Түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй хөл бөмбөгийн ДАШТ эхэллээ
Хойд Америкт түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй хөл бөмбөгийн ДАШТ эхэлж, эхний тоглолтод Мексикийн шигшээ баг хожлоо. АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсад анх удаа зохиож буй 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа Мехико хотноо боллоо. Тэмцээний албан ёсны нээлтийн ёслол нийт гурван удаа зохион байгуулах бөгөөд үлдсэн хоёр ёслол нь баасан гарагт Торонто хотод, бямба гарагт Лос-Анжелес хотод болно.
"Эдгээр нээлтийн ёслол нь хөгжим, соёл, хөл бөмбөгийг нэгтгэн улс бүрийн онцлогийг төдийгүй энэхүү тэмцээнийг тодорхойлж буй эв нэгдлийг илэрхийлэх болно. Энэ бол дэлхий нийтийг хамарсан баяр наадмыг эхлүүлэх хүчирхэг арга юм” хэмээн Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) ерөнхийлөгч Жанни Инфантино тэмцээний өмнө мэдэгдэж байв.

Нээлтийн ёслолын дараахан орон нутгийн цагаар 13:00 цагийн орчимд Мехико хотын "Ацтека" цэнгэлдэх хүрээлэнд Мексик, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) шигшээ багуудын эхний тоглолт болсноор тэмцээн албан ёсоор эхлэв.

Нээлтийн тоглолтод Мексикийн шигшээ баг 2:0 харьцаагаар хожлоо.
Дэлхийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэйд тооцогдож буй энэ удаагийн ДАШТ-ий 104 тоглолт 16 хотод явагдана. Шигшээ тоглолт долоодугаар сарын 19-нд Нью-Йорк хотоос холгүй орших АНУ-ын Нью-Жерси муж улсын "MetLife" цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ удаагийн ДАШТ-д 48 орны шигшээ баг оролцож байна. Эцсийн шатанд оролцох багуудын тоог 32-оос 48 болгон нэмэгдүүлснээр Узбекистан, Йордан, Кабо-Верде, Кюрасао гэсэн дөрвөн орны шигшээ баг анх удаа өрсөлдөх боломжтой болсон юм.
ДАШТ-ий дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг гурав дахь удаагаа дараалан урьдчилсан шатнаас шалгарч чадсангүй.
2022 онд Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа тэмцээнээс хассан тул Орос, Беларусь улсуудын шигшээ багууд урьдчилсан шалгаруулалтад оролцоогүй юм. Мехико хотод болсон эхний тоглолт 87.5 мянган үзэгчийн багтаамжтай, Латин Америкийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа. Канадын шигшээ баг баасан гарагт Торонтод Босни ба Херцеговинагийн багтай, харин АНУ-ын шигшээ бямба гарагт Лос-Анжелест Парагвайн багтай тоглоно.
Тэмцээнийг зохион байгуулагчид тасалбарын үнэ, мөн дагалдах үйлчилгээний (байр, тээвэр зэрэг) зардлыг хэт өндөр тогтоосон гэх шүүмжлэлд өртсөн юм. Түүнчлэн Мехико хотод өнгөрсөн долоо хоногийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын улмаас нээлтийн ажиллагаа тасалдах вий гэсэн болгоомжлол үүсээд байв.
Мягмар гарагт олон мянган хүн цэнгэлдэх хүрээлэн рүү очих гол өргөн чөлөөг хаан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан боловч цагдаагийн хамгаалалтыг нэвтэрч чадаагүй байна. Мексикийн Ерөнхийлөгч Клаудия Шейнбаум уг жагсаалыг өдөөн хатгалга хэмээн буруушаагаад, нээлтийн тоглолт ямар ч тохиолдолд товлосон хугацаандаа болно гэж мэдэгджээ.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"

































































Сэтгэгдэл