Б.Дөлгөөн: Баялгийн санг хөдөлгөж байгаа нь энэ цаг үеийн сорилтыг давхар шийдэх нэг алхам болж байна

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч Б.Дөлгөөнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Бүтэн 16 жилийн турш улс төржилтийн улмаас гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхлэх шанг татлаа. Энэ мега төсөл гараанаас гарснаар Монгол Улсад ямар өгөөж авчрах вэ гэдгээс ярилцъя?

-“Түрүү гарсан чихнээс сүүлд ургасан эвэр урт” гэж үг бий. Үүнтэй адилхан өмнөх жилүүдэд олон шалтгааны улмаас эхлүүлж чадаагүй байсан. Энэ Засгийн газрын нэг онцлог нь Хамтарсан Засгийн газар байгуулагдсан, тийм учраас хөгжлийн төлөө зоригтойгоор, шаардлагатай төслүүдийг урагшлуулъя гэдэг дээр бат зогсож байгаа юм. Хамгийн эхний ажил бол олон жил гацсан энэ төмөр замын ажил. Машинаар зөөснөөс төмөр замаар нүүрсээ тээвэрлэвэл бараг тав дахин хямд тусна. Энэ бол хэн нэгэндээ илүү ашигтай гэхээс илүү маш их хэмнэлт гарна.

Хэрвээ үүнийг 10 жилийн өмнө бид хийж чадсан бол хэдэн их наяд төгрөгийг бензин тос, шатахуун, машины эвдрэлд биш илүү том бүтээн байгуулалтууд руу хийх боломжтой байх байлаа. Харамсалтай нь, энэ цаг үед шинэ лидер, манлайлагч нар төрж байж энэ ажлыг гүйцэтгэх хувь тавилантай байсан юм болов уу гэж хувьдаа бодож байна. Энэ төсөл Монголын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах төслүүд юм.

Дэлхий нийтээр нүүрснээс татгалзаж байна. Тийм ч учраас нүүрсний энэ их нөөц баялагтай Монгол Улс аль болох энэхүү баялгаа хэрхэн санхүүгийн баялаг, мөнгө болгоод, эргээд өөрөө мөнгө олдог төсөл, хөтөлбөр үйл ажиллагаа руу оруулах вэ гэдэг ийм л сорилт бидэнд байна. Энэ Засгийн газар ч энэ чиглэлээр ажиллаж байна гэж бодож байна.

-УИХ Цөмийн энергийн тухай хууль болон дагалдах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд мөн олон жилийн талцал, улс төржилтийн улмаас гацсан ураны төсөл ч урагшиллаа. Тун удахгүй Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх нь. Үүн дээр юуг анхаарах ёстой гэж та бодож байна вэ?

-Монгол Улсын хувьд хоёр дахь том гэрээгээ байгуулж байна. Тэгэхээр тодорхой хэмжээний туршлага суусан байна. Анхны гэрээ багуулах явцад олон улсын зөвлөх багуудгүйгээр Монгол Улсын Засгийн газар дангаараа хэлэлцээрт орж, өөрийн чадавхийн түвшинд олон улстай гэрээ байгуулаад сурсан томоохон корпорацитай ширээний хоёр талд суусан.

Туршлагагүйгээс, Монгол тухайн үеийн чадамжтай холбоотойгоор, магадгүй хамгийн сайнаараа гэрээгээ байгуулсан байх. Гэхдээ хангалттай байгаагүй. Энэ удаагийн гэрээ хэлэлцээний явцыг дүгнээд хэлэхэд, олон улсын зөвлөх баг авч, олон улсын түвшинд гэрээ хэлэлцээр хийгээд сурсан корпорацитай нэг түвшинд энэ хэлэлцээрийг хийлээ гэж бодож байна.

Мэдээж хэн нь илүү ашиг хүртэх вэ, хэн нь дутах вэ гэхээс илүү хамтраад, ирээдүйд гарч болзошгүй үл ойлголцлыг хаасан заалтуудыг оруулах тусмаа бидэнд ирээдүйд төвөггүй, асуудал үүсгэхгүй, маргаангүйгээр хөрөнгө оруулагчтайгаа сайхан хамтраад ажиллах боломж бүрдэнэ гэж бодож байна. Би үүнийг хийх ёстой алхам гэж бодож байна.

Харин газрын хэвлий доорхи баялаг газрын дээр гарч ирээд, доллар валют болж хөрвөөд, татвар хэлбэрээр төрд орж ирэхэд энэ мөнгийг бид өнөөдрийн хэрэгцээнд биш, ирээдүй хойчдоо Норвегийн жишгээр хадгалах нь чухал. Тийм ч учраас Баялгийн санг хөдөлгөж байгаа нь энэ цаг үеийн сорилтыг давхар шийдэх нэг алхам болж байна гэж бодож байна.

-Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудал түр хойшиллоо. Монгол Улсын Засгийн газраас бас л олон жилийн турш тус хэлэлцээрийг байгуулах хүсэлт тавьж ирсэн. Энэ гэрээг байгуулах нь зөв үү, байгуулахгүй бол бид ямар боломж алдах вэ?

-375 бүтээгдэхүүнээс 20-иодынх нь импорт, экспортын дүнг Орос, Армени гээд хэд хэдэн улсаар харсан. Тэгэхэд яг хүнсний чиглэлийн бүтээгдэхүүнээр Оросын оролцоо их өндөр юм билээ. Оросын оролцоо гэдэг нь үйлдвэрлэх хүчин чадал сайтай, Төв Азийн бусад орнууд руу импортлохоос илүүтэй дийлэнхдээ экспортолсон дүр зураг харагдаж байна лээ.

Нөгөөтэйгүүр, оросууд өөрсдөө жишээлбэл, миний харсан бүтээгдэхүүн дээр Европоос импортлоод, Төв Азийн улсууд руу яг нэг төрлийн бүтээгдэхүүнүүд экспортолж байгаа дүр зураг харагдаж байгаа нь эргээд зарим нэг асуултуудыг асуухад хүргэсэн.

Гэхдээ энэ дээр бүрэн судалж үзээгүй учраас миний хувьд одоогоор дүгнээд хэлэхэд эрт байна гэж бодож байна. Хувьдаа бол бүх эерэг, сөрөг үр дагаврыг нь харж байж аливаа чөлөөт худалдааны, эсвэл бүсийн худалдааны хэлэлцээрүүд рүү орох ёстой гэсэн байр суурьтай байна.

-Монгол Улсын 2025 оны төсөв хэт тэлэлттэй батлагдаж, Ерөнхийлөгч хориг тавьсны хүчинд багагүй хувиар буурлаа. Тэ эдийн засагчийн хувьд улсын төсөв дээр хангалттай таналт хийгдсэн гэж бодож байна уу?

-Том дүр зургаараа эдийн засгийн өсөлтийг найман хувьтай байна гэж төсөөлсөн нь Монгол Улсын одоо байгаа эдийн засгийн хувьд маш өндөр тоо гэж бодож байна. Одоогийн зорилт болох яг нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэх нь бидний хөгжлийн эхний том алхам юм. Энэ асуудал дээр Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг хоёр гараа өргөөд дэмжиж байна.

Харин 2025 онд найман хувийн эдийн засгийн өсөлт үзүүлнэ гэдэг Монгол Улс өөрөө хийж чадахаас илүү их өсөлт хийхийг зорьж байна гэсэн үг. Үүнийг товчхон тайлбарлавал, зургаан хувийн өсөлт гэдэг Монгол Улсын хувьд одоо байгаа потенциаль түвшиндээ өсөх боломжтой гэж бодож байна. Найман хувь гэхээр эдийн засаг халалт руугаа явж байна гэсэн үг. Халалт гэдэг хэд хэдэн сөрөг үр дагавар авчирна.

Нэгдүгээрт, энэ нь үнийн өсөлтөөр харагдана. Хоёрдугаарт, ажиллах хүчний хомсдолоор харагдана. Тэгэхээр бид магадгүй потенциаль өсөлт рүүгээ тэмүүлнэ. Гэхдээ эдийн засгаа хэт халаахгүйгээр тогтвортой өсгөх нь магадгүй нэг, хоёр жилийн огцом өсөлтөөс илүү дунд хугацаандаа чухал аа гэж эдийн засагчийн хувьд боддог.

-Монгол Улсын эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдал ямар гэж та бодож байна вэ? Нөхцөл байдалтайгаа уялдуулж том мега төслүүдээ хэрхэн урагшлуулах нь зүйтэй вэ?

-Макро зургаа харахад, 2025, 2026 онд уул уурхайн ашигт малтмалын том цикл буух хандлага руугаа орж байна. Мөн онуудад комодити буюу таваарын үнэ 10 хувиар буурна гэсэн таамаглалыг олон улсын байгууллагууд гаргасан. Энэ бол Монголын хувьд муу мэдээ. 2025 ондоо бид тавьсан зорилтдоо хүрээд, экспортын нүүрсээ зэстэйгээ гаргах болов уу гэсэн хувь хүлээлттэй байна.

Харин доошоо унаж байгаа мөчлөгийн хувьд бид нэг ёсондоо ашигт малтмалын, таваарын үнэ уруудах буюу үнийн уналтын хэсэг дээр явж байна. Тийм учраас олон төсөл зэрэг эхлэхгүйгээр нэн шаардлагатай эрэмбэ, дараалал, ач холбогдлоор нь, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэх төслүүд рүүгээ илүү анхаарах нь магадгүй 2027, 2028 онд гэхэд биднийг гэнэтийн хүнд байдал руу оруулахгүй байх алхмууд болох байх.

-Та Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч. Улаанбаатар хот 2025 оны төсвөө 3.8 их наяд төгрөгөөр баталсан. Энэ жилийн төсөв өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог болсон бол?

-Хэд хэдэн онцлог зүйлийг дурдаж болно. Нэгдүгээрт, 2024 оны улсын төсөвтэй адилхан нэг зорилт бол өмнө нь эхлүүлсэн төслүүдээ бүгдийг нь дуусгая гэсэн. Маш олон төсөл буюу 2018 оноос эхэлсэн төслүүд байна. 2021 оноос ч эхэлсэн төсөл байна. Эдгээрийг эхнээс нь дахиж сунгахгүйгээр дуусгая гэсэн зорилт тавьсан.

Энэ яагаад зөв бэ гэхээр, аливаа барилга, байгууламжийн төсөл сунах тусмаа зардал нь нэмэгддэг. Тэгэхээр зардал нэмэхгүйгээр яг хугацаанд нь дуусгавал төр, төсөв талдаа илүү ачаалал авахын тулд эхний эхлүүлсэн ажлуудаа дуусгах юм. Хоёрдугаарт, нийслэлийн төсвийг орлого, зардлагадаа нийцүүлээд баталсан.

2024 онд Засгийн газраар орж гаргасан үнэт цаасныхаа хэмжээнд буюу 2.1 их наядаар бүтээн байгуулалт нэмж хийхээр тусгасан. Энэ бүтээн байгуулалтын дийлэнх буюу 1.6 их наяд нь Сэлбэ дэд төвийн орон сууцны бүтээн байгуулалтууд руу орж байна. Энэ нь цаагуураа орон сууцжуулалт буюу одоо үүсээд байгаа, нийт иргэдэд хамгийн хэрэгцээтэй орон сууцжуулалтыг дэмжиж байна.

Нөгөө талаас агаарын бохирдлын асуудалд чиглэж, газар чөлөөлж янданг бууруулж байгаа эерэг үр дагавартай. Нийслэлийн төсвөөр бус, үнэт цаасаар хийгдэх ажлуудыг харвал, 50 хувь нь зам руу буюу нийслэлчүүдэд тулгарч буй гурван асуудлын нэг замын түгжрэлийг бууруулах зорилгоор орж ирж байна. Мөн Туулын хурдны замын бүтээн байгуулалт 800 гаруй тэрбумын 550 тэрбум орчмоор орж ирж байна.

-Хамгийн гол нь төсвийг үрэлгэн зарахгүй байх бас чухал болов уу?

-Тийм ээ. Улсын төсөвтэй яг адилхан. Бид хугацаатай бондууд гаргасан. Таван жилийн дараа эдгээр бондуудын эргэн төлөлт нэхэгдэнэ. Тэр үед нийслэлийн орлого ямар байх вэ, тэр орлогыг анхаарах үүднээс эдгээр гаргасан бондуудын эргэн төлөлтийг дээрх боломжтой төслүүдээс гаргахаас гадна өнөөдрийн ажлын байр бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй.

Улсын төсөвтэй адилхан олон бус илүү цөөн арга хэмжээ рүү оруулах тусам бид тэр хэмжээгээр эрсдэлээ бууруулна гэсэн үг. Нэг зэрэг олон ажил эхлүүлэх тусам эргээд тодорхой ажлууд комодоти бүүм буюу мөчлөг унах үед ашигт малтмалын үнэ унаад, энэ үед гацах эрсдэл бий.

-Нийслэлчүүдийн хоолойг хорсгож, цаашлаад элдэв өвчлөлийн эх суурь болж байгаа асуудал бол юуны түрүүнд агаарын бохирдол байна. Энэ чиглэлээр ямар ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн бэ?

-Агаарын бохирдол гэхээр яг нүүрс, зуух гэж ярихаас илүү хамгийн чухал зүйл бол яаж өрхийн орлогыг нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал. Хэрвээ өрхүүд өөрсдөө орлого нь нэмэгдээд ирвэл нэгдүгээрт, орон сууц худалдаж авах замаар шилжилт хөдөлгөөн их явагдах боломжтой.

Сүүлд харсан судалгаанаар, нийслэл даяар нийт 30 гаруй мянган орон сууцны барилга зарагдахад бэлэн байна гэсэн тооцоо гарсан байсан. Ядаж 30 мянган өрхийн хувьд чанартай ажлын байр нэмэгдээд, цалин хөлс нь өсөх тусам орон сууцанд орох хандлага нэмэгдэх боломжтой. Хоёрдугаарт, боломжтой айлуудыг харахад цахилгаан халаагуураар халааж байна. Гэтэл боломжгүй нь нүүрсээ хэрэглэсээр байна.

Ер нь нүүрсээ түлэхээ больж байж агаарын бохирдол буурна. Сэргээгдэх эрчим хүчний цахилгааны шийдэл, газны шийдэл, орон сууцжуулалт гээд өнөөдрийн өрхийн амьжиргааны түвшнийг сайжруулах замаар асуудлыг шийдэхээс өөр арга байхгүй. Тэгэхгүй бол яг өнөөдрийн нөхцөлд эдгээр шийдлүүдийг бүрэн хэрэгжүүлье гэхэд улсаас дийлэнх дэмжлэгийг өгөхгүй бол амьдралд хэрэгжихгүй.

-Их Британиас эхлээд дэлхийн улс орнууд агаарын бохирдлоо шийдэхдээ хийг түлхүү ашигласан. Нийслэл дээр ч бас үүнийг хийгээр шийдэх асуудал яригдаж байна. Бидэнд хий хэрэглэж сурахад хэр хугацаа шаардлагатай гэж та бодож байна вэ?

-Миний хувьд яг нарийн тооцооллууд хийгээгүй. Гэхдээ олон улсын гаргасан судалгаануудаас харахад, газ гэдэг шилжилтийн шийдэл байгаа юм. Том утгаараа Европын орнуудыг харахад нүүрсний цахилгаан станцаас газын цахилгаан станц буюу цаашаагаа дундын шилжилтийн үеэ өнгөрөхөөр бүгд сэргээгдэх рүү шилжинэ гээд зорьж байна.

Монгол Европын орнуудын хөгжилд хүрээгүй. Гэхдээ харьцуулаад харахад, сэргээгдэх эрчим хүчээр айл бүрийг хангана гэдэг бол бидний өнөөдрийн орлогод нийцсэн шийдэл биш. Мэдээж сэргээгдэхээр шийдэх энэ асуудлууд бол орлогын түвшний топ нэг, хоёрдугаар түвшинд нэвтрэхэд болох байх. Гэр хорооллын, нүүрс хэрэглэж буй дийлэнх өрхүүдэд нэвтрүүлье гэвэл энэ шилжилтийн түлшийг хэрэглэхээс өөр гарц байхгүй.

Хоёр жилийн өмнө 20 мянган цахилгаан халаагуурын тендер зарлагдах гэж байхад зогсоосон. Үүний нэг шалтгаан бол цахилгаанаар халаах боломж тухайн үед байгаагүй. Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станцын, дулааны хураагуурууд үе шаттай ороод, одоо яригдаж байгаа өргөтгөлүүд орох тусам цахилгаанаар дийлэнх айлуудыг хангах боломж бүрдэнэ. Гэхдээ бүгдийг нэг дор чадахгүй учраас түлшээр халаах хувилбарууд орж ирж байна гэж бодож байна.

Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл

ulzii [66.181.181.66] 2025-01-02 19:48:54

ardiin namiin tejeewer golog amdiral medehgui iim hudlaa zangiaa zuusen bandi nar olon yum shaah yum daa zail zail

Иргэн [66.181.186.122] 2025-01-01 10:25:50

Бодож байна....бодож байна....бодож байна.....хэзээ бодож дуусах вэ. Маш хурдан шийдэл олж шийдлээ шийдвэр, бодлого болгоод хэрэгжүүлж бодит үр дүн иргэд, олон түмэнд мэдрэгдэх нь чухал байх аа

Зочин [66.181.161.178] 2024-12-31 12:47:17

Энэ нэг шаадаг сдаа байна. Юу ч хийж чадахгүй хурдасгуур энтэр гэж баахан самарсан ажил хийсэн худлаа далдаг

DR. ADITY [197.211.63.175] 2024-12-31 12:21:42

IF YOU WANT TO SELL YOUR KIDENY FOR MONEY $ 780,000.00 USD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

иргэн [103.57.92.26] 2024-12-31 11:56:20

Бодит дүгнэлт хийж байна шүү Юм л бол муулахын дон сизо тусчихсан хүмүүс олширчихоод хэцүү юм аа Жинхэнээсээ бидний боломжийг хулгайлж баллаж хаячихаад гадаадруу зугтаасан хүмүүст хандаж хэлэх үг байхгүй Харлуулах ганц аргатай цөөхөн лайвчид байна аа Ард түмэн хэрсүүд болсон ялгаж байгаа даа

dklkj [43.242.241.154] 2024-12-31 09:30:05

худлаа гардаа, практикгүй, амьдрал мэдэхгүй


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.