Нарантуулын “ҮР ЗУЛБУУЛАГЧ” эмээ нар ялаас мултарч, нялхас хорвоогоос буцсаар байна

Д.Тулга / Хууль

Нарантуул зах дээр үр зулбуулах эм зардаг эмээ, эгч нар олон байдаг талаарх мэдээлэл олон нийтийн дунд байдаг л зүйл мэт болчихжээ. “Мизопростол” гэх уг эмийг хувь хүн худалдан борлуулах эрхгүй бөгөөд зөвхөн эмчийн жороор эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг.

Эмийн сангийн зөвшөөрлийг Улаанбаатар хотын Нийслэлийн эрүүл мэндийн газрын зөвшөөрлөөр олгодог бол эм ханган нийлүүлэх байгууллагын зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас олгодог байна.

Хаа нэг хууль журмаа дээдэлдэг иргэн хүн үүргээ ухамсарлаж эм зарж байгаа болон авч байгааг нь харж цагдаагийн байгууллагад мэдээлдэг, цагдаа нар нь мэдээллийн дагуу тухайн этгээдүүдийг барьж саатуулдаг, эмийг нь хураадаг. Гэвч энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй, хууль зөрчигч этгээдүүдэд хүлээлгэх хариуцлага хатуудахгүй байгаагаас энэ төрлийн бизнес амь бөх байсаар байгааг тодорхой жишээн дээрээс харж болохоор байна. Тухайлбал, уржигдархан зулбуулах эм ууснаас цус алдсан эх ЭХЭМҮТ-д очиж хэвтэн эмчлүүлсэн байна. 27 настай С гэх эмэгтэй гурван сартай жирэмсэн байсан бөгөөд хүүхдээ тээхийг хүсээгүйн улмаас Нарантуул худалдааны төвд очиж зулбуулах эм зардаг хүнээс эм авч ууж, ийн эмнэлэгт хүргэгджээ. Энэ хэргийг одоо Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.

-ҮР ЗУЛБУУЛАХ ЭМ ЗАРСАН ЭТГЭЭДҮҮДЭД ТЭНСЭН ХАРГАЛЗАХ
ЯЛ ОНООЖ БАЙЖЭЭ-

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн эм зарж борлуулсан гэмт этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад, хэргийг нь прокурор, цааш нь шүүхийн байгууллагад шилжүүлдэг. Гэтэл шүүхээс эл этгээдүүдэд ял оноохыг чухалчилж үздэггүйг хоёр удаагийн шүүх хурлын жишээнээс харж болохоор байна.

1. Нарантуул зах дээр хууль бус зулбуулах эм зарж борлуулсан хэргээр 2015 онд 68 болон 72 настай хоёр эмээ шүүгдэж байсан байх юм.Улмаар шүүхээс шүүгдэгчдийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, чин санаанаас гэмшсэн, мөн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, тэдэнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн байх юм. Улмаар тэдэнд хуулийн дагуу гурван жилийн ял оноосон ч түүнийг нь нэг жилийн тэнсэн харгалзах ял болгон бууруулж шийдвэрлэжээ.

2. Мөн өнгөрсөн 2017 оны тавдугаар сард 46-49 насны хоёр эмэгтэйг Нарантуул зах дээр үр зулбуулах эм хууль бусаар зарж борлуулсан хэргээр шүүжээ. Ингээд Эрүүгийн хуулийн 198.2-т зааснаар тус бүр 3,1 жил хорих ялаар шийтгэсэн ч тэнсэн харгалзах ял болгон өөрчилсөн байна. Тэнсэн харгалзах болсон шалтгаанаа тайлбарлахдаа мөн л үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн хэмээн тайлбарласан байх юм.

Сэтгүүлчид бид энэ тухай бичиж яриад байгаа ч мэргэжлийн байгууллага, цаашлаад хууль хяналтынхан асуудалд ингэж хандаж, “алуурчид”-ыг гэмээ ухаарсан хэмээн ялаас өршөөн хэлтрүүлээд байгаа нь энэ гэмт хэргийг улам өөгшүүлээд байгаа юм биш биз гэх хардлагыг яах аргагүй төрүүлж байна.

Сэтгүүлчид бид хэдий халаглаад ч хууль хяналтын байгууллага, мэргэжлийн хяналтынхан цаашлаад Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам нь хуруугаа ч хөдөлгөхгүй аваас Монгол Улс хүн баялгаа мөнгөнд сохорсон захын наймаачдын гарт алдсаар байх нь. Энэ бол хяналтгүй улсын нүүр царай.

-ЭМ УУСАН БҮСГҮЙЧҮҮД ГОМДОЛ ГАРГАХЫГ ОГТ ХҮСДЭГГҮЙ БАЙНА-

ЭХЭМҮТ болон төрөх эмнэлгүүдэд хувь хүний гар дээрээс, зах худалдааны төвөөс зулбуулах эм авч уугаад, их хэмжээний цус алдаад ирдэг эмэгтэйчүүдийн тоо олширсон байна. Үүнээс гадна хувийн тодотголтой эмнэлгүүдэд хэчнээн бүсгүй хандаж, тусламж авч байгааг таашгүй.

Хамгийн хачирхалтай нь эдгээр бүсгүйчүүд хуулийн байгууллага мэдүүлэг авахад “Би өөрөө хүсээд энэ эмийг авч уусан болохоор гомдол санал байхгүй. Шүүх цагдаад хандахгүй” гэх хариулт өгдөг байна. Магадгүй хохирогчгүй, гомдол гаргагчгүй учраас эл гэмт хэргийг үйлдэгчид хуулийн цоорхой ашиглан, ял зэмгүй үлдэж байж ч мэдэх юм.

Нэгэн бүсгүй цагдаагийн байгууллагад ийн мэдүүлсэн байна. Хохирогч О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “…Манайх Говь-Алтай аймагт байдаг юм. Би нэг хүүхэдтэй. Ээж, аав, гурван дүүгийн хамт амьдардаг. Нөхрөөсөө салсан. Нөхөргүй байх үедээ нэг залуугаас жирэмсэн болсон. Жирэмсэн болсноо мэдээд хүүхдээ авхуулмаар санагдаад байсан. Нөхөргүй байж хүүхэдтэй болчихсондоо гутарч шаналж байлаа. Тэгээд Нарантуул зах дээр үр зулбуулдаг эм зардаг гэдгийг урд өмнө нь дам сонсож байсан.

Яг үнэн худлыг нь мэддэггүй байлаа. Аймгийнхаа эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж абортод орох гэхээр санаа зовоод байсан болохоор хотод ирсэн. Эмэгтэйчүүдийн эмнэлгээр явж асуухад үнэтэй, мөнгө муутай болохоор үйлчлүүлж чадаагүй. Тэгээд аргагүйдээд Нарантуул зах орсон. Нарантуул зах дээр очоод үр зулбуулдаг эм хаана зардаг юм бэ гэж хүмүүсээс асууж сураглаж заалгасаар байгаад очсон.

Тэгтэл хүрэн өнгийн биеийн тамирын хослол өмссөн, 50 орчим настай намхан махлагдуу шар эмгэн "Үр зулбуулдаг эм байна. Чи авах юм уу, хэдийг авах юм бэ" гээд надад нэг хайрцагтай, хайрцаг дотроо 3 том, 6 жижгээр савалсан 9 ширхэгтэй хятад бичигтэй эмийг 15000 төгрөгөөр зарсан.

Би тэр эмийг аваад "Дарь Эх"-д түрээслэж байсан нийтийн байрандаа очоод, эм зарсан эмээгийн зааснаар гурван цагийн зайтай 2-оор нь давхарлаж уусан. Тэгээд юм мэдэгдэхгүй байж байгаад орой бие эвгүйрхээд, доошоо цус алдаж, хувийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хувийн эмнэлгийн эмч нь түргэн дуудаж Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд очиж эмчлүүлж гарсан.

Тус төв дээр очиход үр зулбачихсан байна гэж байсан. Би надад эм зарсан хүнийг харвал таних үгүйгээ мэдэхгүй байна. Анх маск зүүсэн байсан. Надад эм зарж байхдаа маскаа авсан. Маскаа авахад нь харахад нилээн хөгшин, хацрынх нь арьс үрчийж унжсан, 50-60 орчим насны шар царайтай эмээ байсан.

Тухайн үед тэр эмээд итгэсэн. Би хөдөө сүлжээгүй газар байдаг. Ямар ч гомдол гаргаагүй. Би тэр эмийг өөрөө хүсэж очоод авсан болохоор цагдаагийн байгууллагаар шалгуулмааргүй байна. Би хөдөөнөөс дахин ирж чадахгүй. Хүүхэд харах хүн байхгүй. Наашаа цаашаа явах унааны зардал мөнгө байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Хэргийн материалтай танилцахгүй...” гэжээ.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000