“Найраагүй” даншигт Р.Пүрэвдагва түрүүлэв
Хоёр өдөр даншигласан нийслэлийнхэний сэтгэл өөдрөг байна. 90-ээд жил өнгөрсний дараа Хүй мандалын ногоон дэвжээн дээр Даншиг наадам дахин сэргэлээ. Даншиг наадам бол Манж Чин улсын ноёрхлоос ангижирч тусгаар улс болоход наймдугаар Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнээ өргөмжилснөөс хойш Бат-Оршил өргөх ёслол төрийн баярын нэг нь болжээ. Ийнхүү олон жил завсарлаж байгаа Даншигийн энэ цагийн хүчтэнгүүд тодорч, Даншигийн арслан, заан, начин болцгоож үндэсний бөх сонирхогч, уламжлал,ёс төрөө дээдэлдэг Монгол түмний бахархал боллоо.
Жил болгон зохион байгуулагдахаар болж байгаа “Даншиг наадам”-ын хүчит бөхийн барилдааны зохион байгуулалт иргэдэд нэлээд таалагджээ. Жил бүрийн үндэсний их баяр наадам, цагаан сарын барилдааны дархаа тэр бөх найраанд оржээ, нутаг нугийнхаа бөхийг амлаж улсын цолтон болгочих шиг боллоо, хэдэн төгрөг авсан бол гэх яриа хаа сайгүй тэнэж, нутаг усаараа ялгаран тэмцэлдэх, хэрүүл маргаан хийх үзэгдэл нэг хэсэгтээ тасрахаа байдаг байв.
Харин энэ жилийн хувьд “Даншиг наадам–Хүрээ цам- 2015”-ын хүчит бөхийн барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол харгалзахгүйгээр, бүртгүүлсэн дарааллаараа сугалаадуулж, хүчийг үзэн барилдав. Үүний ачаар тэр бүр тохиож хараад байхгүй олон сонирхолтой барилдаанууд болсон бөгөөд наадамчин олон ч найраагүй наадам үзэж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. Харин цолоор биш сугалаагаар барилдаж байгаагаа мартсан уу С.Мөнхбат нарын ганц хоёр бөх учраа бөхөө унахад нь тахимыг нь авч, гараа давуулж харагдсаныг олон нийт төдийлөн сайшаасангүй.
-ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ НЬ Н.БАТСУУРЬ Б.ПҮРЭВСАЙХАНТАЙ ОНООЛТ ТААРАВ-
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр түрүүлсэн бөхөд Даншгийн Арслан, үзүүрлэсэн бөхөд Даншгийн Заан, зургаа давсан бөхөд Даншгийн чимэгтэй Начин, тав давсан бөхөд Даншгийн Начин цолыг тус тус олгохоор болсон юм. Уг барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр тэргүүтэй өндөр цолтой хүчтэнүүд зодоглосон ч тэдэнд энэ удаа цолоороо “далайлган” ам авах боломж байсангүй. Улмаар яалт ч үгүй оноолтоор таарсан учраа бөхчүүддээ өвдөг шороодсон юм. Тодруулбал Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгс тавын даваанд Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх О.Хангайд өвдөг шороодлоо. Ингэснээр О.Хангай даншгийн начин цолны болзол хангасан. Мөн Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат С.Мөнхбатыг Булган аймгийн Могод сумын харьяат Э.Энхбат илүүрхэн хаяснаар даншгийн начин цолны болзол хангасан юм.
Харин хамгийн сонирхолтой нь өнгөрсөн өдрүүдэд бөхийн ёс жудаггүй, “зодоонч бөх” хэмээн олон нийтээр бишгүйдээ цоллуулсан Н.Батсуурь хоёрын даваанд Б.Пүрэвсайхантай учраагаар таарч өвдөг шороодсон явдал байлаа. Энэ хоёр бөх саяхан болж өнгөрсөн Увс аймгийн 90 жилийн ойн барилдаанд барилдахдаа үл ойлголцож, улмаар Н.Батсуурь Б.Пүрэвсайханыг бараг л зодож цохьсон болчимгүй үйлдэл гаргаж байсан юм. Энэ таагүй үйл явдлын дараа Даншиг наадамд ийнхүү сугалаагаар таарчихна чинээ хоёулаа санаагүй биз. Амаар барилдах байсан бол Н.Батсуурь хэзээ ч Б.Пүрэвсайханыг амлахгүй байсан биз хэмээх бөх сонирхогчид ч олон байна билээ.
-ДАНШГИЙН ХАМГИЙН АЗГҮЙ БӨХӨӨР Ц. СОДНОМДОРЖИЙГ НЭРЛЭЖ БАЙНА-
Ингээд хүч үзэн, цолгүйгээр ана мана үзэлцсэн барилдааны шөвгийн дөрөвт 3авхан аймгийн Их-Уул сумын харъяат Б.Гончигдамба, Архангай аймгийн Булган сумын уугуул Р.Пүрэвдагва, Булган аймгийн Могод сумын харьяат Э.Энхбат, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Ц.Содномдорж нар зургаа давж шөвгийн дөрөвт үлдсэн. Улмаар Б.Пүрэвсайхан Ц.Содномдоржид өвдөг шороодов. Энэхүү барилдаан бас л нэлээд маргаан дагуулаад амжив. Учир нь Ц.Содномдорж Б.Пүрэвсайханыг унагаад, босохдоо дээр нь хүчтэй дараад босчихсон. Мөн Б.Гончигдамба Д.Амарсайханаар, Р.Пүрэвдагва Бо.Батжаргалаар, Э.Энхбат О.Хангайгаар зургаа давж Даншигийн өсөх идэр начин цолны болзол хангасан юм.
Ингээд шөвгийн дөрөвт Ц.Содномдорж Р.Пүрэвдагвад унаж, Б.Гончигдамба Э.Энхбатаар давав. Улмаар даншигийн заан цолны болзол хангасан Б.Гончигдамба, Р.Пүрэвдагва нар үзүүр түрүүнд үлдсэн юм. Б.Гончигдамба Р.Пүрэвдагваас барьцаар илүү байсан бөгөөд барьцаа ашиглан шахахад нь Б.Пүрэвдагва хариуд нь тонгорч давснаар 21-р зууны анхны даншиг наадамд найм даван түрүүлж, Даншигийн арслан цол хүртсэн юм.
Наадамчин олон энэхүү даншгийн хамгийн азгүй бөхөөр Ц.Содномдоржийг нэрлэж байна. Учир нь тэрбээр энэ жилийн үндэсний их баяр наадмын барилдаан болон Даншиг наадмын түрүү бөхчүүдтэй оноолт таарч, хоёуланд нь өвдөг шороодсон бөх болжээ.
Б.ЦЭЛМЭГ
Сэтгэгдэл