Орон нутгийн болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа

Д.Тулга / Эдийн засаг

137 сургагч багшийг бэлтгэн ахмадуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэхэд Юнител групп хамтран ажиллаа

Өнөөдөр Монгол Улсын иргэд гар утас, компьютер төдийгүй бүх л электрон төхөөрөмжийг интернэтэд холбон, хоорондоо мэдээлэл солилцохын зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, төрийн болон бизнес, санхүүгийн үйлчилгээг авч байна.

Гэвч энэ нь бүх иргэдийг хамарч, хангалттай үд дүнд хүрч чадахгүй, ялангуяа ахмад настнууд, хөдөө орон нутгийн иргэдэд цахим мэдлэг, ур чадварын ялгаа гарсаар байгаа юм.

Энэхүү ялгаатай байдлыг арилгах зорилгоор ЦХИХХЯ, Боловсролын ерөнхий газар, Насан туршийн боловсролын төв, Юнител групп болон бусад байгууллагууд хамтран “Ахмад настай иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх Үндэсний цахим элч” хөтөлбөрийг хэрэгжүүллээ.


Үүний хүрээнд 137 сайн дурын оюутан, залуус, ахмадыг сонгон шалгаруулж, цахим ур чадварын сургагч багш болгон бэлтгэсэн ба эдгээр сайн дурын “Үндэсний цахим элч” нар нь 2024 оны 10 сарын 10-наас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын 9 дүүрэг, хөдөө орон нутгийн нийт 1277 ахмадад яг өдөр тутамд нь хэрэгцээтэй цахим ур чадваруудыг заалаа.

Нэг талдаа цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой ч нөгөө талдаа нийгмийн томоохон хөндөгддөггүй асуудал болох залуу болон ахмад үе хоорондын харилцаа, ойлголцлыг сайжруулах ач холбогдолтой сургалт болсон талаар ахмадууд хэлж байна.

Д.Нэргүй Сургагч багш, БЗД-ийн ахмадын хорооны мэргэжилтэн

“Сургалт болох тухай мэдээд өөрөө багш болж үеийнхэндээ заахыг хүссэн юм. Манай дүүрэг хүн ам олон, түүнийгээ дагаад яг энэ цахим хэрэглээ, дижитал бичиг үсгийн боловсрол шаардлагатай олон ахмадууд манай дүүрэгт байдаг тул өөрөө багш болоод урт хугацаанд энэ төрлийн мэдлэгийг түгээх зорилт тавьсан юм. Өөрөө маш их зүйлийг сурч мэдээд ахмадууддаа заасандаа баяртай байна. Мөн энэ хөтөлбөрийг дэмжиж сургалтын бүх хугацаанд интернэт, датагаар хангаж байсан Юнителд баярлалаа. Цаашдаа ахмадуудыг дэмжсэн, орчин үеийн цахим хэрэглээ, харилцаа холбооны талаар мэдлэг түгээх олон хөтөлбөрийг дэмжин ажиллана гэдэгт найдаж байна” гэлээ

Ж.Наранцэцэг сурагч, БЗД-ийн ахмад

Сургалтад суухаас өмнө би утаснаасаа нэгж, дата авах, төлбөрөө төлөх, бүх төрлийн банкны үйлчилгээ авч болдог талаар сайн мэддэггүй байлаа. Хүүхдүүдээсээ л байнга асууна. Гэтэл энэ сургалтад суугаад утаснаасаа авч болох бүх үйлчилгээг авч сурлаа. Датагаа аваад киногоо утсаараа үздэг болсон, автобусныхаа чиглэл цагийг хардаг болсон гээд олон давуу тал амьдралд минь нэмэгдсэнд баяртай байна.

З.Энхбаяр сургагч багш, ХУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан

Өөрөө залуу хүн гэлээ ч сургагч багшаар сураад ахмадуудад цахим хэрэглээний талаар сургалт орсон нь надад маш том туршлага боллоо. Сургагч багш нар болон сурч байгаа ахмадууд маань бүгд идэвхтэй, сэтгэл хангалуун оролцсон. Сүүлдээ ахмадууд маань сураад эргээд бидэнд ямар апп-ийн аль цэсэнд хэрэгтэй мэдээлэл үйлчилгээ байгаа талаар зааж байсан нь сургалт маань үр дүнтэй болсныг харуулж байгаа юм.

Ахмадууд ухаалаг утас, интернэтийн хэрэглээ, банкны төлбөр тооцоо, контент бүтээх зэрэг 6 бүлэг агуулга сэдвийн хүрээнд суурь болон ахисан түвшний цахим мэдлэг, ур чадвартай болсон байна.

Мөн дээрх агуулгын хүрээнд “Ахмад настай иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх гарын авлага” номыг ахмадуудад хүргэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.130] 2025-01-22 15:17:25

Хаагуураа ийм зүйлээ зарлаад сонгоод байдаг юм бэ??? Сонгууль болохоор л эрэл сурал болоод байдаг байж хэрэг зүйлдээ нэг оруулахгүй юмаа. Арай гомдмоор юм аа СБД-ийн МАН


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.