ИТХ-ын олонхын саналаар огцрох болсон Булганы Засаг дарга Б.Пүрэв-Очирыг Ерөнхий сайд 14 хоногийн хугацаанд шийднэ

ИТХ-ын олонхын саналаар огцрох болсон Булганы Засаг дарга Б.Пүрэв-Очирыг Ерөнхий сайд 14 хоногийн хугацаанд шийднэ
Булган аймгийн Засаг дарга Б.Пүрэв-Очирыг Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуулийг удаа дараа зөрчсөн, мөн аймаг, орон нутгийн иргэдийн сурч боловсрох, ажиллах хөдөлмөрлөх боломжийг хаасан гэж үзэн тус аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид түүнийг огцруулах албан бичгээ ИТХ-ын даргадаа өгсөн байдаг.
Улмаар уг асуудлаар Булган аймгийн ИТХ-ын ээлжит нэгдсэн хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж, аймгийн Засаг дарга Б.Пүрэв-Очирыг огцруулах саналыг хэлэлцсэн байна. Ингээд хуралдаанд оролцсон нийт 29 төлөөлөгчийн олонх буюу 17 төлөөлөгч Засаг дарга Б.Пүрэв-Очирыг огцруулах саналыг дэмжжээ. Тиймээс энэ талаарх ИТХ-ын шийдвэрээ албан ёсоор Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдад хүргүүлсэн байна.
Хуулиараа Ерөнхий сайд ИТХ-ын шийдвэрийг хүндэтгэн 14 хоногийн дотор хариу шийдвэр гаргах ёстой. Хэрэв огцруулах хүсэлтийг хүлээж аваагүй тохиолдолд тус аймгийн ИТХ-аас тодорхой хуульд заасан хугацаанд дахин огцруулах шийдвэрийг Ерөнхий сайдад хүргүүлж болно. Гэхдээ Ерөнхий сайдын хувьд Булган аймгийн ИТХ-ын олонхын шийдвэрийг дэмжиж, уг асуудлыг яаралтай шийдэх нь тодорхой биз.
Учир нь, Булганы иргэдийн хувьд тогтворгүй байгаа улс төр, орон нутгийн шийдвэрийг харж, хүлээсэн асуудал олон байна. Нөгөөтэйрүүр тус аймгийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн хувьд цагаан сар өнгөртөл гадаадад байх учир ямар нэгэн улс төрийн бохир яриа хэлэлцээр хийхээс нь өмнө Б.Пүрэв-Очирыг огцруулах хүсэлтэй байгаагаа тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон орон нутгийн иргэд нь хэлж байна.
Э.МӨНХ
Сэтгэгдэл
Зочин [86.85.55.114] 2025-02-22 18:11:02
Harin tiin
Зочин [66.181.180.91] 2025-02-22 12:52:04
Huuli zurchdug l bol ene hun mongold hereggui