Томоохон төслүүдийг 4.3 их наяд төгрөгөөр санхүүжүүлнэ

Aдмин / Нийгэм

Сангийн яамнаас өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзаж, ирэх оны төсвийн бодлого, төлөвлөлтийг танилцуулав.



Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр 2025 оны төсвийн төсөлд тусгажээ. Гадаадын зээл, тусламжийн санхүүжилтаар 2.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Шинэ хөрөнгө оруулалтыг бүсийн томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд чиглүүлж буйг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хэллээ. Тэрбээр, Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл нь:

нийгэм, эдийн засгийн тулгамдсан, хугацаа шаардсан суурь асуудлыг шийдвэрлэж эхлэх,
бүсчилсэн хөгжлийн цогц шинэчлэлийн эхний шатыг хэрэгжүүлэх,
нийслэлийн төвлөрлийг задлах зэргээр олон жил ужгирсан асуудлыг дорвитой шийдвэрлэхэд чиглэснийг онцлов.




Бүсүүдийн эдийн засгийн эргэлтийг дэмжихийн тулд аймгийн төвүүдийг хилийн боомттой, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон Бүсчилсэн хөгжлийн “Таван тойрог” авто замын их бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр тусгажээ.



Ирэх онд нийт 2,120.9 км авто замыг шинээр тавихаар төлөвлөсөн байна. Үүнд аймгийг аймагтай холбох 1079.7 км, аймгуудыг боомттой холбох 708.6 км, аялал, жуулчлалын 332.6 км авто зам тавихаар төлөвлөжээ.





Үүнээс гадна төсөвт туссан нэг чухал хөрөнгө оруулалт бол нийслэлийн төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж зэрэг мега төслийн санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж, хэрэгжүүлэх аж. 600 гаруй төсөл хөтөлбөр төлөвлөснөөс 14 нь мега төсөл байна. Үүнд:

Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал,
Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам,
Хөшигийн хөндийн туннел,
Тавантолгойн 450 мВт-ын хүчин чадалтай ДЦС,
Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын УЦС,
Эгийн голын 310 мВт-ын УЦС,
Газрын тос боловсруулах цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэхээр тусгаж Засгийн газар батлаад буйг мэдээллээ.





Ирэх онд авто зам, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжинэ.



Бүсчилсэн хөгжлийн зорилттой уялдсан татварын бодлого хэрэгжүүлэх, төрийн өмч хөрөнгийн үр ашгийг өсгөх, боловсруулах үйлдвэрийг татварын бодлогоор дэмжих, Үндэсний баялгийн сангаар дамжуулан үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд 2025 оны төсвийн бодлого чиглэж буйг Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал танилцууллаа.








Тодруулбал, Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2025 оны улсын төсвийн төсөлд нийт 93.5 тэрбум төгрөгийг тусгажээ. 2025 онд орон нутагт 7,282 өрх, Улаанбаатар хотод 6,152 өрх, нийт 13,434 орчим өрх орон сууц болон эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцад хамрагдах боломж бүрдэх аж.

Бүсчилсэн хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан бүсүүдийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн нийт 6.9 их наяд төгрөгийг төлөвлөсөн нь өмнөх онуудтай харьцуулахад өндөр хөрөнгө оруулалт болж байна.







Бүсчилсэн хөгжлийн бодлогоор тухайн бүсийн онцлогт нийцсэн татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх боломжтойг Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн мэдээллээ.

Тодруулбал, бүсийн тэргүүлэх чиглэлд нийцсэн томоохон төслийн барилгын материал, тоног төхөөрөмжийн гаалийн татварын чөлөөлж, НӨАТ-ыг 4 хүртэлх жилээр хойшлуулна. Мөн бүсчилсэн хөгжлийн томоохон төслийн үл хөдлөх эдд хөрөнгийн албан татварыг тэг хувь хүртэл бууруулж хөнгөлөхөөр тусгаад буйг дуулгалаа.


Сэтгэгдэл

ЗОЧИН [66.181.179.51] 2024-09-16 08:01:53

15/IX-нд бүтэн сайнд УБ-ын 22-ын товчооны баруун аймгууд-Дарханы замын уулквараас баруун 4 зам орж ирэхэд 3.5цаг буюу бараг хагас өдөр явж ирж буй түгжрэлийг яаж бууруулах арга зам бна уу. Үүнийг шийдэх хөрөнгө, төсөл бна уу. Наад хөрөнгө оруулалтаа ийм тулгамдсан асуудлуудад чиглүүлээч. малнууд аа.

зочин [202.9.46.160] 2024-09-15 18:49:57

хил холболтын төмөр зам бол юу л бол доо цаанаас нарин царигаар ирсэн наанаас нь өргөн царигаар угтуулцан бид ингэж хамтарч болох уу бид иим ухаантаи баиж болох уу

Зочин [202.131.234.123] 2024-09-14 15:35:32

байнга төрөөс хэсч явдаг янхан болсон хүнүүдээ цаазлаач. энд тэнд очиж байнга өрөнд оруулж ирсэн байдаг шүү дээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.