“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилт” сонсгол болно
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд эхэлнэ.
Сонсголд “Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх) нэг дэх хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, “Утааны асуудал: Стандарт, хяналт (Зуух, түлшний технологи) сэдэвт хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нар тус тус танилцуулна.
Ташрамд дурдахад, Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар Монгол Улсын иргэн Б.Мөнгөнхишиг нарын цахим системд байршуулсан нийтийн өргөдөл УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.2-т заасан тоонд хүрсэн тул авч хэлэлцэн, өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хорооны хуралдаанаар утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Мөн хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлыг хэсгийг 22 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийн ахлагч, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг сонгосон хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл