Өмнөд Солонгосын автомашины татварыг 25 хувь болгон нэмэгдүүлжээ
Өмнөд Солонгосоос импортлох бараа бүтээгдэхүүн, автомашинуудын гаалийн татварыг 15 хувиас 25 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдлээ.
Тэрбээр үүнийг Өмнөд Солонгосын парламент хоёр талын худалдааны гэрээг соёрхон батлах үйл явц одоо хүртэл дуусаагүй байгаатай холбон тайлбарласан байна.
“Өмнөд Солонгосын парламент АНУ-тай байгуулсан гэрээний нөхцөлийг биелүүлэхгүй байгаа. Бид Ерөнхийлөгч Ли-тэй 2025 оны долоодугаар сарын 30-нд тохиролцоонд хүрсэн, 2025 оны 10 дугаар сарын 29-нд Солонгост айлчлахдаа би үүнийг баталгаажуулсан. Яагаад Солонгосын парламент одоог хүртэл батлахгүй байна вэ? Өмнөд Солонгосын парламент бидний түүхэн худалдааны гэрээг соёрхон батлахгүй байгаа учраас би автомашин, модон материал, эмийн бүтээгдэхүүн болон бусад бүх барааны гаалийн татварыг 15 хувиас 25 хувь болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ” гэж Д.Трамп "Truth Social" нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.
Энэ нь Өмнөд Солонгосын эрх баригч Ардчилсан нам 11 дүгээр сард худалдаа, хөрөнгө оруулалтын тухай гэрээг хэрэгжүүлж эхлэх зорилгоор Үндэсний Ассамблейд өргөн барьсан хуулийн төслийг хэлж байгаа юм. Энэхүү баримт бичгийг одоог хүртэл батлаагүй байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард нийтэлсэн хамтарсан мэдэгдлээс үзэхэд, Өмнөд Солонгосоос АНУ-ын эдийн засагт 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар гэрээнд тусгасан байна. Харин АНУ-ын тал хариуд нь Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүнд ногдуулах хариу татвар болон автомашины гаалийн татварыг 15 хувь болгож бууруулжээ.
Баримт бичигт мөн Трампын засаг захиргаанаас Өмнөд Солонгост цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх, түүнчлэн ураныг энхийн зориулалтаар баяжуулах, хаягдал цөмийн түлшийг дахин боловсруулах төлөвлөгөөг нь дэмжих талаар тусгасан байна.
Д.ЖАРГАЛ































































Сэтгэгдэл