ХӨСҮТ: Менингококк халдварын сэжигтэй тохиолдол нэмэгдээгүй
Нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Менингококк халдвар, нэн хүнд явцтай Менингококкцеми үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдал оноштой эмчлэгдэж байсан бага насны хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Халдварын голомтод Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хамтарсан баг хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн менингококк халдвар нийслэлд бүртгэгдсэнээс үүдэн Эрүүл мэндийн яам, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын эмнэлгүүдийн удирдлагуудад Менингококк халдварын тархалт, урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллах чиглэл өгчээ.
Одоогоор нийслэлийн Баянгол,Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдолд үзлэг шинжилгээ хийж байна.
Харин цахим орчин тавигдаад буй “Хан-Уул дүүргийн 19-р хороонд менингококк халдварын сэжигтэй тохиолдол илэрч ХӨСҮТ-д үзлэг шинжилгээ хийлгэж байна” гэх мэдээлэл худал болохыг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Өнөөдрийн байдлаар менингококк халдварын сэжигтэй тохиолдол нэмэгдээгүй бөгөөд Даваа гаригт албаныхан мэдээлэл өгнө.
Сэтгэгдэл