Азийн 3.3 бүсээс Дэлхийн цомд оролцох шатарчид тодорлоо

Aдмин / Спорт

Монголын шатрын холбоо, Азийн шатрын холбоо хамтран зохион байгуулсан дэлхийн цомын эрх олгох Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээн шилдгүүдээ тодруулав.

Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд Монгол, Филиппин, Сингапур, Хонконг, Вьетнам, Малайз, Индонез гэсэн долоон орны 110 тамирчин ур чадвараа сорин өрсөлдсөн.

Швейцар системээр есөн өрөг тоглосон энэхүү тэмцээний нээлттэй ангилалд Сингапурын их мастер Тин Жингяао 7.0, олон улсын мастер Ү.Агьбилэг, С.Ган-Эрдэнэ нар ижилхэн долоон оноо авсан ч коэффицентийн зөрүүгээр Тин Жингяао түрүүлэн алтан медалиар энгэрээ мялаасан.

Ү.Агьбилэг мөнгөн медаль хүртэхийн зэрэгцээ дэлхийн цомд оролцох эрхээ авлаа. Харин Монголын шатарчин, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртэв.

Эмэгтэйчүүдийн ангилалд дэлхийн цомд өрсөлдөх цор ганц эрхийг Индонезийн шатарчин Херфеса Шафира Дэви түрүүлснээр авлаа. Тэрбээр есөн өргөөс долоо оноо цуглуулжээ.

Түүнтэй яг ижил 7.0 оноо авсан амжилт үзүүлсэн манай шатарчин, ФИДЕ мастер Э.Энхрий коэффицентийн алдагдалтай хоёрдугаарт байр эзэлж, дэлхийн цомоос анх удаа мөнгөн медаль хүртэв. Тэгвэл кандитат мастер Х.Баясгалан 6.5 оноогоор хүрэл медалийн болзол хангалаа.

Шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар "Монголд хоёр дахь удаагаа болж буй энэ тэмцээн манай шатарчд үр өгөөжөө өгсөн байх, туршлага хуримтлуусан байх гэж найдаж байна. Эхний өргөөсөө л онц сонирхолтой боллоо. Ялангуяа охидын ангилалд өрсөлдөөн нэлээд ширүүн байсан. Дэлхийн цомын эрхээ авсан болон медальт байрт шалгарсан шатарчдадаа баяр хүргэе" гэлээ.

Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн П.Батчимэг "Шатрын спортын хөгжилд хувь нэмрээ оруулахыг чин сэтгэлээсээ эрмэлзэж, хүсэж байна. Дэд байрт шалгарч, дэлхийн цомд оролцох эрхээ авсан Ү.Агьбилэгтээ тусгайлан баяр хүргэе.

Дэлхийн шатрын холбооноос 2025 оныг "Нийтийн шатрын жил" болгон зарласан холбогдуулан хөтөлбөрт гаргасан. Энэ хөтөлбөрийн дагуу олон үйл ажиллагаа, тэмцээн зохион байгуулахад биечлэн оролцож, өөрийн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна" гэв.

Өчигдөр өндөрлөсөн Азийн 3.3 бүсийн тэмцээнээс эрх авсан шатарчид ирэх аравдугаар сард дэлхийн цомд өрсөлдөнө.


Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000