Барилгын зөвшөөрөл олгох гарын үсэг 3.5 дахин багасна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ танилцуулсан юм.
Хуулийн төсөлд барилга байгууламжийг төвөгшлөөс нь шалтгаалан таван ангилалд хуваасан бөгөөд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, тухайн барилга байгууламжийн барилгын ажилд зөвшөөрөл олгох асуудлыг ангиллалтай холбож өгсөн. Барилгын үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн байх бөгөөд бүртгэлийг цахим хэлбэрээр гүйцэтгэж нийтэд нээлттэй байлгахаар зохицуулжээ.
Мөн хуулийн төсөлд хүнд суртлыг зогсоох зорилгоор барилгын ажлын зөвшөөрөл олгох процессыг хуульд нарийвчлан зохицуулсан бөгөөд тодорхой хугацаа тогтоож өгсөн болно. Төсөлд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах, барилгын ашиглалтад хяналт тавих үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Хууль батлагдсанаар барилгын салбарын эрх зүйн орчинд тодорхой ахиц гарах бөгөөд барилгын ажлын зөвшөөрөл олгох процессыг хуульд нарийвчлан зохицуулснаар барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хугацаа одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуультай харьцуулбал бараг 9 дахин, гарын үсгийн тоог 3.5 дахин багасгасан нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх нэг алхам болно гэж хууль санаачлагч үзэж байгаа юм байна.
Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалтуудыг хүргэж байна.
8 дугаар зүйл. Барилгын салбарын даатгал
8.2. Барилгын үйл ажиллагаанд оролцогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирч болзошгүй хохирлыг даатгуулна. Даатгалыг захиалагч, гүйцэтгэгч урьдчилан тохиролцон барилгын ажил гүйцэтгэх гэрээнд тусгана.
8.3. Энэ хуулийн 44.3.2, 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулна.
8.4. Барилгын ажлын гүйцэтгэгч нь тухайн барилга байгууламж дээр ажиллах ажилтнуудыг амь насны даатгалд хамруулна.
11 дүгээр зүйл. Барилгын үйл ажиллагааны зарчим
11.1.1. механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд аюул учруулахгүй, бат бөх тогтвортой байх;
11.1.2. галын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн ашиглалтын явцад галын аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулаас хамгаалах, хор хөнөөлийг хязгаарлах нөхцөлийг зураг төсөлд тусгах;
11.1.3. хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх;
11.1.4. хүний аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж физик, хими, биологи, цацраг, өндөр хэлбэлзлийн долгионы болон бусад хортой бодисын нөлөөллөөс хамгаалагдсан байхаар төлөвлөгдөн баригдсан байх;
11.1.5. барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, галд тэсвэртэй, цахилгаан хангамж, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байхаар төлөвлөгдөн баригдсан байх;
11.1.6. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах; барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан байхаар төлөвлөгдөн баригдсан байх;
11.1.7. барилгын үйл ажиллагаанд ногоон хөгжлийн бодлого, ногоон барилгын шаардлагыг хэрэгжүүлэх: дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, цахилгаан, дулаан, уур, усны эх үүсвэрийг үр ашигтай төлөвлөх.
12 дугаар зүйл. Барилгын зураг төсөлд тавигдах шаардлага
12.1.1. эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх;
12.1.2. эрчим хүч, усан хангамж, ариутгах татуурга, харилцаа холбооны систем нь хэмнэлт, үр ашигтай байхаар төлөвлөгдсөн, сэргээгдэх эрчим хүч, байгалийн гэрэлтүүлэг ашиглах боломжийг хязгаарлахгүй байх;
12.1.3. барилга байгууламжаас хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх дуу чимээ, доргио, утаа, хорт хий, өндөр үелзлэл, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдол зэргээс хамгаалагдсан байх;
12.1.4. нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх;
12.1.5. хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, байгалийн гамшиг, ослын үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх;
12.1.6. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, техникийн шаардлагыг хангасан байх;
12.1.7. барилгын ажилд аюулгүй ажиллагааг хангах хөдөлмөр зохион байгуулалтын зураг боловсруулсан байх;
12.1.8. орчны архитектур төлөвлөлттэй уялдуулж барилгын нүүр тал /фасад/, дээвэр, тагтны хашлага, хаалтыг төлөвлөж байх.
20 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох
20.1. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэнэ.
20.2. Цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр, 60 метрээс дээш алгасалтай байгууламж, 16-аас дээш давхартай барилга, ус, дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг зөвхөн тухайн барилга байгууламжийн хувьд олгоно.
20.5. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгоно.
20.6. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 20.5-д заасан хугацаагаар сунгаж болно.
20.7. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан барилгын ажлын зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлнэ.
20.8. Дараахь тохиолдолд барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагын дүгнэлтийг үндэслэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ:
20.8.2. тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг 3 жил дараалан эрхлээгүй;
20.10. Энэ хуулийн 20.2-т заасан барилга байгууламжийн зураг төслийг давтан хэрэглэхэд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авахгүй.
30 дугаар зүйл. Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа
30.1. Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан хугацаагаар олгоно. Хугацааг барилгын ажил эхлүүлэхээр заасан өдрөөс эхлэн тооцно.
30.2. Барилгын ажил энэ хуулийн 30.1-д заасан хугацаанд дуусаагүй бол захиалагч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг энэ хуулийн 27.1-д заасан байгууллагад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэх бодит хугацааг тусгасан төлөвлөгөөг хавсаргана.
30.3. Энэ хуулийн 27.1-д заасан байгууллага энэ хуулийн 30.2-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан асуудлыг шийдвэрлэж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулна.
30.4. Энэ хуулийн 30.2-т заасны дагуу хүсэлт гаргаагүй, барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа дууссан бол энэ хуулийн 27.2, 28.2-т заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг шинээр авна.
50 дугаар зүйл. Хариуцлага
50.1. Барилгын хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын холбогдох улсын байцаагч доор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
50.1.1. энэ хуулийн 6.2, 6.10, 16.1, 40.4, 40.5, 41.1, 42.3, 43.1, 48.2, 48.3, 50.3, 52.2, 52.4-т заасныг зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг хураах;
50.1.2. энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй, мөн хуулийн 27.2, 27.3, 27.4, 27.6-д заасныг зөрчиж барилгын ажлыг эхлүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
50.1.3. барилгын ажлын явцад төсөлд заасан тухайн барилга байгууламжийн барилгын ажлын талбайн хэмжээ, хил хязгаар, зураг төсөл, барилга архитектурын эх загвар /эскиз/ зураг, барилгын материалыг дур мэдэн өөрчилсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
50.1.4. барилгын ажлын явцад болон ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж, торгууль оногдуулах;
50.1.5. энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл аваагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан барилгын салбарын нэгдсэн санд бүртгүүлээгүй барилгын үйл ажиллагаа эрхэлсэн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
50.1.6. энэ хуулийн 17.1.4, 38.1.1, 38.1.2, 38.1.3, 38.1.4, 38.1.5, 38.1.6, 38.1.7, 38.1.8, 38.1.17, 38.4, 38.5, 38.6, 38.8, 51.1, 51.3-т заасан үүргээ биелүүлээгүй барилгын ажлын захиалагчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
50.1.7. энэ хуулийн 15.1, 17.1.4, 39.1, 39.4-т заасан үүргээ биелүүлээгүй зураг төсөл зохиогчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
50.1.8. энэ хуулийн 10.4, 17.1.4, 17.3, 17.6, 19.1, 40.1, 40.3-т заасан үүргээ биелүүлээгүй барилгын ажил гүйцэтгэгчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр барилгын хяналтын улсын байцаагч торгох;
50.1.9. энэ хуулийн 50.1, 50.4-т заасан үүргээ биелүүлээгүй барилга байгууламжийг ашиглагч, эзэмшигчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр барилгын техникийн хяналтын улсын байцаагч торгох;
50.1.10. энэ хуулийн 46 дугаар зүйлд заасныг зөрчсөн гадаадын иргэн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр барилгын техникийн хяналтын улсын байцаагч торгох.
50.3. Барилгын хууль тогтоомж зөрчигчдөд торгууль ногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
50.4. Энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг нь шүүгч хүчингүй болгон, бусдад учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлнэ.
Ж.МАРАЛ
Сэтгэгдэл