Кашмирт дэлхийн хамгийн өндөр төмөр замын гүүрийг нээлээ

Aдмин / Гадаад мэдээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тус улсын хойд буюу холбооны нутаг дэвсгэр болох Жамму ба Кашмирт орших Чинаб мөрнийг гаталсан, дэлхийн хамгийн өндөр төмөр замын гүүрийн тээврийн хөдөлгөөнийг албан ёсоор нээжээ. Энэ талаар "Hindustan Times" сонин мэдээлсэн байна.

Энэтхэгийн Засгийн газрын тэргүүн нээлтийн ёслолын үеэр "Чинаб мөрний гүүр нь Жамму, Кашмирыг Энэтхэгийн бусад бүс нутгуудтай анх удаа төмөр замаар холбож байгаа бөгөөд тус бүс нутгийн тээвэр, дэд бүтэц болон аялал жуулчлалын салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах юм" хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр "Энэ бол ард түмний эв нэгдэл, хүсэл зоригийг илтгэсэн түүхэн, сүр жавхлант үйл явдал юм" хэмээн хэлсэн байна.

Энэхүү гүүр нь Гималайн нурууны бэлд орших Чинаб мөрний дээгүүр баригдсан бөгөөд голын ёроолоос дээших өндөр нь 359 метр, усны дундаж түвшнээс дээш өндөр нь улирлаас хамааран өөрчлөгддөг ч хамгийн багадаа 322 метр байдаг байна. Үүгээрээ дэлхийн хамгийн өндөр төмөр замын гүүр болжээ.

Шинэ гүүр нь Кашмирт цөөнгүй тохиолддог газар хөдлөлт, мөн 74 м/сек хүртэл хүчтэй салхийг даах чадвартай. Нийт урт нь 1.3 км бөгөөд төв арк маягийн гүүрний нум нь 467 метр урт аж. Гол аркыг угсрахдаа дэлхийн хамгийн урт кабельт кран ашигласан байна.

Энэхүү гүүрийг анх 2019 онд нээхээр төлөвлөж байсан ч цар тахлын нөхцөл байдал зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас барилгын ажил хойшилжээ.

Сүүлийн жилүүдэд Энэтхэгийн Засгийн газар тус уулын бүс нутаг дахь тээврийн сүлжээг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, төмөр болон авто замын барилгын ажлыг эрчимжүүлж байгаа аж.

Албаныхны үзэж буйгаар, ийм тээврийн дэд бүтэц байгуулах нь Энэтхэгийн Кашмир дахь эдийн засгийн хөгжилд түлхэц өгч, тус бүс нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг исламын зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хурцадмал байдлыг бууруулахад тус дөхөм болно гэж найдаж буй юм байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000