Б.Гүндцамба: Гамма хадаасаар бэхлэх хагалгааг Дорноговь аймагт анх удаа хийлээ

Aдмин / Эрүүл мэнд

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн хамт олон гамма хадаасаар бэхлэх хагалгааг өнгөрсөн мягмар гарагт амжилттай хийснээр орон нутагт анх удаа нэвтрүүлээд байгаа юм. Энэ талаар мэс заслын багийн Гэмтлийн эмч Б.Гүндцамбатай ярилцлаа.

-Гамма хадаасаар түгжих хагалгааг анх удаа амжилттай хийсэн байна. Ямар гэмтэлтэй хүн байсан талаар яриагаа эхлүүлье?

-Өвчтөний хувьд 53 настай эмэгтэй байсан. Дунд чөмгөний их, бага эргүүлэг дайрсан болон дунд чөмгөний дээд 1/3 хэсгийн хугарлыг “гамма” хадаасаар тэгшлэх мэс заслыг хийлээ.

Энэ хагалгаа нь эргүүлэг дайрсан хугарлыг эмчлэх хамгийн үр дүнтэй арга. Тодруулбал, шарх бага үүсдэг, шууд хөдөлгөөн хийх боломжтой байдаг. Гамма хадаасаар түгжих хагалгаа (Gamma Nail Fixation) нь ихэвчлэн гуяны дээд хэсэг, түнхний үений орчмын хугарлыг (гуяны хүзүү болон их эргүүлгийн орчмын хугарал) эмчлэхэд ашигладаг, ясны дотуур бэхлэгддэг хадаасны нэг төрөл байдаг. Ингэснээр бид Дорноговь аймагтаа энэхүү хагалгааг нэвтрүүлж чадлаа. Цаашид орон нутагт орчин үеийн мэс заслын тусламжийг хөгжүүлэх, нутагшуулах ажлыг үе шаттайгаар өргөжүүлэх боломж бүрдэж байна.

-Энэ хагалгааг орон нутагт хийдэг болсноор ямар давуу тал үүсэж байна вэ?

-Энэхүү дэвшилтэт аргыг нэвтрүүлснээр өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ. Мөн Улаанбаатар хот руу өвчтөн тээвэрлэх шаардлага буурах чухал ач холбогдолтой.

-Мэс заслын багийн гишүүдээ танилцуулахгүй юу?

-Дээрх мэс заслыг Монгол Улсын хүний гавьяат эмч Х.Эрдэнэбулган, гэмтлийн эмч Б.Гүндцамба, Л.Бүнчин, мэс заслын сувилагч Ч.Адъяасүрэн, мэдээгүйжүүлгийн эмч Т.Гантамир, мэдээгүйжүүлгийн сувилагч О.Уранчимэг нар хийсэн.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Хэдэн оноос эхлэн Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн их эмчээр ажиллаж байна вэ?

-Би Дорноговь аймгийн АШУИС-ийг төгссөн. Сургуулиа төгсөөд буюу 2013-2015 онд Дорноговь аймгийн Иххэт сумын Эрүүлмэндийн төвийн даргаар ажилласан. 2015-2017 онд Гэмтэл согог судлалын эмнэлгийн Гэмтлийн эмч мэргэжлээр резидентээр суралцаж, 2017 оноос хойш Дорноговь аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчээр ажиллаж байна.

-Салбартаа ажиллаад багагүй хугацааг өнгөрөөсөн байна шүү дээ. Орон нутгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал нь юу байна. Үүнийг шийдэх боломж бололцоо нь хэр байдаг юм бол?

-Манай аймгийн хувьд Анагаахын шинжлэх ухааны их сургуультай учир хүний нөөцийн асуудал тулгардаггүй давуу талтай. Нэгдсэн эмнэлэгт маань чадварлаг эмч нар олон бий. Харин тоног төхөөрөмжийн асуудал тулгардаг. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй болох юм бол яг дээрх шиг хагалгаануудыг орон нутагтаа хийх бүрэн боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.