С.Будням: Дэлхийн худалдааны дайн эхэлж буй энэ цаг үед манай улс валютын нөөцөө нэмэгдүүлэх бодлого баримтлах хэрэгтэй

Aдмин / Эдийн засаг

АНУ-ын бүх улсаас орж ирэх бараанд 10 хувийн татвар ногдуулж эхэллээ. Улмаар өөрийн түнш Европын холбоо, Вьетнам, Япон зэрэг орнуудад 20-46 хувь, Хятадын бараанд 34 хувийн татвар ногдуулна гэдгээ зарлав. Д.Трампын эдийн засгийн бодлого дэлхий ертөнцийг хөдөлгөөнд оруулж байгаа энэ нөлөөлөл манай улсад хэрхэн тусах талаар Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУЭИС-ийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор С.Буднямтай ярилцлаа.

-Дэлхийн худалдааны дайн эхэллээ. Д.Трампын татварын шийдвэрээр олон улс бужигнаж байна. Тэрбээр яагаад ийм бодлого гаргах болов. Түүний шийд вэрт шинжээчид, эдийн засагчид ямар байр суурьтай байгаа вэ?

-Д.Трамп Америкийн эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дэлхийд тэргүүлэх эдийн засгаа бүрдүүлэх үндсэн бодлого баримталдаг.

Тиймээс АНУ-ын эдийн засгийн бүтцийг өөрчлөх, тэр дундаа гаалийн татварын талаар хүчтэй бодлого гаргаж байгаа. Үүнээс гадна зөвхөн Хятад гэлтгүй, АНУ-ын түнш европын орнууд буюу Канад, Мексикийн хувьд Д.Трампын бодлого хүчтэй нөлөөлж эхэллээ.

Тэрбээр татварын хатуу бодлого баримталсан нь АНУ-ын дэлхийд эзлэх ДНБ-ий хувь хэмжээтэй холбоотой. Тус улс 1999 онд дэлхийн ДНБ-ий 21 хувийг эзэлдэг байсан. Гэтэл өнөөдөр 15 хувь хүртлээ буучихсан байна. Тэгвэл Хятад 1993 онд дэлхийн ДНБ-ий 4.4 хувь эзэлж байсан бол 2024 онд 19.1 хувь болтлоо өссөн. Энэтхэг улс дэлхийн ДНБ-ий 3.3 хувийг эзэлж байсан бол 8.2 хувь болсон байх жишээтэй. Иймд АНУ эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийх бодлогыг Д.Трамп гаргаж ирсэн.

Нөгөөтэйгүүр АНУ-ын эдийн засагт ДНБ-ий 79 хувийг зөвхөн үйлчилгээний салбар бүрдүүлж байгаа. Тэгвэл Францад 78.5, Германд 69, Хятадад 49 хувьтай байдаг. Иймд Д.Трамп гадагшаа гарсан аж үйлдвэрийн томоохон компаниудыг эргүүлж нутагтаа авчрахын тулд дотооддоо татварын янз бүрийн хөнгөлөлтийн бодлогууд гаргаж ирсэн шүү дээ.

Мань эр түрүүчийн удаа АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдохдоо улсынхаа эдийн засгийг өөрчилж, байр сууриа бэхжүүлэх бодлого дэвшүүлж байсан боловч бүрэн хэрэгжиж чадаагүй. Учир нь тухайн үед түүнийг хүрээлсэн эдийн засагчид, хамтран ажиллагчид нь бүрэн хэрэгжүүлэх чадамжгүй байсан гэж үздэг.

Харин энэ удаа Д.Трамп өөрийнх нь үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхэд бэлэн улсуудаар багаа бүрдүүлсэн. Түүний эдийн засгийн бодлого тодорхой хэмжээгээр Америкийн эдийн засгийг өөрчилж, дэлхийн тэргүүний эдийн засаг байх байр суурийг бэхжүүлэх байх гэсэн санааг олон улсын шинжээчид дэвшүүлж байна.

-Орос Украины дайнаас болж Европт үүсч буй эрчим хүчний хямрал АНУ-ын эдийн засгийг дэмжих бас нэг хөшүүрэг болж байгаа биз дээ?

-Европын олон оронд эрчим хүчний хомсдол үүсч, өндөр үнэтэй байгаа. Жишээлбэл, 1МВтц нь 53 евро үнэтэй болсон. Харин АНУ 1МВтц 16 евро байна. Европын эрчим хүчний хямралыг Д.Трамп овжноор ашиглах нь тодорхой. Европ руу эрчим хүч нийлүүлж, дотоодын эдийн засгаа нэмэгдүүлэх бололцоог алдахгүй байх нь дамжиггүй. Европын хямрал Д.Трампын эдийн засгийн бодлогод урт, богино хугацаанд эерэгээр нөлөөлөхөөр харагдаж байна.

-Д.Трампын эхлүүлсэн дэлхийн худалдааны дайн валютын хувь заяанд яаж нөлөөлөх бол?

-Д.Трампын худалдааны бодлого дэлхийн эдийн засагт, тэр дундаа ам.долларын ханшид тодорхой нөлөө үзүүлнэ. Яагаад гэвэл түүний засаглалын үеийн бодлогын гол онцлог худалдааны тэнцвэргүй байдалд импортын татвар нэмэх, Америкийн компанийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн. Ам.долларын ханшид хэд хэдэн хүчин зүйлээр нөлөөлөх боломжтой. Нэгдүгээрт, импортын татвар, валютын ханшийн хэлбэлзэл байна.

Хоёрдугаарт, худалдааны дайны нөхцөл байдал яалт ч үгүй нөлөөтэй. Г уравт, Америкийн хөнгөлөлттэй зээл болон бодлогын өөрчлөлтүүд дотоодод явагдаж байгаа. Дөрөвдүгээрт, гадаад зах зээл, эрэлт зэрэг хүчин зүйл валютын ханшид нөлөөлөх янзтай байгаа. Жишээлбэл, худалдааны дайн нэлээд өрнөх юм бол Д.Трампын засаглалын үеийн Хятадын эсрэг худалдааны татварууд нь дэлхий нийтэд тодорхойгүй байдлыг үүсгэнэ. Энэ нь зөвхөн Америк, Хятадын хооронд биш.

Дэлхийн олон орны эдийн засагт, тэр дундаа валютын зах зээлд сөрөг нөлөөлнө. Худалдааны татвар өсөх үед ам.долларын ханшийг тодорхой хянаж байх шаардлага гарсан гэж зарим судлаач үзэж байгаа. Учир нь гадаадын хөрөнгө оруулагчид АНУ-д санхүүгийн зах зээл рүү хөрөнгө оруулахыг эрмэлзэх болсон байна. Энэ нь мэдээж ам.долларын эрэлтийг нэмэгдүүлнэ.

Татварын бодлогын нөлөө, дотооддоо явуулж буй хөнгөлөлтүүд нь гадагшаа гарсан аж үйлдвэрийн томоохон компаниудыг буцааж эх орондоо татах зорилготой. Одоо ч гангийн болон химийн үйлдвэрийн томоохон компаниуд Европ, Азийн орнуудаас эргэж нутагтаа очих хандлага харагдаж байгаа юм. Хөрөнгө оруулагчдын хувьд АНУ-ын эдийн засгийн өсөлтөд ам.долларын ханш дэмжих хүчин зүйл болно.

-Цаашид ам.долларын ханш чангарна гэж эдийн засагчид таамаглаж байсан. Бодит байдал дээр гадаадын валютын зах зээлд ам.долларын байр суурь яахаар байна?

-Д.Трампын худалдааны бодлого олон улсын зах зээлд ам.долларын байр суурийг бэхжүүлэхэд чиглэж буй. Өөрөөр хэлбэл, гаалийн татварыг газар зүйн байршлаас хамааран 10, 20 хувь, Хятадын хувьд 40 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэж зарлалаа. Гэхдээ Д.Трамп зарлалаа гээд шууд хэрэгжихгүй. Конгрессоороо баталсны дараа албаждаг.

Гэвч худалдааны дайны тогтворгүй байдалд дэлхийн улс орнууд өөрийнхөө мөнгөний бодлого, үндэсний валютаа хамгаалах тодорхой хэмжээний хариу арга хэмжээ авч байyа. Ингэсний үр дүнд Америкийн санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулах эрмэлзлийг тодорхой хэмжээгээр хязгаарлана гэж үзэж буй. Энэ нь ам.долларын ханшийн өсөлтөд саад болж болох юм.

Дэлхий дахины глобал худалдааны бодлого нь Америкийн болон бусад орны эдийн засгийн харилцааг өөрчилж байгаа. Үүний улмаас ам.долларын эрэлт өөрчлөгдөж, ханшид тодорхой хэмжээнд хэлбэлзэл үүсэх шалтгаан болж байна. Ерөнхийдөө Д. Трампын гадаад худалдааны бодлого нь ам.долларын ханшид өргөн хүрээтэй нөлөө үзүүлж, тодорхойгүй байдал үүсгэнэ гэсэн судалгаа ч бий. Д.Трамп Америкийн эдийн засгийн өсөлт, ам.долларын хашийг дэмжих зорилготойгоор дэлхийн худалдаанд өөрийнхөө бодлогыг тулгаж байна гэж үзэж болно.

-Америк, Хятадын худалдааны дайн Монголд яаж нөлөөлөх вэ. Манай улс дөрвөн сарын валютын нөөцтэй гэж байгаа. Цаашид валютын нөөцөө нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

-Манай улсын хувьд мэдээж инфляц өснө. Гадаад өрийн дарамт нэмэгдэх эрсдэлтэй л дээ. Харин эсрэгээрээ төгрөг хэт чангарвал аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар буурдаг. Хэдийгээр зах зээлийн зарчмаар ханш хэлбэлзэж байх ёстой ч ойрын үед гадаад өрийн дарамт төдийлөн ажиглагдахгүй гэсэн прогнозыг манайхан хийгээд байгаа.

Гэвч хэт хэлбэлзлээс хамгаалж, валютын ханшийн уян хатан бодлогыг Монголбанк баримтлах хэрэгтэй. Тодруулбал, төв банк ханшийг бүрэн чөлөөтэй орхихгүйгээр зах зээлийн нөхцөлөөр зөвшөөрсөн, хязгаарлагдмал хөвөгч ханшийн бодлого барьж болно. Энэ нь их савлагаа үүсэх үед зах зээлд оролцоно гэсэн үг. Ер нь байдлыг ажиглаж байгаад зах зээлд яаж оролцох вэ гэдэг бодлогоо Монголбанк хянамгай харах хэрэгтэй.

Манай улс дор хаяж 6-9 сарын нөөцтэй байвал дэлхийн худалдааны дайнд эрсдэл бага амсна. Яагаад гэвэл бид импортоос тэр дундаа Хятадаас 95 хувийн хамааралтай улс. Иймд Америк, Хятадын эдийн засагт дайн зарлаж байгаа өнөө үед валютын нөөцөө нэмэгдүүлэх бодлого Монголбанкны анхааралд байх ёстой. Төрөөс гадаад валютын орох урсгалыг дэмжиж, хөрөнгө оруулагчдыг бодлогоор татах хэрэгтэй. Хятадын эдийн засгийн уналт үүсэх үед шуурхай хариу арга хэмжээ авах механизм зайлшгүй шаардлагатай.

-Д.Трампын татварын бодлогын улмаас Хятадад үйлдвэрлэл буурвал Монголоос авах түүхий эдийн хэмжээ дагаад унах уу. Хятадаар дамжин орж ирж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт үргэлжлэн хумигдах эрсдэлтэй юу?

-Д.Трамп Хятад улсад 34 хувийн татвар ногдуулж 2025 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс хэрэгжүүлэхээр зарлах үед Хятад улс хариу цохилт болгон Америкийн импортын бараанд 34 хувийн нэмэгдэл татвар ногдуулах шийдвэр гаргасан. Үүнээс үүдэн ам.долларын ханш суларч, дэлхийн эдийн засагт уналт 0.5-0.8 хувь болох нөхцөл бүрдсэн талаар шинжээчид анхааруулж эхлээд байна.

Д.Трампын дэлхийн 195 оронд 10 хувь татвар ногдуулсан улс орнууд нэг талыг баримталсан хэмээн үзэж байгаагаас гадна АНУ-д Д.Трампын эдийн засгийн бодлогыг дэмжихгүй байгаа хөдөлгөөн ихэсч түүнд импичмент зарлах тухай ч яригдах боллоо.

Ийм нөхцөлд Хятад улс эдийн засгаа хамгаалах бодлогоо улам хүчтэй болгох нь мэдээж тул манай улсаас авдаг импортын бараанд хүчтэй нөлөө үзүүлэхгүй хэмээн үзэхийн хамт уул уурхайн салбарт саатал учрахыг урьдчилан харах хэрэгтэй болно. Мөн Хятадаар дамждаг гадаадын хөрөнгө оруулалт хумигдах магадлал өсөхийг урьдчилан таамаглахад дэлхийд болж буй үйл явцаас хамааран хүндрэлтэй байна.

-Орос, Украины дайнтай холбоотой Д.Трамп “Амтат боов, хатуу ташуур” бодлого баримталж байгааг дэлхий дахин өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна. Түүний энэ бодлого ямар учиртай юм бэ?

-Д.Трампын гадаад бодлого үндсэндээ эдийн засаг талдаа. Орос, Украины дайны асуудлыг зөөлрүүлэхэд чиглэсэн Д.Трампын санаачилгад Европын холбоо түүн дотроо Франц, Их Британи эсрэг байр суурьтай байна. Тиймээс Орос, Украины хэлэлцээр, энхтайван буй болох асуудалд хүндрэл учруулж байгаа юм.

Д.Трамп дайныг зогсоохын тулд Ж.Байдены үед хэрэгжүүлж байсан санхүүгийн бүх дэмжлэгээ одоохондоо зогсоосон. Гэхдээ Ж.Байдены үед оролцож байсан цэргийн зөвлөмж, дайн явуулах маневер, энд оролцож байгаа Америкийн цэргийн мэргэжилтнүүдийн холбоо хэвээрээ.

Сүүлийн үеийн мэдээллийг харахад Д.Трампын бодлого, шийдвэр өдрөөс өдөрт өөрчлөмтгий байна. Нөгөө талаар Зелеснкийн байр суурь өөрчлөгддөг учраас энэ хоёр хэл амаа ололцох асуудал дээр хүндрэл үүссэн бололтой. Гэхдээ Д.Трамп асуудлыг шийдэхийн тулд Украинд ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг хүчтэй дэмжиж байгаа юм билээ.

Ийм замаар Зеленскийн засаглалыг өөрчилж байж, Орос, Украины дайныг эцэслэхэд бололцоо гарах байх гэж үзэж байх шиг. Нөгөөтэйгүүр В.Путин “Оросын ашиг сонирхолд байгаа ашигт малтмал ихтэй нутаг дэвсгэрийг өөрийн болгож авбал Югослав улс хуваагдсан шиг нөхцөл байдалтайгаар Украины асуудлыг шийдье” гэсэн хатуу бодлого баримталж буй.

Америкийн сонирхол тэр ашигт малтмалын ховор элемент. Орчин үеийн электроникийн үйлдвэрлэлд энэ элементүүд чухал түүхий эд болдог учраас л Д.Трампын ашиг сонирхол оршиж байгаа хэрэг. Тэр утгаар нь В.Путин “Манайх ховор элементийн тодорхой хэмжээний нөөцтэй шүү. Иймд танайх хөрөнгө оруулж болно” гэсэн санал дэвшүүлсэн болно. Тиймээс Д.Трампыг Украины ховор элементийн уурхайнууд дахь сонирхлыг тодорхой хэмжээгээр сааруулж байгаа болов уу.

Эх сурвалж: “Өдрийн сонин”
М.Мөнхцэцэг


Сэтгэгдэл

Зочин [103.57.93.244] 2025-04-08 15:08:13

Төрийн албан хаагчид казакуудын, эрлийзүүдийн, Монгол дахь оросуудын ба Хятадуудын өмнө ажил дээрээ жүжиг тавиад байна. Үүнийг мэдэхгүй гэж бодоо юу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.