Төв аймагт 2000 боодол өвс шатаж байсныг унтраажээ
Боодол өвс шатаж байна гэх дуудлага онцгой байдлын албанд ойрын өдрүүдэд бүртгэгдсээр байна. Тухайлбал энэ төрлийн хоёр дуудлага өчигдөр бүртгэгдсэн байна. Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн "Дөрөв жаран нэг" гэдэг газар өвс шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 22-ны 13:22 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн хураалттай 2,000 боодол өвс бүрэн шатаж байсныг ажиллаж унтраажээ.
Түүнчлэн Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн "Дух нарс" гэдэг газар автомашин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 22-ны 22:33 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн "Isuzu Forward" загварын 300 боодол өвс ачсан ачааны автомашины бүхээгийн хойд хэсэг шатаж байсныг ажиллаж унтраажээ.
Сэтгэгдэл