Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, 2025 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах, салбар хороодын төлөвлөгөө, төсвийн төслийн танилцуулга мэдээллийг сонсож зарим салбар хороонд үүрэг чиглэл өглөө.
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан жил бүр Үндэсний их баяр наадамтай холбоотой асуудлыг цагийг нь тулгаж танилцуулдаг, алдаа дутагдлыг арилгаж, баяр наадмын бэлтгэл ажлыг эртнээс сайтар төлөвлөж зохион байгуулахыг салбар хороодын дарга, гишүүдэд үүрэг болголоо.
Мөн энэ зун зохион байгуулагдах "Эдийн засгийн форум"-д оролцож буй гадаад, дотоодын өндөр түвшний зочид төлөөлөгчид Үндэсний их баяр наадмыг үзнэ. Тиймээс эмх цэгц, агуулгад илүү анхаарч тэдэнд зориулсан хөтөлбөр арга хэмжээг сайтар дэглэж зохион байгуулах шаардлагатайг сануулав.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороог ойрын үед дахин хуралдуулж, 2025 оны Үндэсний их баяр наадмын салбар хороодын төсөв болон нээлт, хаалтын арга хэмжээний найруулагчийн сонгон шалгаруулалтыг эцсийн байдлаар шийдвэрлэхээр тогтлоо гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл