Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглолоо
Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар хэлэлцсэн өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлаарх Засгийн газрын 41 дүгээр тогтоол албажив.
Тогтоолын хоёр дахь заалтад “Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай” гэж заажээ.
Тухайн өдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөл, хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах эрхийг орон нутгийн ИТХ-д шилжүүлсэн юм. Ингэхдээ 12-оос доош насны хүүхдээр унуулахгүй байхаар тусгасан.
Энэ олон нийтийг бухимдуулж, эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Тэгвэл “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дэх заалтын “үсэргээ зохион байгуулахыг” гэснийг “үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг” гэж өөрчилсөн байна.
Энэ тогтоолын хэрэгжилтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, бүх шатны Засаг дарга нар хяналт тавьж ажиллах юм байна.
Сэтгэгдэл
Зочин [202.126.91.204] 2025-02-05 17:13:09
Bizda bvr moson horiod ogoochee 5/1-nees 11/1 hvrtel hangaltai hugzaa bain ene hoorond Mori uralduulhaar yachaad baigaa ymbe 18 nastai hvvhdeer Mori unuulaj hargadaach
Яана даа хөөрхий [203.91.116.130] 2025-02-05 16:28:00
Хурдан морины уралдаан, үсэргээ хоёр чинь ялгаатай ш дээ. энэ засаг нэг шийдвэр гаргахаараа төгс шийдэхгүй хоёр үзүүртэй юм шиг хачин шийд гаргах юм аа. нэг мөр шийдээч дээ. үсэргээ биш уралдаан ш дээ гээд л маргах юм байна даа.