Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч Абдулсалам Бин Мухаммад Аль-Муршидийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оманы харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд Омантай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Мөн Монголын Үндэсний баялгийн сангийн талаар танилцуулж, Оманы хөрөнгө оруулалтын газрын сайн туршлагаас судлах, хамтран ажиллах саналыг тавив.

Оманы Хөрөнгө оруулалтын газар нь Оман Улсын Баялгийн сан бөгөөд газрын тос, байгалийн хийн орлогыг зөв зохистой ашиглах, хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагааг хариуцсан Оманы хөрөнгө оруулалтын үндсэн байгууллага аж.

Монгол Улсын Үндэсний баялгийн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд Оманы Султант Улсын туршлага чухал болохыг уулзалтын үеэр талууд онцолж энэ чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүлэхэд санал нэгдлээ. Уулзалтаар хоёр улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломжуудын талаар мөн санал солилцжээ.

Ерөнхий сайд "Монгол Улс өргөн уудам газар нутагтай, байгалийн арвин баялагтай, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй улсын хувьд Оманы Султант Улстай хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжтой" гэж дурдав.

Мөн тэрбээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр баримталж буй Засгийн газрын бодлогыг танилцуулж Монгол Улс эдийн засгаа тэлэхэд эрдэс баялгийн хайгуулын салбарт хөрөнгө оруулалт чухал байгааг онцоллоо.

Ноён Абдулсалам Аль-Муршиди Оман Улсын Хөрөнгө оруулалтын газрын үйл ажиллагаа, тэргүүлэх зорилтуудын талаар танилцуулаад Монгол Улстай уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.