Путин Трамптай ирэх долоо хоногт уулзах магадлалтай, харин Путин, Зеленскийтэй уулзах талаар мэдээлэлгүй байна гэжээ
Оросын НҮБ дахь орлогч Элчин сайд Дмитрий Полянский пүрэв гарагт мэдэгдэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж магадгүй гэжээ. Харин Путин болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын уулзалт төлөвлөгдсөн эсэх талаар өөрт нь ямар ч мэдээлэл байхгүй байгааг хэлсэн байна.
Полянский Путин-Трампын уулзалтын талаар сэтгүүлчдэд “Миний сонссоноор уулзалт болох хэд хэдэн байршил яригдаж, тэд тодорхой тохиролцсон ч түүнийг олон нийтэд зарлахыг хүсэхгүй байгаа бололтой. Хугацааны хувьд, Ерөнхийлөгч нарын өөрсдийн хэлснээс үзэхэд, ирэх долоо хоногт болох болов уу гэж би таамаглаж байна” гэж ярьжээ.
Тэрбээр “Зеленский Ерөнхийлөгчтэй ямар нэгэн уулзалт төлөвлөгдсөн тухай би сонсоогүй. Энэ талаар мэдээлэлгүй байна” гэж нэмж хэлсэн байна.
АНУ, Оросын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хамгийн сүүлд 2021 оны зургадугаар сард Женевт Путин болон тухайн үеийн Ерөнхийлөгч Жо Байден нар уулзсанаас хойш болоогүй билээ.
Орос улс 2022 оны хоёрдугаар сард "аюулгүй байдлын төлөө" гэсэн шалтгаанаар Украиныг довтлон орсныг Киев болон барууны холбоотнууд "Украины газар нутгийг булаах ажиллагаа хийсэн" гэж үздэг.
Трамп Оросын Украины эсрэг дайныг зогсооно гэж амалсан ч хоёр дахь бүрэн эрхийнхээ эхний бараг долоон сарын хугацаанд энэ амлалтаа биелүүлж чадаагүй байгаа юм.
Полянский сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ мөн Израилийн өөрийн хяналтдаа Газын зурвасыг авах ямар нэгэн төлөвлөгөөг буруушаасан байна. Тэр “Бид үүнийг маш буруу чиглэлд хийсэн маш муу алхам гэж үзэж, ийм үйлдлийг эрс шүүмжилж байна” гэж хэлжээ.
Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху пүрэв гарагт Палестины Газын зурвасын бүх хэсгийг цэргийн аргаар хяналтдаа авах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв. Энэ нь Израил улсын хоёр жилийн турш явуулж буй халдлагыг дэлхийн олон орон ихэд шүүмжлж байгаа юм. Уг довтолгоо нь өлсгөлөнгийн хямрал үүсгэж, хэдэн арван мянган хүний амийг авч одсон билээ.
Эх сурвалж: REUTERS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл