.Болдбаатар нар шилдгээр шалгарсан бол 2016 онд Риогийн олимпоос жүдо бөхөөр мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа, боксоор хүрэл медаль авсан Д.Отгондалай хамтдаа шалгарсан билээ. Улмаар 2017 оноос эхлэх эрэгтэй, эмэгтэй тамирчдыг тусад нь шилдгийг шалгаруулах болсон юм.
Сэтгэгдэл