Alibaba-гийн хувьцааны ханш огцом өсчээ
![](/files/4uxehyxc8pllsvdvzxhj/3/k.webp)
Америкийн "Apple" компанитай хийж буй хамтын ажиллагаанд нь ахиц дэвшил гарсан тухай мэдээлсний дараа “Alibaba Group Holding”-ийн хувьцааны ханш Хонконгийн биржийн лхагва гаргийн арилжаа дуусах мөчид 113.8 хонконг долларт хүрч /14.6 ам.доллар/ 8.5 хувиар өсжээ.
“Apple” компани “Alibaba”-тай хамтран бүтээсэн хиймэл оюуны функцуудыг “iPhone” ухаалаг гар утсанд нэвтрүүлэх хүсэлтээ Хятадын зохицуулах байгууллагуудад гаргасан тухай “The Wall Street Journal” сонинд эх сурвалжуудыг эш татан бичжээ. Тус сонинд мэдээлснээр, хүсэлтийг судлан хэлэлцэх үйл явц хэдэн сарын турш үргэлжилж магадгүй байна. Энэ мэдээллийн дараа “Alibaba”-гийн хувьцааны үнэ сүүлийн хоёр жил орчмын хугацаанд хамгийн өндөр хувиар өсжээ. Харин хиймэл оюуны үйлчилгээтэй холбоотой түншлэлийг Алибабатай байгуулсан тухайгаа “Apple” компани албан ёсоор зарлаагүй байна.
Өнгөрсөн онд танилцуулсан “Apple Intelligence” функцийг Хятадад борлуулдаг “iPhone” гар утсанд одоогоор суулгаагүй байгаа юм. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд холбогдох зөвшөөрөл авахыг Хятадын тал шаардсан байна. Хятадын хиймэл оюун хөгжүүлэгч томоохон компаниудтай “Apple” өнгөрсөн хавраас хойш хэлэлцээ хийсэн тухай WSJ сонинд бичжээ. “Apple” компанийн удирдлага эхлээд Хятадын хайлтын систем, веб серверийн үйлчилгээ үзүүлдэг "Baidu" компанитай тохиролцсон боловч өнгөрсөн оны сүүлчээр хоёр талын хамтын ажиллагаанд асуудал үүссэн байна. Түүнээс гадна, "Tencent", "ByteDance" компаниудтай "Apple" яриа хэлэлцээ хийж байгаа тухай "Reuters" агентлаг өнгөрсөн оны 12 дугаар сард мэдээлж байв.
"OpenAI"-ийн "GPT-4o" болон "DeepSeek V3"-аас илүү үзүүлэлттэй "Qwen 2.5-Max" чатботыг "Alibaba" өнгөрсөн сард гаргасан юм. Энэхүү хиймэл оюуны функцийг "iPhone"-д нэвтрүүлэх нь "Alibaba"-гийн хувьд шинэ нээлт болно гэж "Bloomberg"-ийн шинжээчид үзэж байна. Хэдийгээр Хятадад хэрэглээ буурсны улмаас хүндрэл учирч байгаа боловч тус компани хиймэл оюун ухааны үйлчилгээг хөгжүүлэх тал дээр ахиц гаргана гэдэгт хөрөнгө оруулагчид найдаж байгаа учраас 2025 он гарснаас хойш тус компанийн хувьцааны үнэ 30 гаруй хувиар өсжээ. "Alibaba" бол Хятадын цахим худалдааны зах зээл дэх хамгийн том тоглогч бөгөөд "Apple"-ийн тусламжтайгаар Хятадын хэрэглэгчдэд зориулсан дэвшилтэт хиймэл оюуны функцэд ашиглаж болох асар их мэдээлэл бий гэж "Morgan Stanley"-гийн шинжээч Эрик Вудринг хэллээ.
"Apple" компани Хятадын зах зээлд "Huawei" зэрэг хиймэл оюуны функцтэй ухаалаг гар утас зардаг өрсөлдөгчддөө шахагдаж байгаа юм. 2024 оны 12 дугаар сард дуусгавар болсон 2025 оны санхүүгийн жилийн нэгдүгээр улиралд Хятад дахь "Apple" компанийн борлуулалт 11 хувиар буурч, 18.5 тэрбум ам.доллар болсон нь шинжээчдийн таамаглаж байснаас хамаагүй доогуур үзүүлэлт болжээ. Борлуулалт ийнхүү буурсан нь Хятадын зах зээлд "Apple Intelligence" байхгүйтэй холбоотой гэж тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк тайлбарлалаа.
Д.ЖАРГАЛ
Сэтгэгдэл