Төсөв тав дахин өссөн ч багш, эмч нарын цалин бахь байдгаараа

Монгол Улсад бүх салбарт ажиллах хүчний хомсдол нүүрлэж, энэ нь нийгмийн гол тулгуур болсон боловсрол, эрүүл мэндийн салбарт илүү тодорхой мэдрэгдэж байна. Үүний гол шалтгаан нь ажиллагсдын цалин хөлстэй шууд холбоотой. Тэд хийж буй хөдөлмөрөө бодитоор үнэлүүлж чадахгүй байгаа нь олноороо илүү өндөр цалин, хөдөлмөрийн үнэлэмжтэй гадаад улс орныг зориход хүргэж буй.
Өнөөдөр бусдын хүүхдэд мэдлэг түгээж, өрөөлийн эрүүл мэндийн төлөө өдөр, шөнөгүй зүтгэж байгаа багш, эмч нарын гар дээрээ авч буй сарын цалин зарим хүний нэг удаагийн хоолны төлбөрөөс ч бага байгаа нь нууц биш.
Улсын төсөв сүүлийн 20 жилийн хугацаанд 44 дахин өссөн ч нэг ч салбарын асуудал шийдэгдээгүй хэвээр. 2016 онд төсвийн зардал 9.4 их наяд төгрөг байсан бол 2024 онд 27.3 их наяд төгрөг болж томорсон. Төсөв тав дахин өссөн ч багш, эмч нарын цалин тэр хэрээр нэмэгдсэнгүй.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр багш нарын сарын дундаж нэрлэсэн цалин 2017 онд 802.5 мянган төгрөг байсан бол 2024 онд 2.41 сая төгрөгт хүрч, долоон жилийн хугацаанд гурав дахин өссөн ч энэ нь бодит амьдрал дээр төдийлөн мэдрэгдэхгүй байна.
Цалингийн нэрлэсэн үнийн өсөлт үнийн хөөрөгдөл, төгрөгийн ханшийн сулрал, дотоодын зах зээлийн импортын хамаарал зэрэг эдийн засгийн олон хүчин зүйлд “шингэж”, ажилтны бодит худалдан авах чадварыг нэмэгдүүлэх бус, эсрэгээрээ бууруулах хандлагатай байгаа юм.
2020 оноос хойших бодит өсөлт ердөө 41 хувьтай байгаа нь долоон жилийн хугацаанд жилд дунджаар 5.8 хувийн бодит өсөлттэй байсныг харуулж буй. Энэ нь инфляцын түвшнээс хамааран цалингийн бодит үнэ цэн хэрхэн буурч байгаа жишээ.
Өнөөдрийн байдлаар, инфляц 9 хувьтай байгаа бол 2026 онд энэ түвшнээс давах эрсдэл өндөр байгаа талаар шинжээчид анхааруулж байна.
Жишээлбэл, багш нарын цалинг 20 хувиар нэмэхэд инфляц 9 хувь хэвээр байвал бодит өсөлт 10-11 хувьтай байх бол инфляц 12-13 хувь хүрвэл бодит өсөлт ердөө 6-7 хувь болж агших нь. Энэ нь нэрлэсэн өсөлт хэдий өндөр байсан ч өдөр тутмын амьдралд мэдрэгдэхгүй байгаагийн гол шалтгаан болж байна.
Цалингийн өсөлтийг бодит үр өгөөжтэй болгохын тулд инфляцын түвшинг 6 хувиас доош барих шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд 20 хувийн нэрлэсэн өсөлтийн ихэнх хэсэг ажилтны бодит орлогын өсөлт болж хувирна.
Үүнээс гадна ханшийн тогтвортой байдал шийдвэрлэх нөлөөтэй. Хэрэв ам.долларын ханш дахин савлаж эхэлбэл импортын бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляцын суурь дарамт дахин нэмэгдэх эрсдэл бий. Төгрөгийн ханш өнөөдрийнхөөс 5-10 хувиар сулрахад л цалингийн нэмэгдлийн бодит үр өгөөж эргэн буурах магадлал өндөр.
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Засгийн газраас боловсролын салбарын багш, ажилчдын цалинг 20 хувь, эрүүл мэндийн салбарынхныг 15 хувиар нэмэгдүүлэхээр тооцоолсон.
Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас эдгээр нэмэгдлийг бодитоор хэрэгжүүлэхэд нийт 831 тэрбум төгрөг шаардлагатай талаар мэдээлсэн билээ.
Мөн 2026 оны улсын төсвийн төсөлд ахмад настны тэтгэврийг 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг зөрчиж байна гэх шүүмжлэл дагуулж буй.
Уг хуульд “тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцийн түвшинтэй уялдуулан нэмнэ” гэж заасан боловч 2025 оны инфляц 9.5 хувьтай байхад тэтгэврийн нэмэгдэл үүнээс доогуур буюу 6 хувиар батлагдсан нь хууль зөрчиж буй хэрэг гэж УИХ-ын ажлын хэсэг үзсэн.
Тэд 2026 онд тэтгэврийг нийт 10.3 хувиар нэмэх шаардлагатай бөгөөд үүнд 267.1 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хэрэгтэйг мэдэгдсэн юм. Тус нэмэгдлийг тогтмол дүнгээр буюу 42,000 төгрөгөөр бүх тэтгэвэр авагчдад ижил хэмжээгээр хуваарилах нь тэтгэврийн ялгаа нэмэгдэхээс сэргийлнэ гэж үзжээ.
Монголын хөдөлмөрийн зах зээлд үүссэн цалин хөлсний тэнцвэргүй байдал зөвхөн эдийн засгийн асуудал бус, нийгмийн тогтвортой байдалд заналхийлж болзошгүй томоохон сорилт болоод байна. Чадварлаг боловсон хүчнээ тогтоон барих, дотооддоо үнэ цэнтэй ажиллах орчин бүрдүүлэхэд цалин хөлсний бодлого шийдвэрлэх үүрэгтэй билээ.
Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын цалинг 20 хувь, долдугаар сарын 01-нээс 10 хувь нэмэгдүүлэхээр, мөн инфляцын түвшинг өнөөгийн бодит хэмжээ буюу 8.0 хувиар тооцсон талаар мэдээлж, бага ч атугай ахиц гарч байгааг ажиглагчид хэлж байна.
Сэтгэгдэл