Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчдыг тодрууллаа
![](/files/ezithmdnogcggkhovr2c/3/unnamed.jpg)
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан тэргүүний малчин, тариаланчдын амжилтыг үнэлэн 2025 онд Улсын аварга малчнаар 140, Улсын хошой аварга малчнаар 14, Улсын аварга саальчнаар долоон иргэнийг, Улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланч хамт олноор 17 аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланчаар 23 хүртэлх иргэнийг тус тус шалгарууллаа.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн ажиллах хүчин болсон малчид, тариаланчдын бүтээмжийг үнэлж жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын аваргуудыг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлсэн, хөдөөгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг бодитой оруулж, манлайлан ажиллаж байгаа байдлыг голлох үзүүлэлт болгожээ.
Малчид, фермерүүдийн дунд Монгол орны нөхцөлд нэг саалийн үнээнээс жилдээ 9.0 мянган литр сүү саадаг олон улсын жишигт нийцсэн сүүний үхрийн аж ахуй эрхлэгч, хотоос хөдөө гарч эрчимжсэн аж ахуй эрхлэн хөдөөгийн хөгжлийн загвар бий болгож байгаа залуу фермер гэр бүл, бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулж чанартай, таваарлаг үхэр сүргийг дагнан үржүүлж байгаа малчид, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, техникийн шинэчлэл хийсэн тариаланч хамт олон, шинэ нэр төрлийн таримал тариалж нутагшуулсан тариаланчид багтжээ.
Сэтгэгдэл
Зочин [67.171.160.15] 2025-02-12 16:16:50
улсын аварга нүүрсчин