Б.Галаарид: Үндэсний аюулгүй байдлыг хангах үүргээ сэтгүүл зүй гүйцэтгэж чадахгүй байна

Сэтгүүл зүйн ухааны доктор, дэд профессор Б.Галааридтай сэтгүүл зүй, меддиа салбарын асуудлаар ярилцлаа.
-Үндэсний сэтгүүл зүйн 112 жилийн ойг гуравдугаар сарын 6-нд тэмдэглэсний дараа Та нүүр номондоо энэ өдрийг буруу тогтоосон гэж бичсэн байсан. Энэ талаараа тодруулга өгч болох уу?
-Бололгүй яахав. Сэтгүүлчдийн мэргэжлийн баярын өдрөөр жилийн аль ч өдрийг сонгон тогтоож болно. Энэ утгаараа гуравдугаар сарын 6-ны өдөр ямар ч асуудалгүй. Харин монголчуудын анхны тогтмол хэвлэл “Шинэ толь хэмээх бичиг” анх гарсан өдөртэй холбон тэмдэглэнэ гэвэл буруу. “Шинэ толь”-ийн анхны дугаар юлийн тооллын 1913 оны гуравдугаар сарын 6-нд гарсан нь өнөө бидний дагаж буй григорийн тооллоор гуравдугаар сарын 19-тэй дүйцнэ. Сэтгүүл зүйн түүх бичвэрийн энэ алдааг л сануулсан хэрэг.
“Шинэ толь хэмээх бичиг”-ийн анхны дугаарт “Олноо өргөгдсөний гуравдугаар он хоёр сарын арван хоёр, оросын нэг мянга есөн зуун арвангуравдугаар он март сарын шинийн зургааны өдөр. Монгол улсын нийслэллэсэн Их хүрээний газар хэвлэв” гээд дурайтал биччихсэн байна. 1913 онд дэлхийн ихэнх орон григорийн тоололд шилжчихсэн, харин Орос юлийн тоололтой байсан. Тийм болохоор Оросын 1913 оны март сарын 6 гэж зориуд тодолсон хэрэг.
-Ийм тодорхой асуудал яагаад өдий хүртэл яригдаагүй юм бэ?
-Монголын сэтгүүл зүй судлал гэдэг салбар ухааны чалх, чансааг л харуулж байгаа хэрэг. Манай салбарын онолын судалгаа болон түүх бичлэгийн асуудалд эргэж харах зүйлс байна. Шинжлэх ухааны судалгаа гэдэг алхам тутамд хуучнаа эргэн нягталж, зөвийг нь бататгаж, бурууг нь залруулж явдаг зүй тогтолтой. Энэ зүй тогтол Монголын сэтгүүл зүй судлалд алдагдчихаад байна. Жишээ нь, “Шинэ толь”-ийн анхны дугаар хэвлэгдсэн өдрийг юлийн тооллын гуравдугаар сарын 6-ны өдөр байна гэдгийг би 2018 онд “Монголын чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшил” нэг сэдэвт бүтээлдээ анхааруулсан. Дараа нь доктор М.Одмандах “Монголын анхны тогтмол хэвлэлийн түүхийн судалгаа” нэг сэдэвт бүтээлдээ Монголын анхны тогтмол хэвлэл мэндэлсэн өдрийг 1913 оны гуравдугаар сарын 19 гэж үзэх нь зөв гэж бататгасан. Энэ бол шинэ судалгааны үр дүн. Салбарын эрдэмтэд үүнийг хэлэлцэн нэг мөр болгох ёстой.
-Монголын сэтгүүл зүйн түүх бичлэгийн арга зүй хоцрогдсон байна гэсэн Таны шүүмжийг уншиж байсан юм байна. Тэнд бичсэнээр бол салбарын эрдэмтэн судлаачдын дунд харин ч мэтгэлцээн өрнөөд байгаа юм биш үү?
-2021 онд хэвлэгдсэн миний “Монголын үнэн” сонины бодит түүх” бүтээлийг бүхэлд нь, М.Одмандахын “Монголын анхны тогтмол хэвлэлийн түүхийн судалгаа” бүтээлийг хэсэгчлэн шүүмжилсэн хариу бүтээл болох “Монголын үнэн” сонин монголчуудын оюун санааны үнэт өв, монгол үндэстний өмч мөн” номыг доктор Т.Баасансүрэн туурвиж, шинжлэх ухааны доктор М.Зулькафиль, Хөдөлмөрийн баатар, ахмад сэтгүүлч Х.Цэвлээ нар өмнөтгөл бичин хэвлүүлж, 2024.11.08-нд “Монголын үнэн” сонины газарт нээлтийн арга хэмжээ зохион байгуулсан. Тэр номын тухай сэтгэгдлээ“Үгүйсгэн шүүмжлэгч, төсөөлөн улстөржигч, эргээ хальж үерлэгч”-ээс хүндэт ах нартаа хүргэх үг” гэсэн давхар гарчигтайгаар нүүр номдоо би бичсэн. Доктор Т.Баасансүрэн уг бүтээлдээ “Үнэн” сонин нь “Монголын үнэн” сонины үргэлжлэл биш, төрөл арилжсан бүр өөр цоо шинэ хэвлэл гэж нотлох гэж санаархах нь үнэхээрийн явцгүй, өчүүхэн ч үнэмшилгүй бөгөөд үндэслэлгүй, бараг “захиалгат өдөөн хатгалга” гэж хэлж болохоор хорлонт үйлдэл юм” гэж дүгнэсэн, доктор М.Зулькафиль энэ дүгнэлтийг нь онцлон эшилсэнд хариу хоёр үг бичсэн хэрэг.
-Манай сэтгүүл зүй судлалын ноён оргилуудын анхааралд өртөж, хариу ном гаргах хэмжээний бүтээл гэхээр сонирхол татаж байна. Таны тэр судалгаа юугаараа онцлог юм бэ?
-Нэгдүгээрт, Коминтернээс 1920 оны 11 дүгээр сарын 10-аас 1921 оны дөрөвдүгээр саын 19 хүртэлх хугацаанд Эрхүүд нийт 6 дугаар хэвлэн Монголд түгээсэн “Монголын үнэн” сонин болон 1925.04.24-ний өдрөөс эхлэн МАХН-ын Төв Хорооны тогтоолын дагуу хэвлэгдэн гарсан “Үнэн” сонинууд нь хоёр өөр хэвлэл байна; хоёрдугаарт, Эрхүүгийн “Монголын үнэн” сонины гол санаачлагч, үүсгэн байгуулагч нь Коминтерн бөгөөд монголын хувьсгалч Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын оролцоо олон арван жилийн турш бидний уншиж байсан түүхтэй харьцуулбал хамаагүй бага байжээ; гуравдугаарт, зохиолч С.Буяннэмэх Эрхүүгийн “Монголын үнэн” сонины анхны эрхлэгч биш байна, оролцсон бол сүүлийн 1-2 дугаарыг бэлтгэхэд л оролцсон байж болох юм гэсэн 3 үндсэн асуудлыг хөндөж, холбогдох баримтуудаар нотолсон. Өнөөдөр 104 жилийн түүхтэй гээд байгаа “Үнэн” сонины 100 жилийн ой жинхэнээрээ бол энэ онд тохиож байна. “Үнэн” сонин 2010 онд л “Монголын үнэн” гэж нэрээ өөрчилсөн хэвлэл шүү дээ. Сэтгүүл зүй судлаач эрдэмтдийн буруу судалгаан дээр үндэслээд өөрийгөө коминтерны “Монголын үнэн” сонины залгамжлагч гэж ойлгоод байгаа юм. Жаахан юм мэддэг, уншдаг хүмүүст бол ичмээр дамшиг. Миний судалгаа болинтернэтэд нээлттэй байгаа “Монголия в документах Коминтерна. 1919-1934” (Улан-Удэ.: 2012.)бүтээлийг гол болгож, Коминтерний Хятад, Солонгос, Япон зэрэг Азийн орнуудтай холбоотой ил болгосон баримт, архивын материалууд, гадаад дотоодын эрдэмтдийн судалгааг харьцуулсан бүтээл. Надтай мэтгэлцье гэвэл эдгээр түүхэн баримтуудыг үгүйсгэх хэрэг гарна. Доктор М.Одмандах бид хоёрын бүтээлүүд Монголын сэтгүүл зүйн түүх бичлэгийн марксист арга зүйг эвдэж, түүхэн үнэнийг тодлох гэсэн судлаачийн сэтгэлийн дуудлага болохоос Т.Баасансүрэн гуай хариу номдоо битүүхэн хэлсэн гаднын том хөтөлбөрүүдийн захиалгат бичвэр бол биш л дээ.
-Та түрүүнд манай салбарын онолын судалгаанд эргэж хармаар зүйл байна гэсэн. Энэ тухайгаа тодруулж ярих уу?
-Сэтгүүлчийн хувьд би олон жилийн туршлагатай ч сэтгүүл зүй судлалдаа нэг сэдэвт бүтээл гуравханыг хэвлүүлсэн шинэ хүн. Сэтгүүл зүй судлалаар докторын зэрэг хамгаалах гэж ажиллахдаа хамгийн түрүүнд анзаарсан нэг зүйл бол манай онолын судалгаа хэвлэл мэдээллийн салбарын бодит амьдрал, хөгжлийн хурдцаас хол хоцорсон асуудал байв. 1990 онд нийгмийн тогтолцоо өөрчлөгдөхөд сэтгүүл зүйн салбар онолын чиг баримжаагаа өөрчлөх шаардлагатай болсон. Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нээлттэй болсноор Зөвлөлтийн сэтгүүл зүйн онол үйлчлэхээ больсон. Энэ эгзэгтэй үед энэ чухал салбарын мэргэжлийн судлаачид угтан ирж буй шинэ нөхцөл байдлын эрсдэлийг тооцсон онолын үндэслэлтэй дориухан дүгнэлт гарган төрийн бодлогод тусгуулчихгүй яав даа, чөлөөт хэвлэлийн гэгдэх гучин хэдэн жилд онолын судалгаанд олигтойхон анхаарчихгүй яав даа гэх харамсал төрсөн. Монголын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбар өнөөдөр хэвлэлийн норматив онолуудын чухам алиныг нь баримтлан хөгжиж байгаа юм бэ? Энэ салбарт ер нь онолын тодорхой чиг баримжаа байгаа юм уу? Яагаад мэргэжлийн сэтгүүл зүй өнөөдөр нийгмийн сүлжээнд байр сууриа алдаж, буланд шахуулчихаад байгаа юм? Mass Communication Theory гэдэг нэр томьёогоо хүртэл зөв ойлгож, оновчтой орчуулж чадсан юм уу гээд яривал та бид хоёрын яриа дуусахгүй.
-Сүүлийн жилүүдэд сэтгүүл зүйн ухааны докторууд олноор төрж байгаа. Тэдний судалгааны ажлууд асуудлыг зөвөөр шийдэхэд нөлөөлөхгүй байна гэж үү?
-Яалаа гэж, тэд сэтгүүл зүй судлалд өөр өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа. Дээр нь олуулаа болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ суурь онолын асуудлыг хөндсөн ажил ховор байна. Тогоон дотроо түжигнээд асуудлыг бусад салбар ухаануудтай холбон судлах далайц үгүйлэгдэж байна. Харин Үндэсний батлан хамгаалахын их сургууль сүүлийн жилүүдэд мэргэжлийн сэтгүүлчдийг судалгаанд татан оролцуулж, салбар дундын судалгааг хөгжүүлж эхэлж байгаа нь сайшаалтай. Тэнд манайхнаас С.Буянхишиг “Нийгмийн аюулгүй байдлыг хангахад сэтгүүл зүйн бодлогын нөлөө” сэдвээр, Ж.Цэсэн МҮОНРТ-ийн асуудлаараюулгүй байдал судлалын докторын зэрэг хамгааллаа. Энэ бол маш сайн эхлэл.
-Нийгмийн аюулгүй байдлыг хангахад сэтгүүл зүйн бодлогын үзүүлэх нөлөө гэхээр их содон сонсогдож байна. Манайд сэтгүүл зүйн бодлого гэж ер нь байгаа юм уу?
-Доктор С.Буянхишиг энэ асуудлыг ул үндэстэй судалж, маш тодорхой дүгнэлт хийсэн байгаа. Тэрээр Монголд сэтгүүл зүйн салбарт нэгдсэн бодлого, хэрэгжүүлэх механизм байхгүй байгааг судалгаагаараа нотолсон. Сэтгүүл зүйн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах нь сэтгүүл зүйн нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний суурь дэвсгэр нь болж өгнө, энэ суурьгүйгээр сэтгүүл зүйг сайжруулах оролдлого үр дүнд хүрэхгүй гэж үзээд засаж залруулах арга замыг хүртэл санал болгосон байгаа.
Монголын сэтгүүл зүйн салбар нэгдсэн бодлогогүй, эмх замбараагүй, абсолют эрх чөлөөтэй, хариуцлагагүй явж ирсэн нь манай сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт баримталж байгаа суурь онол болох хэвлэлийн либератари онолтой холбоотой гэж тэрээр үзээд харьцангуй үр дүнтэй нь олон орны туршлагаар батлагдсан Хэвлэлийн нийгмийн хариуцлагын онолыг Монголд хэрэгжүүлэх, тэгэхдээ шууд хуулбарлалгүй, бусад норматив онолоос манай орны нөхцөлд тохирох зарим зүйлийг нь тусгах замаар баяжуулан Монголын онцлогтой нийгмийн хариуцлагын онолыг бий болгох нь зүйтэй гэсэн санал дэвшүүлснийг би хувьдаа талархан дэмжиж байна. Бид онолын асуудлаа тодорхой болгохгүйгээр бодлого, хөгжил яриад ямар ч үр дүнд хүрэхгүй.
-Нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх нэрийн дор төрийн цензур, дарангуйлал тогтоох аюулаас бид их болгоомжилж байна. Үүнээс яаж зайлсхийх вэ?
-Хэвлэлийн эрх чөлөөнд хэн ч халдах ёсгүй гэдэг нэрийн дор гучин хэдэн жил дураар дургисны гор гарч, өнөөдөр хэн муухай харааж, бүдүүлэг авирласан нь од болдог, хэрүүл рүү хошуураад хэрэгтэй мэдээллийг тоодоггүй цаг үе ирлээ. Үндэсний аюулгүй байдалд халтай болчихлоо шүү дээ. Зохицуулалт хэрэгтэй. Тэгэхдээ өөрийн чинь хэлсэн аюулаас зайлсхийхийн тулд Төр-Салбар-Нийгмийн хамтын зохицуулалтын гурвал гэсэн хэлбэрийг зөв хослуулсан тусгай нэгдмэл бодлого хэрэгжүүлье гэсэн доктор С.Буянхишигийн санал ер нь хамгийн боломжит хувилбар гэж харагдаж байна.
-Үндэсний болон Нийгмийн аюулгүй байдлын ялгаа нь юу вэ?
-Үндэсний аюулгүй байдал гэхээрээ Монгол улсын үндэсний язгуур ашиг сонирхол гадаад, дотоод аюулаас хамгаалагдсан байдал гэсэн онолын тодорхойлолт байдаг. Нийгмийн аюулгүй байдал гэхээрээ хувь хүн, нийгмийг аюулаас хамгаалах цогц арга хэмжээний үр дүнгээр илэрхийлэгдэх нөхцөл байдлыг хэлнэ. Мэдээллийн аюулгүй байдал бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг. Түүнд үндэсний сэтгүүл зүйн үүрэг хариуцлага маш их. Сэтгүүл зүй бол нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг онцгой салбар гэдгийн нэг учир нь энэ. Тийм болохоор сэтгүүлчийн нийгмийн хариуцлага гэж ярихаас биш, сэтгүүлчийн иргэний хариуцлага гэж ярьдаггүй юм. Үндэсний аюулгүй байдлыг хангах үүргээ Монголын сэтгүүл зүй гүйцэтгэж чадахгүй байгаа чинь дам утгаараа монгол үндэстэн, Монгол Улсын оршин тогтнохуйд сөргөөр нөлөөлж байна гэсэн үг ээ дээ. Энэ нь манай салбарт хийж хэрэгжүүлбэл зохих онол-практикийн ажил мөн ч их байна даа.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Д.Туяа
Сэтгэгдэл
Зочин [66.181.177.186] 2025-03-30 12:04:04
Өнөөгийн сэтгүүлзүйн салбар үндэсний аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдлыг хангах биш нийгмийг талцуулж хагаралдуулах, үндэсний аюулгүй байдлыг бүх талаар задлах бутаргахад онцгой үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ талаар дуугарсан хэнийг ч “ хэвлэлийн эрх чөлөөг боомиллоо, сэтгүүлзүйн хараат бус байдалд халдлаа” гэж зэрэг зэрэг орилцгоодог шантажчингууд . МСНЭ гэж сэтгүүлчидтэйгээ ажилладаггүй, буруу зүйл хийсэн сэтгүүлчээ өмөөрсөн мэдэгдэл хийхээс өөр юу ч хийдэггүй унтаа газар. Томоохон өөрчлөлт гаргаж эгнээндээ цэвэрлэгээ хийж эргэлт гаргах цаг нь болсон доо. Хөдлөхгүй л юм.
Иргэн [66.181.191.116] 2025-03-28 13:28:11
Монголын сэтгүүл зүйн хамгийн тудгамдсан асуудал бол сэтгүүлч, сурвалжлагчдынхаа боловсрол, мэргэлийн мэдлэг чадварт анхаарах асуудал болоод байгаа. Тэд чинь Гүррагчаа, Гагаринтай сансарт хамт ниссэн гэх хэмжээний л мэдлэг мэдээлэлтэй л улс даа. ЮУН ОНОЛ
Зочин [66.181.177.136] 2025-03-28 11:36:29
Олигарх голдуу эзэнтэй хувийн сонин сайтууд зөвхөн эзэндээ улс төрийн бүлэглэлүүднд л үйлчилнэ Шударга сэтгүүлч өөрийнхөө үзлээр биёих нь ховор баына тэгэх тусмаа өарөө сонин гаргах боломж бараг байхгүй Тийм уёраас сэтгүүлчид нийгмийн асуудалд бага анхаарч байна Төр засаг өөрөө ганц саыттай болж албан есны мэддээ тавьж нийгмийн салбаруждын хөгжлийг харуулж асуудал дэвшүүлж мэргэжллийн хүмүүсийг яриулж баймаар Энэ янзаараа засаг зөв ажлаа ч сурталчилж чадахгүй баына
Зочин [202.131.234.123] 2025-03-27 18:00:17
Улаан малгайтны хядлага "48 хоногт 150 мянган Монгол алуулав"