Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд эрх зүйн орчныг шинэчилнэ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын санаачилгаар Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулагдсан “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийн хүрээнд уул уурхайн салбарын долоо хоног арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Тус төв нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой юм.

Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр оролцож, эдийн засгийн өсөлтийг тэлэх, бодлогын шинэчлэл хийхэд хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байгааг онцлов. Тэрбээр экспортын хэмжээг нэмэгдүүлэх, дотоодын эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагатайг тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд улс төрийн тогтворгүй байдал, бодлогын ойлгомжгүй байдлаас шалтгаалан хөрөнгө оруулагчдын итгэл алдагдсан болохыг дурдлаа.

Засгийн газрын зүгээс алдагдсан итгэлийг сэргээж, эдийн засагт бодит сэргэлт авчрахын тулд хууль эрх зүйн орчныг цогцоор нь шинэчлэхээр ажиллаж байгааг онцлон, ирэх хаврын чуулган бизнесийн эрх чөлөөг дэмжсэн, хөрөнгө оруулагчдыг хамгаалсан, урамшуулсан, эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэсэн бодлого, шийдвэрүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байгааг мэдэгдэв. Мөн өмчийн халдашгүй дархан байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж ирсэн 40 гаруй хуулийн зохицуулалтыг эргэн харах шаардлагатайг тодотголоо. Тэрбээр хөрөнгө оруулагчдыг Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллахыг уриалсан юм.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Засгийн газраас баталсан 300 хоногийн төлөвлөгөөний хүрээнд уул уурхайн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн боломж, бизнесийн эрх чөлөөг дэмжих бодлого баримталж байгааг танилцуулав. Хөрөнгө оруулагчдын тогтвортой үйл ажиллагаа, эрх ашгийг хамгаалах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснийг онцоллоо. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийг төрөлжүүлэх хүрээнд уул уурхайн салбарын аж үйлдвэржилтийг хөгжүүлж, зэс хайлуулах, гангийн үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэрийн төслүүдийг 300 хоногийн хугацаанд эрчимтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дурдав.

Арга хэмжээний нээлтэд оролцсон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уул уурхайн салбарыг цэгцэлж, олборлолтоос боловсруулалт руу шилжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогыг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Уул уурхайн салбар нь ДНБ-ий 26 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 79 хувь, экспортын орлогын 95.4 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74 хувь, нэгдсэн төсвийн орлогын 28.4 хувийг бүрдүүлж буйг тэрбээр дурдав. Мөн 2015–2024 онд Монгол Улсад хийгдсэн 99.3 их наяд төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь уул уурхайн салбарт ногдож байгааг онцлон тэмдэглэв.

Цаашид хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Ашигт малтмалын тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Газрын тосны тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах болон шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгааг мэдэгдлээ.


Сэтгэгдэл

иргэн [66.181.185.104] 2026-01-26 15:29:20

Ямар өөрчлөлт оруулах гэж байгааг ил болгож нийтээр хэлэлцүүлэх нэн шаардлагатай шүү, нууцлахгүй баялагийн эзэдүүдэд ил болго, Их хурлын зарим гишүүд даалгавар биелүүлэхээр шамдан ажиллаж байна,3 сарын нэгэний жагсаалаас наана тодорхой танилцуулаарай


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.