Монгол хэлний тухай хууль ба зарим ташаарал

Д.Тулга / Боловсрол

mongol bichig

Саяхан УИХ-аар батлагдсан “Монгол хэлний тухай хууль”-ийн талаар иргэдийн дунд зарим нэг ташаа ойлголт байгааг залруулах зорилгоор дараах богино тайлбарыг бичлээ.

Ташаа ойлголт 1: Кирил бичгийг халж, монгол бичигт шилжинэ.

Хуульд кирил бичгийг үгүйсгэх, халах, монгол бичигт шилжих тухай заалт байхгүй. Харин үндэсний бичгийнхээ хэрэглээг нэмэгдүүлэх заалт бий. Хуульд 2025 оноос зөвхөн төрийн байгууллагууд албан хэрэгтээ монгол бичгийг давхар хэрэглэх заалт туссан. Өнөөгийн байдлаар Ерөнхийлөгчийн зарлигаар төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын үнэмлэх, диплом, гэрчилгээ, төрийн гурван өндөрлөгийн гадаад улсын адил түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидалд монгол бичгийг хэрэглэж байна.

ЮНЕСКО-гоос манай үндэсний монгол бичгийг монголчуудын хүн төрөлхтний соёлын санд оруулсан их өв хэмээн бүртгэж, хамгаалалтад авахгүй бол мөхөх эрсдэл байгааг сануулсан. Монголчуудын гал голомт болсон тусгаар Монгол Улсад оршин суугаа монголчуудад мянга шахам жилийн үүх түүхээ тэмдэглэсэн бичиг үсгээ өргөнөөр хэрэглэж, хойч үедээ мөхөөлгүй уламжлуулах хариуцлага оногдсоныг ухамсарлаж УИХ-аас дээрх шийдвэрийг гаргалаа.

Ташаа ойлголт 2: Бага насны хүүхдэд монгол бичиг зааж, ерээд оны эхэнд гарсан шиг завхрал үүсгэнэ.

Монгол хэлний хуулийг баталснаар харин ч энэ мэт гэнэтийн өөрчлөлт хийх, хүүхдэд хүндрэл үүсгэх, бодлогын огцом өөрчлөлт хийхээс сэргийлэх, хэл бичгийн талаарх төрийн бодлогыг тогтвортой, тууштай болгох нөхцөл бүрдүүлэхийг зорьсон. Хуульд монгол бичгийг хүүхэд бага ангидаа кирил бичигт сайтар суралцсаны дараа 6 дугаар ангиас эхлэн төгстөл нь заахаар хуульчилсан. Их дээд сургуульд элсэгчдээс монгол хэлний шалгалт авах бөгөөд шалгалтын агуулгын ¼ нь монгол бичгээр байна. Өнөөдөр бүх ЕБС-д монгол бичиг зааж байгаа бөгөөд шалгалтын агуулгыг заасан хичээлийн агуулгад нийцүүлэн БСШУЯ-аас эрхлэн боловсруулна. (Жич: их дээд сургуульд элсэгчдээс монгол хэлний шалгалт авах Засгийн газрын тогтоол 2013 онд гарсан бөгөөд энэ тогтоолын агуулгыг хуульчлан баталгаажуулсан болно.)

Ташаа ойлголт 3: Гадаад хэлийг гадуурхсан хууль гарсан.

Энэ хуулиар даяаршлыг эсэргүүцэх, гадаад хэлийг хязгаарлах зорилго огт тавиагүй бөгөөд улам бүр эрчимжиж байгаа англи хэл, латин үсгийн түрэлт, гадны соёлын нөлөөн дунд үндэсний бичиг үсгээ хадгалж, хөгжүүлэхийг эрмэлзсэн болно. Гадаад хэлний сургалттай холбоотой хоёр гол агуулга хуульд туссан. Нэгд, гадаад хэлээр сургалт явуулдаг хувийн сургуулиудад монгол хүүхдэд монгол хэл, уран зохиол, монгол бичгийн хичээлийг нэгдүгээр ангиас төгсөх хүртэл батлагдсан хөтөлбөрөөр заахаар хуульчилсан. Хоёрт, төрөөс бүх нийтэд үнэ төлбөргүй боловсрол олгодог ЕБС-иудад гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн заахаар тусгасан. Төрөөс үнэгүй олгодог албан сургалтаараа хүүхдэд эхлээд төрөлх хэлээ сайн сурсны дараа 10-11 наснаас гадаад хэл заах бодлогыг дэлхийн олон оронд баримталдаг. Жишээ татахад, Япон улс хүүхдэд 11 наснаас гадаад хэл заах бодлоготой бөгөөд “Япон хүнийг бага ангийн багш бий болгодог, түүнд шаардлагатай мэдлэгийг дунд ангиас олгодог” гэсэн ойлголт түгээмэл байдаг байна. Монгол Улс 1990 оноос өмнө хүүхдэд 4 дүгээр ангиас буюу 11 наснаас гадаад хэлийг зааж ирсэн бодлого өнөөг хүртэл олон арван жил үргэлжилж байна. Өнөөдөр хүүхэд 6 настай ЕБС-д орж, 5 дугаар ангиас буюу 10-11 наснаас гадаад хэл үзэж байна.

Ташаа ойлголт 4: Торгууль шийтгэл өндөртэй хууль гарсан бөгөөд иргэд буруу бичсэн тохиолдолд өндөр торгууль төлнө.

Монгол хэлний хуульд, хууль зөрчсөн байгууллага, хуулийн этгээдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх (1 сая 920 – 2 сая 880 мянган төгрөг) мөнгөн торгууль ноогдуулах ганцхан зүйл заалттай. Хуулийг хэрэгжүүлэхэд иргэд, байгууллагаас их хэмжээний зардал шаардах, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй заалт байхгүй. Иргэнийг торгох заалт байхгүй. Хуульд Монгол Улсын иргэн монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх журамт үүрэг хүлээнэ гэж заасан. Журамт үүрэг гэдэг нь төрөөс иргэддээ нийтээр дагаж мөрдөхийг уриалсан Үндсэн хуульд туссан ойлголт бөгөөд журамт үүргийг зөрчсөний төлөө ямар нэгэн шийтгэл оногдуулдаггүй болно:

Ташаа ойлголт 5: Хууль гарснаар монгол хэлний дүрэм, нэр томьёоны орчуулга өөрчлөгдөнө.

Монгол хэлний дүрэм, орчуулгын асуудлыг хуулиар зохицуулахгүй бөгөөд харин энэ хуулиар ШУА-ны хэл шинжлэлийн хүрээлэнд дүрмийг нэгдмэл, боловсронгуй болгох, нэр томьёог мэргэжлийн байгууллага, хүмүүсийн оролцоотой орчуулах, үгсийн санг баяжуулах үүрэг хүлээлгэсэн. Судалгааны байгууллагын саналыг Хэлний бодлогын үндэсний зөвлөл баталснаар монгол хэлний дүрэм, нэр томьёоны орчуулга улс орон даяар нэгмөр болж мөрдөгдөнө. Эдгээр байгууллага хуульд заасан үүргээ гүйцэтгэж эхэлснээр Монгол Улсад дэлхийн олон оронд байдаг “Хэлний академи” бий болно.

Ташаа ойлголт 6: Эдийн засаг хүнд байхад монгол хэлний асуудал чухал бус

Үндэсний хэл соёлоо хамгаалах асуудал бол аль ч улсын үндэсний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын суурь асуудал юм. Үүнийг хоёр хөрш орны бодлогоос эхлээд сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байгаа Европ, Азийн олон орнуудын хэлний хуулиуд төдийгүй НҮБ, ЮНЕСКО-гоос хөхиүлэн дэмжиж байгаа дэлхийн улс үндэстнүүдийн хэл, соёлын олон янз байдлыг хамгаалах томоохон бодлогуудаас харж болно.

Хууль санаачлагчид сүүлийн хорь гаруй жилийн туршид эрх зүйн зохицуулалт дутагдсанаас монгол хэлтэй холбоотой бий болсон асуудлуудыг шийдвэрлэх шинэ хууль хэрэгтэй гэж үзэж, салбарын эрдэмтэн судчаачидтай хамтран ажиллаж, багагүй хэмжээний судалгааны ажил хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн хоёр жил гаруй ажлын үр дүнд Монгол хэлний тухай хууль УИХ-аар батлагдлаа.

Энэ хууль батлагдсанаар төрийн эдийн засгийн бодлого үйл ажиллагаа, улс орны хөгжлийг хойш татах, эдийн засагт болон иргэдийн амьдралд томоохон дарамт, хүндрэл үүсгэх сөрөг үр дагавар гарахгүй юм.Эдийн засгийн хямралаас хоёроос гурван жилд гарч болдог бол хэл, соёлын ухралтыг буцаахад гучин жил ч багаддаг гашуун түүх бий. Улс үндэстний хувь заяа зөвхөн эдийн засаг, мөнгөн дээр тогтдоггүй. Монголчууд бид даяаршилтай хөл нийлүүлэн алхаж, улс орноо хөгжүүлэхийн зэрэгцээ үндэсний хэл соёлоо хүндлэх, хадгалж, хамгаалах оюуны дархлаагаа сэргээх цаг болсныг ойрын өдрүүдэд өрнөсөн монгол хэлний хуулийг тойрсон маргаан харууллаа.

УИХ-ын гишүүн М.БАТЧИМЭГ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:50

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:50


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.