Ж.Золжаргал: Зэсийн АМНАТ 20 орчим хувь байгаа нь олон улсын хэмжээнд асар өндөр үзүүлэлт

Aдмин / Улстөр

-Ирэх 2026 онд улсын төсвийн нийт орлогын ойролцоогоор 27 хувийг уул уурхайн салбар бүрдүүлэхээр байна. Энэ нөхцөлд төсвийн гол эх үүсвэр болох нүүрсний экспортын хэтийн төлөв ямар байна вэ?

-Нүүрсний экспортын төлөвлөгөө он дуусах хүртэл биелэх боломжтой гэж найдаж байна. Гэхдээ энэ жилийн зорилт биелэх эсэхээс илүүтэй цаашид юуг анхаарах вэ гэдэг чухал байна. Нэгдүгээрт, бид бүтээгдэхүүнээ аль болох хямд зарах бус, аль болох боломжийн, өндөр үнээр борлуулах бодлоготой байх ёстой.

-Нүүрсээ ахиу үнээр борлуулах боломж бий юу?

-Одоогийн байдлаар нүүрсний худалдаанд гурван төрлийн хэлбэр байна. Үүнд, биржийн арилжаа, уурхайн ам нөхцөлтэй урт хугацааны гэрээ, мөн бүтээгдэхүүн барьцаалсан оффтейк хэлцэл. Оффтейк гэрээнүүд үндсэндээ дуусах шатандаа орсон тул гол өрсөлдөөн урт хугацааны гэрээ болон биржийн арилжаа хооронд өрнөж байна. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-н нийт борлуулалтын 80 хувь нь урт хугацааны гэрээгээр, 20 орчим хувь нь биржээр зарагдаж байна. Гэтэл бирж дээр коксжих нүүрсний хэмжээ маш бага. Нийт борлуулалтын 70-80 хувийг эзэлдэг коксжих нүүрсийг хөнгөлөлттэй үнээр урт хугацааны гэрээгээр худалдаж, харин бирж дээр чанар муутай хэсгийг бага хэмжээгээр борлуулж байгаа нь таагүй байдал үүсгэж байна.

-Ямар эрсдэл үүсэх вэ? Нүүрсээ биржээр зарах ер нь ашигтай юу?

-Ийм бүтэцтэй байхад бид нүүрсээ хүрч чадах үнээсээ доогуур үнэлж байна гэсэн үг. Жишээлбэл, уурхайн аман дээрх урт хугацааны гэрээ 60 орчим ам.долларын үнэтэй байхад биржийн хил нөхцөлтэй үнэ 100 гаруй ам.доллар байна. Тээврийн зардлыг хассан ч дор хаяж 20 ам.долларын зөрүү гардаг. Энэ нь биржийн үнэ харьцангуй ашигтай байгааг харуулж буй юм. Гэхдээ биржийн үнэ тогтмол биш, хэлбэлздэг учраас тогтвортой байдлыг хангахын тулд урт хугацааны гэрээ зайлшгүй хэрэгтэй. Харин том гэрээнүүд борлуулалтын 80 хувийг эзэлж болохгүй. Бирж болон том гэрээнүүдийг 50:50 харьцаатай байлгах нь зөв.

-Нүүрсний бодлогын түвшинд ямар асуудлыг шийдэх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Монгол Улсад нүүрсний үнийн бодлого, үндэсний үнийн индекс алга. Иймээс Монголын нүүрсний үнийн индексийг тогтоож, түүнийг боловсруулдаг бүтцийг байгуулах шаардлагатай. Ингэснээр бид нүүрсний үнэ тогтвортой, ашигтай байх нөхцөлийг бодлогын түвшинд бүрдүүлнэ. Тээвэр, логистикийн олон асуудал хэвээр байгаа ч гол анхаарах зүйл бол биржийн арилжааг тогтвортой хөгжүүлэх, том гэрээнүүдтэй балансжуулж явах явдал. Мөн нүүрсийг Монголын нутаг дэвсгэр дээр монголчууд өөрсдөө тээвэрлэх нь эдийн засгийн хувьд илүү ашигтай.

-Монголын уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт буурч байна гэж үздэг. Таны бодлоор уул уурхай дотроо ямар чиглэлд хөрөнгө оруулалт татах боломжтой гэж боддог вэ?

-Одоогийн байдлаар Хятадаас бусад гадаадын хөрөнгө оруулагч бараг байхгүй болсон. Хамгийн их хөрөнгө татах боломжтой салбар бол зэсийн салбар. Зэс, зэсийн баяжмал бол нүүрсний дараагийн том орлого олох түүхий эд. Монгол Улс зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд томоохон тоглогч болох нөөцтэй ч бид боломжоо ашиглаж чадахгүй байна.

“Оюу толгой” бол гуравдагч хөршийн том хөрөнгө оруулалт. “Эрдэнэт” бол уламжлалт, Монголын том үйлдвэр. Эдгээрийн цаана ч ашиглах боломжтой олон орд бий. Гэвч өнөөдөр зэсийн салбарын хөрөнгө оруулалт үндсэндээ зогсонги байдалд байна.

-Хөрөнгө оруулалт буурч буйд юу голлон нөлөөлж байна бэ?

-Хамгийн гол хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, Ашигт малтмалын хуульд орсон өөрчлөлтөөр стратегийн ордуудын 34 хувийн заалт “маш хортой” хувилбараар нэмэгджээ. Хайгуул хийж, орд илрүүлсэн компанид эзэмших хувийг 34-өөс хэтрүүлэхгүй гэж заасан. Мөн ордыг ямар ч шалгуураар стратегийн гэж зарлаж болдог зохицуулалт нь хөрөнгө оруулагчдыг айлгаж, хөрөнгө татах орчныг эрс муутгасан.

Энэ нь үнэндээ улс төрчидтэй “наймаалцах” эрсдэл үүсгэдэг учраас хэн ч хөрөнгө оруулахыг хүсэхгүй. Ийм заалтуудыг яаралтай засахгүй бол Монголд хөрөнгө оруулалт орж ирэхгүй.

-Зэсийн АМНАТ өндөр байгаа нь нөлөөлж байна гэж үү?

-Тийм. Зэсийн АМНАТ өнөөдөр 20 орчим хувь байгаа нь олон улсын хэмжээнд асар өндөр үзүүлэлт. Хятадад 3-7 хувь, бусад улсад 10-аас дээш нь цөөхөн байдаг. 20 хувийн АМНАТ-тэй оронд хэн ч хөрөнгө оруулахгүй. “Эрдэнэт” нийтдээ 21.6 хувийн АМНАТ төлж байна. Харин “Оюу толгой” тогтворжуулалтын гэрээгээр 5 хувь төлдөг. Одоогийн 5000 ам.долларын босго давмагц 5 хувь байсан АМНАТ 16 болж өсдөг заалт маш зохисгүй. Үүнийг яаралтай өөрчлөх шаардлагатай.

-“Эрдэнэт”-ийн зэс үйлдвэрт хэрэгжиж буй шинэ төслүүдийн талаар?

– “Эрдэнэт”-ийн зэс хайлуулах үйлдвэр, түүнээс гарсан металаар металл хийц, кабель утас зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх төслийн талбай бэлэн болсон. Энэ бол маш зөв алхам.

Монголд экспортын бүтээгдэхүүний боловсруулалтыг дэмжихийн тулд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолсон тохиолдолд орлогын албан татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх хэрэгтэй. Дэлхийд ийм жишиг бий. Энэ нь ажлын байр, технологи, валютын орлого нэмэгдүүлэх давуу талтай.

-АМНАТ-ийн орон нутагт ногдох хувийг нэмэх шаардлага бий юу?

-Тийм. Орон нутагт очдог хэсэг бага учир эсэргүүцэл их гардаг. Иймд Ашигт малтмалын хуулийн шинэчлэлд АМНАТ-ийн 30 хувийг орон нутагт үлдээж, 20-ыг суманд, 10-ыг аймагт хуваарилах зохицуулалт оруулах нь зөв.

-“Оюу толгой”-н бүлэг ордын талаар Засгийн газар тавьж буй шаардлагууд биелэх боломжтой юу?

-Би ажлын хэсэгт албан ёсоор ордоггүй ч мэдээллийг тогтмол авч байна. Хэлэлцээрийн явц боломжийн байгаа гэж ойлгосон. Миний хувьд хоёр зарчим чухал.

Нэгдүгээрт, ашиглалтын тусгай зөвшөөрөл “Онтрэ” компанид байгаа тул Монголын Засгийн газар оролцолгүйгээр “Онтрэ” болон “Рио Тинто” лицензийн асуудлаар хэлэлцэх боломжгүй.

Хоёрдугаарт, Монгол Улс 34 хувийг эзэмшдэг хэрнээ менежментэд оролцдоггүй нь буруу. Рио Тинто менежментийн төлбөрийг зардлын 6 хувьтай тэнцүүлэн авдаг нь үр ашигтай биш. Зардал өсөх тусам Рио Тинто илүү “шагнал” авдаг бүтэцтэй. Иймд энэ механизмыг өөрчлөх, Монголын тал менежментэд оролцох шаардлагатай.

-ТУЗ-ийн гишүүдийн муу ажиллаж байна гэсэн шүүмжлэл гардаг. Та санал нийлэх үү?

-Би хэрхэн ажилладгийг нь нарийн мэдэхгүй. Гэхдээ эрх мэдлийн хязгаарлалттай байдаг нь үнэн. “Рио Тинто” бүх менежментийг нь хариуцдаг учраас манай тал ихэвчлэн улс төрийн түвшний чиг үүрэгтэйгээр оролцож байгаа бололтой. Үүнийг өөрчилж, Монгол болон олон улсын чадварлаг экспертүүдийн багийг менежментэд нь оролцуулах нь зүйтэй.

Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл

Зочин [43.228.129.134] 2025-12-01 09:38:28

henii erh ashigiig hamgaalj yariad baigaa yum be


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.