Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна
Хятад судлаач, доктор Х.Баатархүүтэй ярилцлаа.
-Сая БНХАУ “хоёр чуулган”-аар 2026–2030 оны XV таван жилийн төлөвлөгөөний үндсэн зорилтуудыг танилцууллаа. XIV таван жилийн төлөвлөгөөний үр дүнг хэрхэн дүгнэв. Хятад улс эдийн засгийн хөгжлийн ямар шинэ загвар руу шилжиж байна вэ?
-2021-2025 онуудад Хятад улсын эдийн засаг тогтвортой урагшилж, ДНБ 140 их наяд юаниас давсан байна. Хот, хөдөөгийн бүс нутгийн хөгжлийн тэнцвэр, зохицуулалт сайжирсан. Шинжлэх ухаан, технологийн инновацийн салбарт хөрөнгө оруулалт тасралтгүй нэмэгдэж зардал ДНБ-ийн 2.8 хувьд хүрчээ. Өнгөрсөн таван жилд 62.42 сая ажлын байр шинээр бий болж, дундаж наслалт 79 жилээс дээш болж нэмэгджээ.
Ногоон эдийн засаг эрчимтэй хөгжиж экологийн орчны чанар сайжирч, шинэ эрчим хүчний үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадал нь хатуу түлштэй эрчим хүчнийхээс давж, мужийн түвшний болон түүнээс дээш хотуудад нарийн ширхэгтэй тоосонцор буюу PM2.5 агууламж куб метр тутамд 28 микрограмм хүртэл буурч, гадаргын усны III зэрэглэлийн усны чанарт хүрч, ойн бүрхэвчийн хэмжээ 25 хувиас давсан байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах томоохон зорилтын дагуу үр тарианы үйлдвэрлэл 700 сая тн хүрч, нийгмийн ерөнхий тогтвортой байдлыг хадгалсан үндэсний батлан хамгаалах, цэрэг аж үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтад мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан жилүүд байжээ.
Гуравдугаар сарын 4-нд эхэлсэн “Хоёр чуулган”-аараа XV таван жилийн төлөвлөгөө албан ёсоор батлах гэж байна. БНХАУ нь XIV таван жилийн хугацаанд их барилга дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, хүнс хөдөө аж ахуй болон жижиг дунд үйлдвэрлэл зэрэг хямд ажиллах хүчээр масс үйлдвэрлэл шаардагддаг уламжлалт эдийн засгийн загвараа бүрэн өөрчилсөн гэж үзэж болно. XV таван жилийн төлөвлөгөөний гол цөм агуулга нь 2026-2030 онуудад Хятад улс технологийн дэвшил, инновацийн тусламжтайгаар аж үйлдвэрийн шинэчлэлийг хийх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, дотоодын эрэлтийг өргөжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, ногоон өөрчлөлт, ирээдүйн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилтыг тавьжээ.
-Хятад улс эдийн засгийн өсөлтийг 4.5–5 хувьд барих зорилт тавьж, “чанартай өсөлт”, “шинэ чанарын үйлдвэрлэх хүчин” гэх ойлголтыг түлхүү ярьж байна. Энэ нь бодит эдийн засагт ямар бодлого болж хэрэгжих вэ. Аль салбаруудыг илүү дэмжинэ гэсэн үг вэ?
-Ирэх таван жилд өндөр чанартай хөгжилд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргах, бүтцийн оновчлол, чанарыг сайжруулах үндсэн дээр ДНБ-ий өсөлтийг 4.5-5 хувьд байлгах бөгөөд жил бүр зорилтуудыг шинэчлэн тогтоож, нэг хүнд ногдох ДНБ-ийг 2020 онтой харьцуулахад 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлж, хөгжингүй орнуудын дундаж түвшинд хүргэх зорилт тавьжээ. Ирж буй жилүүдэд хүнсний аюулгүй байдал, технологийн аюулгүй байдал, батлан хамгаалах аюулгүй байдалд онцлон төвлөрч томоохон бодлогуудыг хэрэгжүүлж улмаар шинжлэх ухаан, технологийн дэвшил, шинэ аж үйлдвэржилт, мэдээллийн технологи, байгаль орчин, хөдөө аж ахуйн шинэчлэл гэсэн салбаруудад томоохон ахиц дэвшил гаргах энэ салбарт илүүтэй хөрөнгө оруулалт хийх, шинэ чанартай бүтээмжийн хүчийг хөгжүүлэх, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох, орчин үеийн эдийн засгийн тогтолцоог бий болгоход томоохон зорилго тавьсан гэж үзэж байна.
-Урд хөрш XV таван жилийн төлөвлөгөөндөө хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, квант, дижитал эдийн засаг, ногоон эрчим хүч зэрэг стратегийн салбаруудыг онцолж байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн өрсөлдөөн, нийлүүлэлтийн сүлжээнд ямар өөрчлөлт авчрах бол?
-Даян дэлхийн геополитикийн хүнд үед технологийн өрсөлдөөн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. XV таван жилийн төлөвлөгөөний төгсгөл буюу 2030 он гэхэд Хятадын хагас дамжуулагчийн нийт үйлдвэрлэл 600-620 тэрбум нэгжид хүрнэ гэж тооцоолж байна. 2025 онд хагас дамжуулагчийн үйлдвэрлэл 484.3 тэрбум нэгжид хүрч, өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өссөн байна. Үйлдвэрлэлийн зорилтоос гадна борлуулалтын орлого тэр үед 2.4 их наяд юаниас давах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ 3-5 нанометрийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд технологийн дэвшилтэт нээлтүүд гарах төлөвтэй байгаа бөгөөд 7-10 нанометрийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн шугамууд цаашид илүү өргөжин тэлэх шахуу төлөвлөгөөтэй байна. 2025 онд Хятадын газрын ховор элементийн үйлдвэрлэл ойролцоогоор 270.000 тонн буюу 2024 оныхтой адил буюу дэлхийн үйлдвэрлэлийн 69.8 хувийг эзэлж байна. XV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд ухаалаг технологи, мэдээллийн технологийн дэвшил, шинэ эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн роботуудаас үүдэлтэй эрэлт хэрэгцээ тасралтгүй өсөж байгаа тул газрын ховор элементийн олборлолт, боловсруулалт тогтвортой өсөх төлөвтэй байна. Цаашид ч Хятадын газрын ховор элементийн олборлолт сүүлийн жилүүдэд тогтвортой өсөх чиг хандлагатай байна. Харин 2030 онд газрын ховор элементийн үйлдвэрлэл 420.000-521.000 тонн байх төлөвтэй байна. Хятадын шинжлэх ухаан технологийн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт 2025 онд ойролцоогоор 513 тэрбум ам.долларт хүрээд байна. Хэрэв XV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд өсөлт нь гурван хувиар нэмэгдвэл 2030 он гэхэд жилийн шинжлэх ухаан технологийн салбарын хөрөнгө оруулалт ойролцоогоор 563 тэрбум ам.доллар болно гэж тооцоолж байна.
-БНХАУ-ын эдийн засгийн шинэ бодлого Монгол Улсад ямар боломж, эрсдэлийг дагуулж болох вэ. Тухайлбал уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, тээвэр ложистик, бүс нутгийн хамтын ажиллагаанд ямар бодит үр өгөөж гарах боломжтой вэ?
-2025 онд Монгол-Хятадын худалдааны эргэлт 18 тэрбум ам. доллар, үүнээс Хятад руу хийсэн манай экспортын үнийн дүн 14.09 тэрбум ам. доллар болсон. Энэ нь нийт экспортын 89.4 хувийг эзэлж байна. 2025 онд экспортын 45.6 хувь Гашуунсухайт, 19.7 хувь Замын-Үүд, 10.3 хувь нь Шивээхүрэн боомтоор хийгдсэн. Энэ нь нийт экспортын 71.1 хувийг эзэлж байна. Монголчууд бидний эдийн засгийн амьдрал, экспортын орлогод нүүрс, төмрийн эрэлт хэрэглээний өсөлт чухал билээ.
Ирэх таван жилд Хятад улсад нүүрс болон ган төмрийн хэрэглээг дэмжих зургаан үндсэн чиглэлийг хамарсан 109 томоохон бүтээн байгуулалтууд цөөнгүй төлөвлөгдсөн байна. Арилжааны сансар судлал, хиймэл оюун ухааны томоохон хэмжээний ухаалаг тооцооллын кластер, хиймэл дагуул, дата төв, атомын цахилгаан станц зэрэг 28 төсөл төслүүд багтаж байна. Орчин үеийн дэд бүтцийн системийг бий болгох 23 төсөлд Гурван хавцлын усан замын шинэ суваг, Бээжин-Гуанжоу өндөр хурдны төмөр замын өмнөд хэсэг зэрэг тээврийн төслүүд, мөн Ялун Цанпо мөрөний доод хэсэгт байрлах усан цахилгаан станц, "Шагохуан" шинэ эрчим хүчний бааз зэрэг эрчим хүчний төслүүд томоохонмега төслүүд байна.
2026-2030 онуудад төмөр замын хөрөнгө оруулалт 3.5-4 их наяд юанийн хооронд байх төлөвтэй байгаа. "Найман босоо болон найман хэвтээ" өндөр хурдны төмөр замын систем бүрэн хэрэгжиж, үндсэндээ дэлхийн хэмжээний орчин үеийн төмөр замын сүлжээг бий болгохоор зорьж байгаа бол XV таван жилийн төлөвлөгөөндөө Хятад-Оросын байгалийн хийн төв хоолой барих урьдчилсан шатны ажлыг урагшлуулах зорилт тусгасан байна. Төв хоолой гэдэг нь Сибирийн бүсээс Монголын нутгаар дамжиж БНХАУ-д хүрэхээр төлөвлөгдсөн "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийг хэлсэн байх магадлал өндөр. Өнгөрсөн онд ОХУ-ын Төрийн өмчит Gazprom компани "Сибирийн хүч-2" хоолойг барихаар БНХАУ-ын China National Petroleum Corporation-той хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.
-БНХАУ-ын XV таван жилийн төлөвлөгөөнд эдийн засгаа “дотоод хэрэглээ + өндөр технологи” руу чиглүүлж байна. Энэ бодлого Монголын уул уурхайн экспорт, ялангуяа нүүрс, зэсийн эрэлтэд хэрхэн нөлөөлөх бол?
-Хятадын нийт нүүрсний хэрэглээ 2028 оны орчимд оргил үедээ хүрнэ гэж тооцоолж байна. Оргил үедээ хүрнэ гэдэг нь шууд бууралт гэсэн үг биш, харин өсөлт эсвэл бууралтын аль нэг боломжтой бага зэрэг хэлбэлзэлтэй үе юм. Нүүрсний салбарын хөгжил нь урт хугацааны тэлэлт болон өсөлтөөс тогтвортой өсөлт, эсвэл бүр бууралтын үе шат руу шилжих болно. 2030 он гэхэд шинээр үүсэх эрчим хүчний хэрэглээний дийлэнх хэсгийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангана гэсэн таамаглал байна. 2025 онд Хятадын нүүрсний үйлдвэрлэл 4.85 тэрбум тонн, нүүрсний импорт 490 сая тонн болж 9.6 хувиар буурчээ. Харин төмрийн салбар нь 2026-2030 онуудад "хэрэглээ буурах", "одоо байгаа хүчин чадлыг оновчтой болгох" шинэ үе шатандаа бүрэн шилжинэ. XV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд түүхий гангийн эрэлт аажмаар буурч, жилд 800 сая тонн орчим болно. Хятадын түүхий ган төмрийн хэрэглээ 2020 онд оргил үедээ буюу 1.1 тэрбум тонн хүрсэн. Түүнээс хойш таван жил дараалан буурсан байна. 2026 онд хэрэглээний хэмжээ 2020 оны оргил үеэс даруй 20.9 хувиар бага байх төлөвтэй байна.
-Мөн урд хөрш ногоон шилжилт, цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх зорилт тавилаа. Энэ нь Монголын зэс, газрын ховор элемент зэрэг түүхий эдийн боломжийг нэмэгдүүлэх үү?
-Хятадын ногоон шилжилтийн зорилтууд, ялангуяа цахилгаан тээврийн хэрэгсэл болон сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх нь манай улсын зэс, ховор металл зэрэг гол ашигт малтмалын стратегийн үнэ цэнэ, зах зээлийн боломжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна. Цахилгаан тээврийн хэрэгсэл болон сэргээгдэх эрчим хүчний дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадын дээд түүхий эдийн эрэлт нь манай улсын ашигт малтмалын экспортод шууд нөлөөлдөг.
Зэс нь цахилгаан тээврийн хэрэгсэл, цахилгаан сүлжээ, салхин эрчим хүч үйлдвэрлэх гол металлын хувьд эрэлт хэрэгцээ үргэлжлэн өссөөр байна. Өмнөх оны мөн үеэс 63.64 хувиар, биет хэмжээ 115.3 хувиар өссөн нь Хятадын эрэлт хэрэгцээг шууд харуулж байна. Хятад улс нь дэлхийн зэсийн баяжмалын 52 хувийг хэрэглэдэг бөгөөд 2025 онд Хятадын зэсийн баяжмалын импорт нь 30.6 сая тн байсан бол катодын зэсийн эрэлт нь ойролцоогоор 18 сая тонн байна. Дэлхийн эрчим хүчний шилжилтийн боломжуудтай тулгарч буй тул манай улс түүхий эд нийлүүлэгчээс ашигт малтмал боловсруулагч улс болгон өөрчлөгдөх, экспортын бүтээгдэхүүнийхээ нэмүү өртгийг нэмэгдүүлэх зорилготой цөөнгүй төслийг эхлүүлж байна. Бид цаашид алт, зэс зэрэг үнэт болон ховор металлын нөөцөө өсгөх, хайгуулын ажлаа нэмэгдүүлэхэд шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд олон улсын хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөл бүрдүүлэх бодлогыг шинэчлэн боловсруулж, хууль эрх зүйн орчноо сайжруулах зорилтууд хүлээгдэж байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
М.МӨНХЦЭЦЭГ



































































Сэтгэгдэл
Зочин [59.153.115.186] 2026-03-09 20:28:25
Монголчууд аа, та нар Оросуудаас ба Хятадуудаас үүрд хараат гэдгээ санагтун!