Н.Батсуурь: Монгол Улсын 23 дахь аварга болсондоо баяртай байна
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын түрүү бөхөөр Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” бөхийн дэвжээ, “ТЭЦ- 3”, “Химон” констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Н.Батсуурь ес даван түрүүлж аварга цолтон боллоо. Ингэснээр Монгол Улсаас төрж буй 23 дахь, Увс аймгаас төрж буй дөрөв дэх аварга болж буй юм. Тэрбээр наадмын өмнөх “Увс нуур” бөхчүүдийн галын наадмын барилдаанд түрүүлсэн бөгөөд нутгийн зон олон нь түүнийг энэ жил наадамд дээгүүр үзнэ, түрүүлэх магадлал өндөр хэмээн ярьж, хүлээлт өндөртэй байсан билээ.
Харин Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба найм даван үзүүрлэв. Тэрбээр өнгөрсөн 2016 оны баяр наадмаар наадмын түрүү бөхөөр шалгарч улсын заан цолноос шууд аварга цолтон болж байсан юм. Мэдээж түүнийг энэ жил мөн л түрүүлэх бөхчүүдийн эхний эгнээнд оруулан ярьж, найдвар хүлээлгэж байсан бөхчүүдийн нэг юм.
Бид түрүү болон үзүүрийн бөхчүүдээс өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулгаас цол тэмдэг, шагналаа гардан авсны дараа сэтгэгдлийг нь сонссоноо та бүхэнд хүргэж байна.
Ч.САНЖААДАМБА: Н.БАТСУУРЬ АРСЛАНТАЙ ХАРГҮЙ САЙХАН
БАРИЛДАЖ УНАЛАА
Тэрбээр “Төрийн наадмын бөхийн барилдаанд хоёр дахь удаагаа үзүүр түрүүнд гарч ирж сайхан барилдлаа. Уржнан жил наадмын түрүү болж аварга цол хүртэж байлаа. Энэ жил арслан Н.Батсуурьтай харгүй сайхан барилдаж уналаа.
Нутгийн зон олон, аав ээж, гэр бүл, намайг дэмжсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Та бүхэн минь сайхан наадаарай. Сайн сайхан бүхнийг хүсье. Дараа жилийн наадмаар дахин уулзъя даа.” Гэв.
Н.БАТСУУРЬ: Ч.САНЖААДАМБА АВАРГАТАЙ ХИЧЭЭЖ БАРИЛДЛАА
Тэрбээр “Дэнж хотойтол сайхан наадсан Монголын ард түмэндээ баярын мэнд хүргэе. Маш их хичээж барилдсаны хүчинд Монгол Улсын 23 дахь аварга болж байгаадаа маш их баяртай байна. Цаашид илүү их хичээж, цолоо баталж, цолоо хамгаалж барилдах болно. Ерөнхийлөгч Х.Баттулга буюу жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч ахаасаа аварга цол хүртэх ёстой байсан юм байна. Намайг дэмжиж итгэл хүлээлгэсэн Увс аймгийн зон олондоо, мөн миний төрж өссөн Баянгол дүүргийнхэндээ, ах дүү, найз нөхөд, эхнэр хүүхдэдээ хайртай шүү гэж хэлье. Ч.Санжаадамба аваргатай барилдсан барилдаанд нэлээд хичээж барилдлаа.” Гэлээ.
Б.БУРМАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.БАЯРБААТАР
Сэтгэгдэл